Тойм: Коронавирусийн халдварын шинжтэй гэх 14 хүний онош сөрөг гарав

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

Тойм: Коронавирусийн халдварын шинжтэй гэх 14 хүний онош сөрөг гарав

Тойм: Коронавирусийн халдварын шинжтэй гэх 14 хүний онош сөрөг гарав

БНХАУ-ын Үхань хотод анх бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусийн тархалт хүрээгээ тэлсээр байна. Өнөөдөр /2020.01.29/ 09:00 цагийн байдлаар АНУ, Франц, Балба, Тайланд, Вьетнам, Малайз, Сингапур, Австрали, Макао, Хонгконг, Тайвань, Герман, Шри Ланк, Камбож, Канад, Өмнөд Солонгос, Япон, Хятад зэрэг дэлхийн 18 улсад сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо өнөөдрийн байдлаар 5974 болж, нас барагсдын тоо 131-т хүрч нэмэгдсэн байна. Энэ нь нэг хоногийн дотор халдвар авсан хүний тоо 1459-өөр, нас барсан хүний тоо 25-аар нэмэгдсэн гэсэн үг юм. Ямартай ч өнөөдрийн байдлаар Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 13 хүнийг тусгаарлаж, 14 хүний онош үгүйсгэгдсэн байна. БНХАУ-аас улсын хилээр орж ирсэн халуурсан шинж тэмдэгтэй 29 зорчигчийг тусгаарлан, лабораторийн шинжилгээ хийснээс 14 хүний онош сөрөг гарчээ.

Тухайлбал, Хонгконг болон Архангай, Ховд, Хэнтий, "Дэрэн" хөлбөмбөгийн клубын хүүхдүүд болон Бээжингээс ирсэн зорчигчдоос коронавирусийн шинж тэмдэг илрээгүй байна. Одоогоор шинжилгээ нь үргэлжилж буй 18 хүн байгаа аж.

Нэгдүгээр сарын 27-ны өдөр:

 ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ҮГҮЙСГЭГДЭВ: ХЭНТИЙ, АРХАНГАЙ, ХОНГКОНГ

 Тодруулбал, энэ сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд 14 настай охин нас барсан хэрэг гарсан. Талийгаач охин Хөх хотод сурч байсан бөгөөд коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэх мэдээлэл цацагдаад  байсан юм.  Талийгаач охин мөн өдрийн  өглөө 08.10 цагт эмнэлэгт ларингит уушгины хатгалгаа оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн байна. Харамсалтай нь, өнөө орой 16:50 цагт нас барсан тул сорьц авч, ХӨСҮТ рүү илгээсэн байна.

Сорьцын хариу өчигдөр /2020.01.28/ орой  гарсан бөгөөд шинжилгээгээр томуугийн А хүрээний Н1N1 вирус илэрчээ.

"Талийгаачийг коронавирусийн  халдвараар амиа алдсан байж болзошгүй гэж үзэн, нарийвчилсан шинжилгээ хийхэд хариу нь уушгины хатгалгаа гэж гарсан” гэж ЭМЯ-ны албаны Нийгмийн эрүүл мэндийн Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдэгдсэн.

АРХАНГАЙ АЙМАГ

Архангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй учраас  27-ны өдөр тус аймгийн Онцгой комисс хуралдсан  билээ. Тодруулбал, тус аймагт 46 настай эмэгтэй саяхан гадаад улсад зорчиж ирсэн бөгөөд шинэ коронавирусийн халдварынх байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн. Тэгвэл  ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар  “Архангай болон Ховд аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч үгүйсгэгдсэн. Халуурсан, уушгины хатгалгаа туссан, хатгалгааны улмаас нас барсан тохиолдлыг шалгаж байгаа” гэлээ.

ХОНГКОНГООС ИРСЭН ХОЁР ОЮУТАН

Мөн 27-ны өдрийн орой 20.00 цагт Хонгконгоос Чингис хаан нисэх буудалд буусан онгоцонд өндөр халуурсан иргэн байна гэсэн мэдээллийн дагуу иргэнийг Эрүүл мэндийн яамнаас тусгаарлах талаар мэдээлсэн билээ. Албаныхан тухайн иргэнийг тусгаарлан, үзлэг шалгалт хийхэд Монгол Улсын хоёр иргэн өндөр халуурсан болох нь тогтоогдож, ХӨСҮТ-д нарийвчилсан шинжилгээ хийхээр авч явсан юм. Шинжилгээний хариу үгүйсгэгдэж гарсан байна. 

Урьдчилсан байдлаар, халуурсан иргэд Тайвань улсад сурдаг оюутнууд гэх мэдээлэл байна. Хоёр иргэний хувь тус улсад 2019 оны есдүгээр сарын 2-ны өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын 24-нийг хүртэлх хугацаанд суралцаж байгаад Монголд ирсэн аж.

Хонгконгоос Улаанбаатарыг чиглэх онгоцонд дээрх өндөр халуурсан Монгол Улсын хоёр иргэний хамт 148 иргэн зорчиж явсан байна. Зорчигчдын биеийн байдлыг Хилийн мэргэжлийн хяналтынхан шалгаж, үзлэг шинжилгээ хийсний дагуу биеийн байдал хэвийн тул хилээр нэвтрүүлжээ. 

Нэгдүгээр сарын 28-ны өдөр:

АВСТРАЛИД ОЧСОН МОНГОЛ ИРГЭН КОРОНАВИРУСЭЭР ХАЛДВАР АВСАН VS АВААГҮЙ

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар

Эрүүл мэндийн яамнаас  өчигдөр /2020.01.28/ Австралид очсон монгол иргэн шинэ төрлийн коронавирусээр халдварласан болох нь тогтоогдсоныг зарласан. Тодруулбал,  2020 оны нэгдүгээр сарын 19-нд Австралийн Мельбурнд очсон монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн. Коронавирусийн халдвар илэрсэн иргэн нь 34 настай, эрэгтэй. Тус хотод очсон шөнөөсөө халуурсан бөгөөд эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж байгаа. Шөнө төрлийн коронавирус гэдэг нь нэгдүгээр сарын 25-нд лабораторийн шинжилгээгээр баталгаажсан" гэж мэдэгдсэн.

Төд удалгүй дээрх мэдээлэл үгүйсгэгдэж яамнаас дахин мэдээлэл хийхдээ “Тухайн коронавирусийн халдвар авсан иргэн нь Монгол Улсын иргэн биш. Монгол Улсын иргэнтэй онгоцонд ойрхон явсан БНХАУ-ын иргэнээс коронавирус илэрсэн болох нь тогтоогджээ. Олон улсын эрүүл мэндийн дүрмээр нэгдүгээр хавьтал болсон бүх улсад мэдээллийн системээрээ мэдээлэл дамжуулдаг.

Коронавирус илэрсэн байж болзошгүй БНХАУ-ын иргэнтэй хамт зорчиж байсан Монгол Улсын иргэн нь нэгдүгээр сарын 25-нд Улаанбаатарт ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д тусгаарлагдан, шинжилгээ өгч байгаа” гэж мэдээлсэн юм. 

ХОНКОНГИЙН ОНГОЦООР ДАХИН  ӨНДӨР ХАЛУУРСАН ХОЁР ХҮН ИРЭВ

Мөн өдрийн орой Хонконгоос Улаанбаатар чиглэлийн онгоцоор өндөр халуурсан хоёр  хүн ирсэн байна. Тус өвчтөнийг зорчигчдоос тусгаарласан байдалтай авчирсан гэнэ. Мөн тус өвчтөн нь БНХАУ-д сурдаг 24 настай иргэн ажээ. Түүнээс гадна зорчигчид дундаас дахин нэг иргэн халуурсан тул тус онгоцыг битүүмжлэн, ХӨСҮТ-ийн баг үзлэг хийсэн юм. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлж буйгаар тус зорчигчийг эмч нарын баг хүлээж аван, шинжилгээ авсан  бөгөөд хариу нь 24-48 цагийн дараа гарах аж.


Ингээд энэ долоо хоногт төрөөс коронавирусийн эсрэг гаргасан зарим шийдвэрийг хүргэе.

ҮХАНЬ ХОТОД БАЙГАА ОЮУТНУУДАА АВЧРАХАД БЭЛЭН 

Засгийн газар өнгөрсөн Ням гаригт ээлжит бусаар хуралдаж, БНХАУ-ын Үхань хотод байгаа Монгол Улсын 32 оюутнуудаа авч ирэх боломжийг судалж, БНХАУ-ын талтай холбогдохоор болсон  билээ. Монгол оюутнуудыг  эх оронд нь шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг Гадаад харилцааны яам Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хятадын Гадаад хэргийн яаманд ноот бичгээр хүргүүлсэн байна.Үхань хотоос иргэдээ шилжүүлэн авах хүсэлтээ Америк, Франц, Япон, Өмнөд Солонгос зэрэг арав гаруй улс Хятадын Засгийн газарт мөн хүргүүлээд байгаа аж.

БНХАУ-ын Засгийн газар Үхань хотоос гадаадын иргэн нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, шилжүүлэн өгөх иргэдээр дамжин өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор аюулгүй байдлын бүхий л нөхцөлийг хангасны дараагаар зөвшөөрөл өгөхөө илэрхийлсэн байна. 

Гадаад харилцааны яам иргэдээ ойрын хугацаанд шилжүүлэн авахаар  ажиллаж байгаа бөгөөд “МИАТ” ТӨХК Үхань хот руу тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлийг бүрэн хангаад байгаа юм. Дээрх оюутнуудыг нутагтаа ирсэн дариуд ХӨСҮТ-д тодорхой хугацаанд тусгаарлан хяналтад байлгах ажлыг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулахаар төлөвлөж байна.

ШИНЭ КОРОНАВИРУСИЙН 200 ОНОШЛУУР ИРЭВ

Шинэ коронавирусийн 200 оношлуур Японы Халдварт, өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс мягмар гаригт  ирсэн билээ.  Нэг оношлуурыг нэг удаа л ашиглах бөгөөд дээрх оношлуурыг зөвхөн ХӨСҮТ-д ашиглах юм. Ингэхдээ ямар ч өвчний үед оношийн баталгаажилтыг эцэслэхэд ганцхан лабораторийн шинжилгээгээр хийдэггүй. Олон улсын итгэмжлэгдсэн лабораторид өгч байж, эцсийн оношийг баталгаажуулдаг байна. Тэр дүрмээ дагаж ццсийн оношийг Японы тал гаргах аж.

КИНОТЕАТРУУДЫГ ХААЖ, БААР РЕСТОРАНЫ ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан  Даваа /2020.01.27/  гаригт “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан. Захирамжид “Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад тус тус үүрэг болгосугай” гэжээ.

Мөн олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, урлаг, соёл, кинотеар, жолооны курс, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох, 04:00 цаг хүртэл ажилладаг ресторан, баар, кафег 00:00 цаг хүртэл ажиллуулах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар дагуулж явах, үйлчлүүлэх, үйлчлэхийг хориглох, энэ талаар иргэн, хуулийн этгээдэд мэдээлэх, сурталчлах, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж