ЭМЯ: ХӨСҮТ-д 13 хүнийг тусгаарлаад байна

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

ЭМЯ: ХӨСҮТ-д 13 хүнийг тусгаарлаад байна

ЭМЯ: ХӨСҮТ-д 13 хүнийг тусгаарлаад байна

Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй гэж Эрүүл мэндийн яамнаас дахин мэдээлэв. Тус газраас өнөөдөр /2020.01.29/ Монгол Улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээллийг үгүйсгэж, ташаа болохыг залруулсан юм. Австралийн талаас өгсөн мэдээллээр Монгол Улсын иргэн коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсон байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 13 хүнийг тусгаарлаж, 14 хүний онош үгүйсгэгдсэн байна. БНХАУ-аас улсын хилээр орж ирсэн халуурсан шинж тэмдэгтэй 29 зорчигчийг тусгаарлан, лабораторийн шинжилгээ хийснээс 14 хүний онош сөрөг гарчээ. Тухайлбал, Хонгконг болон Архангай, Ховд, Хэнтий, "Дэрэн" хөлбөмбөгийн клубын хүүхдүүд болон Бээжингээс ирсэн зорчигчдоос коронавирусийн шинж тэмдэг илрээгүй байна. Одоогоор шинжилгээ нь үргэлжилж буй 18 хүн байгаа аж.

Өнөөдрийн байдлаар /2020.01.28/ улсын хилээр зургаан аймгийн найман хилийн боомтоор нийт 1966 Монгол Улсын иргэн нэвтэрчээ. Холбогдох журмын дагуу тандалт хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Иргэдийн дунд томуу, томуу төст өвчний улмаас амьсгалын замын өвчлөл нь ихэнхдээ уушгины хатгалгаагаар хүндэрдэг болохыг ЭМЯ-наас тодотгов. Энэ нь эрс тэс цаг уур амьсгалтай, агаарын бохирдолтой холбоотой аж. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгт амьсгалын замын өвчлөл 16.2 хувийг эзэлж байна.

Монголд коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч хүн амын дунд түгшүүртэй байдал үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица мэдээлэл өглөө. Түүний хэлснээр БНХАУ-ын ЭМЯ-наас авсан мэдээллээр өвчилсөн хүний тоо 5974, нас барсан хүний тоо 132, сэжигтэй тохиолдлын тоо 9239-д хүрчээ. БНХАУ-аас бусад 16 улсад коронавирусийн батлагдсан 56 тохиолдол бүртгэгдсэн. Мөн 976 хүн сэхээн амьдруулах тасагт, бүрэн эдгэрсэн 193 хүн эмнэлгээс гарчээ.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНЭЭС КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч СЕРГЕЙ ДИОРДИЦА: 

-2020 оны нэгдүгээр сарын 28-нд ДЭМБ-ын удирдах албаныхан БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, коронавирусийн эсрэг авах зарим арга хэмжээнүүдийн талаар ярилцсан. БНХАУ-д коронавирусийн дэгдэлт эхэлснээс хойш ДЭМБ-аас дэгдэлт өндөр гэж үнэлсэн, Халдварын тархалтыг бууруулах, биологийн сорьцуудыг ДЭМБ-д өгөхөөр тохиролцлоо. Өнөөдрийн байдлаар ДЭМБ-ын дөрвөн бүсийн 14 улсад коронавирусийн 56 тохиолдол батлагдаад байна. Эдгээр тохиолдлын 43 нь Үхань мужид аялсан өгүүлэмжтэй. БНХАУ-аас бусад улс оронд дэгдэлт хэлбэрээр байгаа юм.

Тархалзүйн мэдээллээс харахад коронавирусээр өвчилсөн хүмүүсийн дийлэнх хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Мөн архаг хууч өвчтэй хүмүүс байгаа юм. Нас баралт 2.3 хувьтай байгаа нь 2003 онд дэлхий нийтэд тархсан САРС-ын дэгдэлттэй харьцуулахад харьцангуй бага байна. САРС-ын дэгдэлтийн үеэр нас баралт 6-8 хувьтай байсан. Коронавирусээр халдварласан хүмүүсийн хувьд ихэнх нь хөнгөн, нийт тохиолдлын 20 хувь нь хатгалгаагаар хүндрэх хандлагатай байна. Хэрэв ханиалгах, халуурах, амьсгал давхацсан шинж илэрвэл эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Энэ нь иргэний үүргээ биелүүлж буй хэрэг юм. Мөн улс орондоо халдварын тархалтыг хязгаарлах чухал арга хэмжээ болно.

Мэдээлэл бүрхэг байгаа өнөөгийн нөхцөл байдалд олон нийтийн дунд санаа зовсон байдал үүсдэг учраас ЭМЯ, ДЭМБ-ын мэдээллийг л дамжуулж байхыг хэвлэл мэдээллийнхнээс хүсье. Залруулга хийхэд нэгдүгээр сарын 28-нд Австралийн талаас Монгол Улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл өгч, гурван цагийн дараа үгүйсгэгдсэн. Тиймээс Монгол Улсын иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй” гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж