Манчестер Юнайтед багийн дэмжигч фэнүүд багийн дэд ерөнхийлөгч Эд Вудвардын гэрт халдлага үйлджээ. Багийнхаа одоо байгаа нөхцөл байдал болон багийн удирдлагуудын зүгээс гаргаж буй шийдвэрт уурссан дэмжигч фэнүүд түүний гэрийн хаалганы үүдэнд түймэр тавин, “Чи удахгүй үхнэ” хэмээн дуулцгааж, бичлэгээ сошиал ертөнцөд цацсан аж.
Эд Вудвард нь гэрлэсэн, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хэрэг гарах үед гэртээ байхгүй байжээ. Манчестер Юнайтед баг энэ хэрэг холбогдуулан нэгэн мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд “Багийн фэнүүд үзэл бодлоо илэрхийлэх нь нэг хэрэг, харин хүний амь насанд заналхийлэн, гэмт хэрэг үйлдэж, хор хөнөөл учруулах нь өөр хэрэг. Багийн зүгээс энэ тал дээр өршөөл үзүүлэхгүй. Бид тус хэрэгт оролцсон дэмжигч фэнүүдийн бүх насаар нь тоглолт үзэх эрхийг нь хасах болно” хэмээжээ.
Манчестер Юнайтед баг нь одоогийн байдлаар Английн Премьер лигтээ тавдугаар байрт 34 оноотой тэргүүлэгч Ливерпул багаас даруй 33 онооны ард байна. Тэд өнгөрсөн Ням гариг (2020.01.26)-т ФА капын хүрээнд Трэйнмере багийн талбайд зочлон тоглож, 6-0 гэсэн харьцаатай ялалт байгуулсан боловч тус багийн дэмжигч фэнүүд Эд Вудвард болон багийн эзэд болох Глэзерийн гэр бүлийг багийг орхин явахыг шаардсан дуу дуулж байсан ажээ.
Өдгөө 48 настай, банкны эдийн засагч мэргэжилтэй Эд Вудвард анх 2005 онд Глэзерийн гэр бүлийн зөвлөсний дагуу Манчестер Юнайтедийн багт санхүүгийн төлөвлөгөө зохион байгуулах ажилд оржээ.
Холбоотой мэдээ