Коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо өнөөдрийн байдлаар /2020.01.29/ 5974 болж, нас барагсдын тоо 131-т хүрч нэмэгдсэн байна. Энэ нь нэг хоногийн дотор халдвар авсан хүний тоо 1459-өөр, нас барсан хүний тоо 25-аар нэмэгдсэн гэсэн үг юм. Түүнчлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсээс 228 нь биеийн байдал нь хүнд байгаа бол сэжигтэй тохиолдол 7000 орчим байгаа аж.
Шинээр Колумб улс, Түвдэд вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Малайз, Герман улсуудад халдвар авсан хүний тоо тус бүр гурваар нэмэгдэж, дөрөв болжээ. Хонгконгийн эрх баригчид халдвараас сэргийлэхийн тулд хилээ хаах арга хэмжээ авсан байна.
Мөн халдварын голомт болсон Үхань хотод байгаа иргэдээ эх оронд нь авчрахаар Америк, БНСУ, Япон, Монгол зэрэг орнууд ажиллаж байгаа билээ. Өнөөдөр өглөө Японы 200 орчим иргэнийг тээвэрлэсэн “Boeing 767” нисэх онгоц Токио хотын “Ханэда” нисэх буудалд газарджээ. Японы засгийн газар хэд хэдэн онгоц дахин илгээхээр төлөвлөж буй ба тус хотоос эх орондоо эргэн очих хүсэлт гаргасан 650 орчим япон иргэн байгаа аж.
Эмнэлгийн ажилтнууд зорчигчдын биеийн байдлыг хянаж, халдварын шинж тэмдэг илэрсэн зорчигчдыг тусгаарлаж, халдварын эмнэлэгт хэвтүүлэх юм байна. Харин шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг өөр эмнэлэгт хүргэж, шаардлагатай шинжилгээнүүдийг авахаар болжээ. БНСУ Пүрэв, Баасан гаригт Үхань руу тусгай үүргийн нислэг үйлдэх төлөвтэй байна.
АНУ-ын дипломат ажилтнууд болон тэдний гэр бүлийнхэн гэх мэт 240 хүнтэй онгоц Үхань хотоос хөөрчээ. Онгоц замдаа Аляскад газардан шатахуун хийгээд, өнөөдөр Лос Анжелест газардах юм байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ