2020 он ширүүхэн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

2020 он ширүүхэн эхэллээ

2020 он ширүүхэн эхэллээ

Хүн төрөлхтөн нэгэн арваныг элээж дуусаад, шинэхэн арваныг угтан аваад сар ч болоогүй байна. Энэ хугацаанд дэлхийн бөмбөрцөг дээр хэд хэдэн таагүй үйл явдал тохиож, шинэ оны эхлэл ширүүхэн байлаа.

Австралийн түймэрт хагас тэрбум ан, амьтан амьдаараа хуйхлагдав

Австрали улс өнгөрсөн оны есдүгээр сараас хойш ой хээрийн түймрийн гамшигт нэрвэгдээд байгаа билээ. Тус улс шинэ оноо түймрийн гамшигтай угтсан. Дэгдсэн түймрийн улмаас хагас тэрбум амьтан үхэж үрэгдсэн талаарх мэдээ дэлхий нийтийг цочроож, хүмүүсийн анхаарал сая л Австрали улс руу чиглэв. Гал түймэр, их халалтын улмаас тус улс ган гачигт нэрвэгдэн, амьтад хоол хүнс, усны дутагдалд орж, түймрийн сэтгэл өвтгөм зургууд цахим сүлжээгээр тарсан. Ингээд олны танил эрхмүүд, улс орнууд дор бүрнээ хандив тусламж цуглуулж, Австрали улсыг байгалийн гамшигтайгаа тэмцэхэд гараа сунгасан юм. Нэг үеэ бодвол түймрийн аюул харьцангуй багассан ч хүн төрөлхтөн галын өмнө хүчин мөхөстсөн хэвээр, түймэр ассан хэвээр байна.

АНУ, Ираны хооронд дэлхийн III дайн эхлэх шахав

Австралийн түймрийн араас АНУ, Ираны хурцадмал байдал даамжирч, бараг л дэлхийн III дайн эхлэхээ шахсан. Энэ сарын 3-ны өдөр АНУ-ын арми Иракт тусгай ажиллагаа явуулж, энэ үеэр Ираны хамгийн хүндтэй хүмүүсийн нэг, тус улсын тусгай хүчний генерал Касем Сулеймани амь үрэгдсэн явдал иранчуудын цөсийг хөөргөж орхив. Хэд хоног гашуудацгаасан иранчууд удалгүй хариуг нь барьж, АНУ-ын цэргийн баазууд руу пуужин харвасан юм. Энэ хооронд АНУ-ын Ерөнхийлөгчийн толгойг авчирсан хүнд 80 сая ам.доллар амлаад амжсан. Ираны цохилтын дараагаар АНУ мэдэгдэл хийж, Ираны зүгээс дахин цохилт өгвөл тус улсын түүх, соёлын өвүүдийг бөмбөгдөнө хэмээн сүрдүүлсэн билээ.

Украины 176 хүнтэй зорчигч тээврийн онгоцыг Иран андуурч сөнөөв

АНУ, Ираны нөхцөл байдал түгшүүртэй байх зуур буюу Иран АНУ-ын цэргийн бааз руу цохилт өгснөөс ганцхан цагийн дараа нийслэл Тегеранаас 167 зорчигч, нислэгийн багийн есөн гишүүнтэй хөөрсөн “Boeing 737” онгоц нууцлаг байдлаар осолдож, ослоос нэг ч хүн амьд үлдээгүй харамсалтай мэдээ дуулдав. Эхэндээ уг онгоцыг техникийн асуудлаас болж осолдсон гэж байсан ч хожим Иран улс онгоцыг АНУ-ын пуужинтай андуурч сөнөөснөө хүлээн зөвшөөрсөн билээ. Ийнхүү 176 хүний амь үрэгдэн байж хоёр улсын байдал намжсан юм.

Ханхүү Харригийн гэр бүл ордны амьдралаас татгалзав

АНУ, Ираны асуудлын дараа болсон өөр нэг дуулиан шуугиан бол энэ дэлхий дээрх хамгийн том хаант улсын гэр бүлийн дотоодын зөрчилдөөн байв. Их Британийн ханхүү Харри болон түүний эхнэр Меган Маркл нар хатан хааны гэр бүлээс өрх тусгаарлан, цол хэргэмээсээ татгалзсан нь түүхэн гэж хэлж болох үйл явдал байлаа. Энэхүү үйл явдлыг хүмүүс өөр өөрийн өнцгөөс харж байсан бөгөөд ерөнхийдөө Африк-Америк гаралтай жүжигчин бүсгүй Их Британийн язгууртны амьдралд дасч чадаагүй учир нь ийм шийдвэр гаргалаа гэсэн хандлага давамгайлж байлаа. Тэд шийдвэрээ олны нүднээс хол байж, амар тайван, өөрсдийнхөөрөө амьдрахын тулд гаргасан хэмээн тайлбарласан юм.

Коронавирусийн халдвар

Өдгөө дэлхийн 10 гаруй орны 5000 орчим хүнд халдварлаж, 100 гаруй хүний амийг авч одсон коронавирусийн халдвар нь анх Хятадын Үхань хотод арванхоёрдугаар сарын 31-нд бүртгэгдсэн. Гэвч 10 хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр анхны өвчтөн нас барснаар сая нэг дэлхий нийт энэ аймшигт өвчин рүү анхаарлаа хандуулж эхэлсэн юм. Одоо дэлхийн улс орнууд хил гаалиа чангатгаж, иргэдээ тус улсаас татаж, Хятадын хэд хэдэн хот хөл хорио тогтоогоод байгаа билээ. Түүнчлэн энэхүү өвчний дэгдэлт тус улсын аялал жуулчлалын улиралтай давхцсанаас эдийн засагт нь хүчтэй цохилт болж байна. Өвчний тархалт маш хурдацтай байгаа болох үед л энэ өвчнийг үл тоож болохгүй гэдгийг улс орнууд ухаарлаа.

ОХУ-ын Засгийн газар огцров

Энэ сарын 15-ны орой дэлхийн бас нэг хүчирхэг гүрний талаар мэдээ дэлхийн улс төрийн амьдралд тохиож, ОХУ-ын Ерөнхий сайд асан Дмитрий Медведев тус улсын Засгийн газар огцорч буйг дэлхий нийтэд зарласан юм. Энэхүү үйл явдал нь тус улсын Ерөнхийлөгч Владимир Путины санаачилгаар Үндсэн хуулинд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн хүрээнд болсон билээ. Ингээд Холбооны татварын албаны даргаар ажиллаж байсан Михаил Мишустин Ерөнхий сайдаар томилогдов. Нэмэлт өөрчлөлтөөр Владимир Путин өөрийн хязгааргүй эрх мэдлийг насан туршдаа дархаллаа гэж дэлхий нийт дүгнэсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг Сенатад шилжүүлэв

Өөр нэг түүхэн үйл явдал бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад итгэл үзүүлэх эсэх асуудал Сенатын танхимд шилжсэн явдал байлаа. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, өрсөлдөгчдөө нөлөөлөх гэсэн хэмээн буруутгаж байгаа ба өдгөө түүний гэм буруутай эсэхийг шүүх хэлэлцүүлэг, сонсгол үргэлжилсээр байгаа юм. Ингэснээр тэрбээр гэм буруугаа Сенатаар шүүлгэж буй АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч болж байна. Буруутай нь тогтоогдвол тэрбээр албан тушаалаа алдах юм.

Сагсан бөмбөгийн домог Коби Брайант амиа алдав

Хамгийн сүүлийн дуулиан бол сагсан бөмбөгийн домогт тамирчин, “Los Angeles Lakers” багийн тоглогч байсан Коби Брайант энэ сарын 26-ны өдөр 41 насандаа нисдэг тэрэгний ослоор амиа алдсан хэрэг байв. Хамгийн харамсалтай нь тэр өөрийн залгамжлагч, 13 настай дунд охин Жианнатайгаа хамт нисч байсан. Аав, охин хоёул тэнгэрт хальсан нь сагсан бөмбөгийн спорт дэлхийн хүмүүсийн зүрх сэтгэлийг өвтгөсөн мэдээ байв.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж