Арлын Японы мэргэжлийн сүмогийн ертөнцийн хүчирхэг бөхчүүдийн нэг озеки Гоэйдо Готаро албан ёсоор зодог тайлах хүсэлтээ Японы сүмо бөхийн холбоонд өргөн барилаа.
Тэрбээр өнгөрсөн жилийн намар бэртэл авснаасаа хойш олигтой амжилт үзүүлж чадалгүй хацү башёг таван даваатай өндөрлүүлж, озеки цолоо алдсан юм. Үүнийг нь бэртэл гэмтэлтэй холбоотой хэмээн эмч нь мэдэгдсэн учир сүмо бөхийн холбоо түүний хүсэлтийг зөвшөөрсөн байна. Гоэйдо Готаро ийнхүү зүүн хөлийн шагайны бэртлийн улмаас 33 насандаа их спортоо орхиж байна.
Сүмогийн замналдаа тэрбээр 696 удаа ялалт байгуулж, 493 удаа ялагдаж, 66 удаа өнжиж байв. Мөн тэрбээр 2016 оны намрын башёд 15 даваатай ганц ч унаагүй түрүүлж, түүхэн амжилт гаргаж, Эзэн хааны цом хүртсэн билээ. Учир нь 2006-2016 он хүртэл 10 жилийн хугацаанд ганц ч удаа япон бөх түрүүлээгүй байсан юм. Ямартай ч Гоэйдо Готаро зодог тайлсныхаа дараа Сакайгава дэвжээнд багш дасгалжуулагчаар ажиллах аж.