Та бүхэнд АНУ-ын дипломатч асан Жефф Гүүдсон, 2009-2012 онд АНУ-аас Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсан Жонатан Аддлтон нарын бичсэн том гүрнүүдийн өрсөлдөөн болон Монгол Улсын геополитикийн асуудлын талаарх нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Монгол Улс газар зүй, хүн ам зүй, эдийн засгийн хувьд ер бусын нөхцөл байдалд байна. Далайд гарцгүй, Зүүн Азийн энэ улс хүн амын нягтаршил хамгийн бага улсуудын нэг. Газар нутгийнхаа хэмжээгээр Аляск мужтай ойролцоо Монгол Улс хойд талаараа 133 сая хүн амтай ОХУ, урд талаараа 1,4 тэрбум хүн амтай Хятад улстай хиллэдэг. Мөн дэлхийн хамгийн эрс тэс, хүйтэн цаг агаартай улсуудын нэг. Цаг агаарын нөхцөл байдал, далайд гарцгүй зэрэг нь тус улсын эдийн засагт чөдөр тушаа болдог ч дэлхийн хамгийн чанартай ноолуур, экологи, онгон байгаль, түүх соёлын онцлогт аялал жуулчлал зэргээрээ маш давуу талтай. Ганц “сул тал” нь ашигт малтмалын асар их нөөц.
Монгол Улсын хувьд Монголын эзэнт гүрний үе /1206-1368/ бол түүх, соёлын хамгийн бахархалтай цаг үе. Үүний дараа Чин гүрний эзлэн түрэмгийлэлд /1691-1911/ автаж, хожим Манжийн дарлалаас мултарч, тусгаар улсаа эргүүлэн олж авсан. 1915 оны Хиагтын гэрээгээр дахин Хятадын мэдэлд шилжсэн ч 1917 оны Октябрийн хувьсгалын дараа Орос улс Монголоос хятадуудыг хөөн гаргахад нь тусалсан юм. Ингээд ЗХУ-ын улаан арми Монголд орж ирж, 1924 онд Монголын хаант засаглал нуран унав. Энэ үед ерөнхийдөө ЗХУ Монголыг Хятадын эсрэг “бамбай” болгон ашиглаж байв.
Монгол Улс нь 1950-иад оны Хятад-Зөвлөлтийн хуваагдал хүртэл хоёр улстай аль алинтай нь сайн харилцаатай байлаа. 1968 он гэхэд зөвлөлтүүд Монголд зургаан цэргийн дивизтэй байсан бөгөөд энэ нь 1992 оны арванхоёрдугаар сар хүртэл байрлаж байсан. Оросын арми Монголоос гарснаар Монгол Улс хоёр том асуудалтай тулгарчээ. Эхний асуудал нь эдийн засгийн хувьд маш хүнд байдалд орсон явдал юм. Орос улс нь Монгол Улсын үндэсний орлогын 40 хувийг, шатахууныг 100 хувь, импортын техник хэрэгслийн 90 хувийг, өргөн хэрэглээний барааны тал хувийг бүрдүүлж байсан.
Хоёр дахь асуудал нь Монгол Улс оршин тогтнох эсэх асуудал. Энэ үед монголчууд жинхэнэ өөрсдийн хүчээр оршиж байв. Бээжин 1945 онд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн хэдий ч далдуур Монголыг өөрийн өмч шиг хардаг хэвээр байсан юм. Зарим нь Монголыг Хятадын нэг хэсэг гэж үздэг байсан бөгөөд монголчууд ч Хятадаас болгоомжилсоор байлаа. Өвөрмонгол, Түвд, Хонконг, Тайванийн түүхүүд монголчуудын хувьд сургамж болж байв. Иймээс тусгаар тогтнолоо хамгаалах нь Монгол Улсын тэргүүлэх зорилт юм.
Ингэхийн тулд Орос, Хятадтай "сайн хөрш"-ийн бодлого, бусад улс орнуудтай, ялангуяа АНУ, Япон, Өмнөд Солонгос, Герман, Их Британи, Австрали, Канад, Энэтхэг зэрэг улсуудтай "гуравдагч хөрш"-ийн бодлогыг баримтлахыг шаарддаг геополитикийн хатуу гинжин холбоон дээр энэ улс оршиж байна.
Ерөнхийдөө Монголын геополитикийг гурван хэмжээст /3D/ шатрын тэмцээний талбар гэж харж болох юм. Харамсалтай нь, их гүрнүүдийн сөргөлдөөн Монголын тусгаар тогтнолд заналхийлэх боллоо. 2014 оноос энэ сөргөлдөөн улам ширүүсч, олон улсын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.
Эрх мэдлийн төлөөх өрсөлдөөний хамгийн тод жишээ бол Хятад улсын бүс нутаг, цаашлаад дэлхийн гегемон болох амбиц юм. Тус улс нь стратегийн ач холбогдол бүхий орнуудыг холбон томоохон дэд бүтцийг барьж байгуулж буй "Бүс ба зам" санаачилгыг хөшүүрэг болгон энэ амбицаа бодит болгох гэж байна. Зургаан улс дамнасан эдийн засгийн коридоруудын нэг нь Монгол, Оросоор дамжуулан Хятадыг Зүүн Европтой холбох ажил юм. Ингэснээр Монголд ашигт малтмалын экспортын шинэ зах зээл нээгдэж, бүс нутгийн ложистикийн төв болж хөгжих боломжтой болно. Өнгөц харахад энэ нь хэрэгжихэд хол мэт боловч үнэн хэрэг дээрээ Хятад улс дэлхий даяар өндөр өртөгтэй дэд бүтцийн сүлжээг маш хурдан барьж байгуулж байна.
АНУ, Хятадын худалдааны дайн Монгол Улсад шууд нөлөөлж байна. Хятад улс нь Монголын эдийн засгийн амин чухал судсыг атгадаг. Зэс, нүүрс, алтны 80 хувь нь Хятад руу экспортлогддог. Гео-эдийн засгийн энэ байдлаас болоод Хятадын эдийн засаг хэлбэлзэхэд Монголд маш эмзэгээр тусч байгаа юм. Чухам үүнээс үүдэн Монгол Улс 2017 онд ОУВС-аас 5,5 тэрбум ам.долларын зээл авсан.
Эдийн засгийн хөшүүрэг бол Хятадын гадаад бодлогын хүчтэй зэвсэг. Тухайлбал, 2016 онд Далай ламыг Монголд айлчиллаа хэмээн Хятад улс импортын татвараа нэмсэн.
Хятад улс газрын ховор элементийн экспортын 80 хувийг дангаараа бүрдүүлдэг. Үүний зэрэгцээ Монголын газрын доорх ховор элемент ч сонирхол татаж эхэлж байна.Үүнээс гадна АНУ-ын нөлөөтэй тэмцэх зорилгоор Хятад, Орос хоёр улс төр, эдийн засаг, цэргийн салбарт эвсэж буй нь Монгол Улсад тийм ч сайнаар нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, Хятад Оросын холбоо бэхжихийн хэрээр Монголын үнэ цэнэ суларна гэсэн үг.
Гэсэн хэдий ч Москва Хятадыг урт хугацааны аюул занал гэж үздэг хэвээр байна. ОХУ-ын хувьд Монгол дахь Хятадын нөлөөг тэнцвэржүүлэх нь нэн тэргүүний зорилт байх болно. Тиймээс ч Москва Монгол Улстай эдийн засгийн харилцаагаа сэргээж, бэхжүүлэхийг оролдож байна. Орос улс нь Монголын газрын тосны зах зээлийн 80 хувийг хангадаг бөгөөд 2017 оноос хойш хоёр улсын худалдааны эргэлт 40 хувиар өсчээ. 2019 онд хоёр улс Транс-Монголын төмөр замын шинэчлэл буюу 1,5 тэрбум ам.долларын дэд бүтцийн хөрөнгө оруулалт бүхий стратегийн түншлэлийг байгуулснаа зарласан. Хэрэв Монголтой хиллэж буй 3485 км (215 миль) газар Хятадын хяналтад орвол Сибирь ч мөн дагаад “хэцүүднэ” гэхээс Москва түгшиж байгаа.
Монгол Улсын байршил нь стратегийн хувьд чухал ач холбогдолтой. Тиймдээ ч АНУ энэ улсыг ихэд сонирхох болсон. Худалдаа, ардчилал, аюулгүй байдал, хөрөнгө оруулалт, бүрэн эрхт байдал, хуулийг дээдлэх, энхийг сахиулах, Хойд Солонгосын асуудал зэрэг нь АНУ, Монголыг холбож байна. АНУ-ын зүгээс Монгол Улсыг цаашдаа тусгаар тогтносон, амжилттай, цэцэглэн хөгжсөн, бүс нутагтаа төдийгүй цаашлаад олон улсад тодорхой үүрэг гүйцэтгэдэг улс хэвээр байлгахыг хүсч байгаа. АНУ-ын гадаад бодлогод ардчиллын ач холбогдол эрс буурчээ. Гэхдээ АНУ-ын үндэсний батлан хамгаалах болон аюулгүй байдлын стратегийн аль аль нь хүчирхэг гүрнүүдийн өрсөлдөөнд бэлтгэгдэн боловсруулагдсан байдаг бөгөөд энэ нь АНУ, Монгол хоёр улсын хамтын ажиллагааны үүд хаалгыг нээж өгсөн.
Орос, Хятад, Хойд Солонгос руу чиглэсэн гадаад бодлогоо хэрэгжүүлэхэд Монголын энхийг эрхэмлэгч байр суурь АНУ-д ашигтай юм.
Эцэст нь Монгол Улсын тусгаар тогтнолын эцсийн баталгаа нь Орос хэвээр байна. Эрчим хүч, зам тээврийн салбар дахь Оросын стратегийн хяналт нь Хятадын сонирхолтой урвуу хамааралтай байгаа юм. Энэ нь нэг талаар Хятадын аюул заналыг бууруулж байна гэсэн үг.
Ерөнхийлөгч Х.Баттулгын удирдлага дор Монгол-Оросын энэ харилцаа улам бүр гүнзгийрч байгаа боловч Хятад улс түрэмгийллээ цааш үргэлжлүүлэхээр шийдсэн тохиолдолд монголчууд дархлаагаа улам сайжруулах шаардлага гарч ирнэ. Үүний тулд Монгол Улс бусад холбоотнуудтайгаа стратегийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлж, Номхон далай дахь энх тайван, аюулгүй байдлыг хангах бүс нутгийн гүүр байгуулах шаардлагатай байна.
Эх сурвалж: https://worldview.stratfor.com/
Холбоотой мэдээ