&#34Төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж&#34 хэлэлцүүлэг болов

Хуучирсан мэдээ: 2015.10.21-нд нийтлэгдсэн

&#34Төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж&#34 хэлэлцүүлэг болов

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, “Монголын Усны түншлэл” төрийн бус байгууллага хамтран өнөөдөр /2015.10.21/ “Усны засаглал, институцийг бэхжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав.

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд тус хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхийнхээ хүрээнд Байнгын хороо усны салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилтэд дүгнэлт хийж, тулгамдаж буй асуудлуудын талаар салбарын мэргэжилтнүүд, судлаачид, эрдэмтдийн саналыг сонсох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцахаар “Усны засаглал, институцийг бэхжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж” хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа болохыг тэмдэглэн хэллээ. Монгол Улсын Их Хурал усны салбарт эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч, 2010 онд “Ус” үндэсний хөтөлбөр, 2011 Хот суурины усан хангамж, ариутгах татварын ашиглалтын тухай хууль, 2012 онд Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг баталсан. Гэсэн ч усны салбарын үйл ажиллагаа суларч, усны менежментэд дорвитой ахиц дэвшил гарахгүй, ус хангамжийн түвшин доогуур, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн асуудал тулгамдан, боловсон хүчин, хүний нөөцийн хомсдол үүсч байгааг тэрээр онцлоод усны засаглал, институцийг зохистой, хүртээмжтэй, үр дүнтэй болгох, сав газрын усны менежментийг хөгжүүлж, усны салбарын удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгоход өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчид тодорхой хувь нэмэр оруулна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, “Монголын Усны түншлэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Батцогт тус арга хэмжээний үеэр үг хэлсэн юм. Тэрээр “Монголын Усны түншлэл ТББ 2013 онд байгуулагдаад төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын түншлэлийн хүрээнд салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, засаглалыг сайжруулах чиглэлээр олон үйл ажиллагаа явуулж ирсэн. Усны асуудал бүх салбарт хамааралтай байдаг. Монгол Улс Усны яамтай байснаа татан буулгаж агентлаг болгосон. Үүнийгээ Усны Үндэсний хороо болгосон ч одоо бүтцийн өөрчлөлт хийх талаар яригдан, сав газрын захиргаадыг татан буулгах асуудал яригдаж байгаа. Энэ бүхнээс харахад бид хүрсэн түвшнээсээ ухрах хэмжээнд байгаа нь туйлын хариуцлагагүй. Улсын төсөв хүнд нэрийдлээр энэ салбарыг орхиж болохгүй, салбар дунд гээгдээд байгаа байдлыг цэгцэлж, засаглалын асуудлыг тодорхой болгоход анхаарал хандуулах шаардлага бий. Үүнийг шууд ажил хэрэг болгох аргагүй, гэхдээ энэ удаагийн хэлэлцүүлэг тодорхой хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Хэлэлцүүлгээс гарах санал, зөвлөмж, дүгнэлтийг холбогдох байгууллагад хүргүүлэх байх. Улсын Их Хурал ч энэ асуудалд анхаарч ажиллах нь лавтай” гэлээ.

Үүний дараа Байгаль, орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Мөнх-Эрдэм “Усны нөөц ашигласны, ус бохирдуулсаны, усны үйлчилгээний орлогыг төвлөрүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлж, усны менежментийг хөгжүүлэх нь” сэдвээр илтгэл танилцууллаа. Монгол Улсын усны үйлчилгээний төлбөр бусад оронтой харьцуулахад дундаж үзүүлэлттэй. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын тухай хууль батлагдсантай холбоотойгоор Монгол Улсын хэмжээнд 2012 оноос хойш ус ашигласны төлбөрийн хэмжээ эрс нэмэгджээ. Тухайлбал, 2014 онд улсын хэмжээгээр усны нөөц ашигласны төлбөрөөс 38 тэрбум төгрөг, харин 2015 оны 08 дугаар сарын байдлаар 38 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Цаашид энэ хэмжээ 60 орчим тэрбум төгрөгт хүрэх тооцоог мэргэжлийн байгууллагууд гаргажээ.

Өнөөдрийн байдлаар усны нөөц ашигласны төлбөрийн орлого Засгийн газрын 2014 оны 43 тоот тогтоолоор 55-аас доошгүй хувийг ус, усан орчин түүнийг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах зохицуулалт өөрчлөгдөн 35 хувиас доошгүй байхаар болсон. 2014 оны үзүүлэлт болох 38 тэрбум төгрөгийн 35 хувь болох 15.45 тэрбум төгрөгийг салбарын үйл ажиллагаа, засаглал, менежментийг сайжруулах чиглэлээр ашиглах санал бүхий тооцоллоо танилцуулав. Үүндээ сав газрын захиргаадын үйл ажиллагааг санхүүжүүлэх боломж байгааг тэмдэглэн хэллээ. Мөн “Ус” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх боломж бий хэмээн үзжээ. Ус бохирдуулсаны төлбөрөөс багагүй хэмжээний орлого төвлөрөх боломжой бөгөөд үүнийг зохицуулах асуудлыг зохих шатны байгууллагуудад хүргүүлээд байгаа гэлээ. Түүнчлэн усаар хангагч байгууллагуудын үйлчилгээ үзүүлж байгаа төлбөрийн орлого төвлөрүүлэх боломж бий бөгөөд эдийн засгийн хувьд ашигтай байх төлөвтэйг судалгаанаас харж болно гэлээ. Тиймээс усны салбарыг нэг цонхоор харвал бүтцийн хувьд санхүүжүүлэх механизм одоо мөрдөгдөж буй хууль, эрх зүйн орчны хүрээнд бүрэн байна хэмээн Байгаль, орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Мөнх-Эрдэм илтгэлийнхээ төгсгөлд дурдав.

“Монголын усны түншлэл” ТББ-ын гүйцэтгэх захирал, доктор Д.Басандорж “Усны хуулийг хэрэгжүүлэх хүрээнд салбарын бүтэц, зохион байгуулалтыг шийдэх боломж” сэдэвт илтгэл танилцуулав. Усны салбарын эрх зүйн харилцааг нийт 50 гаруй хууль, дүрэм, журам, стандартаар зохицуулдаг байна. Усны салбарын төрийн байгууллагуудын чиг үүрэг хоорондоо давхарддаг ч хамтын ажиллагаа, уялдаа холбоо хангалтгүй байдгаас салбар дундын зохицуулалт тааруу байгаа талаар тэрээр илтгэлдээ онцлоод цаашид усны институци, засаглалыг бэхжүүлэх, нэгдсэн удирдлагатай болгох зайлшгүй шаардлагатай болохыг танилцууллаа.

Илтгэлүүдтэй холбогдуулан оролцогчид асуулт асууж, харилцан ярилцав. Мөн Усны засаглал, институцийг бэхжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж сэдвийн хүрээнд санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тус арга хэмжээнд холбогдох яамд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Усны үндэсний хороо, Ус сувгийн удирдах газар, эрдэмтэн судлаачид, ТББ болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж