"Төр данхар бүтэцтэй учраас бизнесийн орчныг хааж байна"

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

"Төр данхар бүтэцтэй учраас бизнесийн орчныг хааж байна"

"Төр данхар бүтэцтэй учраас бизнесийн орчныг хааж байна"

Үндэсний үйлдвэрлэгч “Эхлэл” брэндийн захирал Ч.Батзаяатай ярилцлаа.


-“Эхлэл” брэнд хэрхэн эхэлсэн түүхээс өнөөдрийн ярилцлагаа эхлүүлье?  

Үндэсний үйлдвэрлэлийн түүчээ нь болж, бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах үүднээс “Эхлэл” хэмээн  хүүхдийнхээ нэрээр брэндээ нэрлэж, 2007 онд оюутан байхдаа үүсгэн байгуулсан. Одоо 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Манай брэнд анх уламжлалт загварыг орчин үеийн хэв маягтай хослуулсан куртка үйлдвэрлэж, хүмүүст танигдаж байлаа. Сүүлд электрон бараа үйлдвэрлэх болсон. Энэ бол миний хамгийн дуртай зүйл. Одоогоор гар утасны чихэвч, цэнэглэгч, usb, power bank гэсэн 11 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

-Электрон бараа үйлдвэрлэх болсон нь хүүхэд насны дурсамжтай тань холбоотой юу. Одоо машины үйлдвэртэй болох мөрөөдөлтэй хэвээрээ юү?

-Цаашдын зорилго маань цахилгаан машин үйлдвэрлэх. Одоогоор санхүүгийн боломж нь алга. Хоёрдугаарт, мэргэжлийн боловсон хүчингүй. Машины эрин үе цахилгаан руу шилжиж байна. Машин үйлдвэрлэх нь бидний том зорилго. Стандартын шаардлага хангасан үйлдвэрийн байр барина.

-Танай компанийг дэлхийн 17 улсад бүтээгдэхүүнээ экспортолдог гэж сонссон. Монголын зах зээлээс олон улсад бүтээгдэхүүнээ таниулж, экспортод гаргахад ямар бэрхшээл тулгарч байна вэ?

Гоунжу мужид “Эхлэл” брэндийн салбар компанийнхаа үйл ажиллагааг явуулж байх хугацаандаа дэлхийн 17 улсад бүтээгдэхүүнээ экспортлож байсан. Эх орондоо цахилгаан бараа үйлдвэрлэдэг болсноос хойш Энэтхэг, ОХУ, Казахстан гэсэн гурван улсад бүтээгдэхүүнээ албан ёсоор экспортод гаргаж байна. Өнгөрсөн оноос эхлэн АНУ, Европын холбооны улс руу бүтээгдэхүүнээ борлуулах бэлтгэлээ базааж байна. Монголоос дэлхийн зах зээлд нүүрс, ноолуур, алт экспортлоход ямар ч асуудалгүй. Эсрэгээрээ технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргахад “монголчууд өөрсдөө хийсэн үү” гэж эргэлзэж гайхсан хандлагатай хүлээн авдаг. Тиймээс тухайн хөгжингүй орнуудын зах зээлд шууд нэвтрэх замаар буюу аж ахуйн нэгж байдлаар салбар компаниа байгуулж ажилладаг. Өөрөөр хэлбэл, брэнд гэдэг бол олон улсад салбар компаниуд нь үйл ажиллагаа явуулах зарчмаар ажилладаг. Энэ утгаараа АНУ, Европын улс орнуудад салбар компаниа байгуулахаар төлөвлөсөн.

-Бизнес эрхлэгчдийн хувьд тогтвортой үйл ажиллагаа явуулах, цар хүрээгээ тэлэхэд хөрөнгө оруулагчдын итгэлцэл чухал байх?

Монгол Улсад гаднын хөрөнгө оруулагчдыг татах асуудал дээр илүү анхаарлаа хандуулж байна. Хамгийн чухал нь тооцоо судалгаа, баримтад тулгуурласан эдийн засгийн үндэслэлүүдийг тооцох юм. Бидний хувьд брэндинг хийж буй учраас сертификат, гэрчилгээ, оюуны өмч, патент, лиценз зэрэг олон зүйлийг хамгаалах шаардлага гардаг. Гадаадын зах зээлд оюуны өмчөө хамгаалах талаас харьцангуй туршлагатай. Энэ бүхнийг гаднын хөрөнгө оруулагчид шаарддаг.

-Таны хувьд “Өнөөдрийн зар сонин”, “Amjilt.com”, “Ehlel.com”, онлайн худалдаа эрхэлж байсан. Энэ хугацаанд бас зарим нь бүтэлгүйтэж, мөнгөгүй, өр зээлтэйн улмаас уналтад орсон үе бий. Бүтэлгүйтэл таны өнөөдрийн амжилтад нөлөөлсөн үү?

Монголд бизнес эрхлэхэд их хэцүү. Хөрөнгө мөнгө, санхүүжилт, хамтын ажиллагаанаас авахуулаад төрийн дарамт гэх мэт асар олон асуудалтай нүүр тулна. Төрийн дарамтын хувьд систем нь хэтэрхий нүсэр, данагар бүтэцтэй учраас бизнес эрхлэхэд түвэгтэй байдаг. Мэдээж боломжтой бүхнийг эрэлхийлж, бизнес эрхлэхэд бэрхшээл байсан. Ямар нэгэн дэмжлэггүй учраас санхүүгийн хэцүү байдалд орно. Хэцүү байдалд орох үедээ санхүүгийн сахилга батыг сахиж чадсаны үр дүнд дахин хөл дээрээ босч, амжилт гаргахад нөлөөлсөн гэж боддог. Хүнд хэцүү үедээ шаардлагатай арга хэмжээнүүдээ авч байлаа. Нөгөө талаасаа бүтээгдэхүүний чанарт илүү анхаарсан нь хэрэглэгчдэд танигдаж, их том дэмжлэг үзүүлсэн. Гэр хороололд амьдардаг, ямар ч санхүүжилтгүй оюутан хүүхэд бизнесийн зарчмыг дагаж, өөрөө хичээж чадвал Монголд бизнес эрхлэх боломжгүй биш юм гэдгийг баталж харуулсан. Хүнд хэцүү үе тохиолдож, бэрхшээл гарч болно. Гэхдээ төрийн системд зохицож ажиллах ёстой гэдгийг би залууст зөвлөдөг. Бизнес өнөөдөр амжилттай байхад маргааш унах магадлалтай. Мөнхийн тогтвортой биш, байнгын хувирч өөрчлөгддөг. Үүнд дасан зохицох нь бизнесмэн хүний хамгийн гол чадвар байх ёстой.

-Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд санхүүжилтийн асуудал ярих нь түгээмэл. Бизнесийн гараагаа эхэлж буй хүмүүст нийтлэг ямар асуудал, бэрхшээл тулгардаг вэ. Монголын төр бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллаж чаддаг уу?

Төрийн дэмжлэг гэхээр бодит, эсвэл мөнгөн дэмжлэг ямар ч бизнест нөлөөтэй биш. Бэлэн дэмжлэг аваад байвал хөгжихгүй. Загас барьж өгөх биш, барих аргыг нь зааж өгөх нь чухал. Хөгжингүй улс орнууд Монгол Улсыг үдлээд буудаг улсаар дүгнэдэг. Технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэхэд төдийлөн итгэдэггүй. Ийм сул талтай учраас төрөөс гадаад харилцааны тал дээр дэмжлэг үзүүлэх нь чухал байдаг. Тиймээс гадаадад Монголын брэндийг гаргахад хүндрэлтэй. Төрөөс мөнгө өгөөч, тусламж дэмжлэг үзүүлээч гэж шаардах сонин биш. Энэ асуудлыг бизнес эрхлэгч өөрөө зохицуулах бөгөөд тухайн хүний үүрэг, хариуцлага.

-Таны хувьд амьдралдаа баримталдаг зарчмын нэг нь "хэзээ ч хадаасан дээр гишгэхгүй байх". Гэхдээ амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн. Энэ утгаараа санамсаргүй байдлаар хөл алдсан үе бий юу?

Хадаасан дээр гишгэнэ гэдэг эрсдэл учрахгүй байх гэсэн утгатай. "Хоёр хөлөөрөө хэзээ ч битгий усны гүнийг шалга" гэсэн эрсдэлийн гол дүрэм бий. Хоёр хөлөөрөө усны гүн шалгавал живэх аюултай байдгийн адил бизнес эрхлэгч ч бас өөдрөг үзлээр бүх хөрөнгөө нэг бизнесийн үйл ажиллагаанд зарцуулж болохгүй. Хэрэв эрсдэл учирвал бусдыгаа чирэх аюултай. Миний хувьд бэрхшээлийг урьдчилан тооцож, алдахгүй байж болно гэж боддог. Алдаж байж ухаарна гэдэг бол маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгөө салхинд хийсгэнэ гэсэн үг. Алдахаасаа өмнө сэрэмжилж болно.

-Та үндэсний хувцсаас эхлэн технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн туршлагатай. Технологийн чиглэлийн мэргэжлийн боловсон хүчин Монголд хэр их байна?

-Монголд электроникийн нарийн мэргэжлийн хүмүүс ховор. Шилдэг боловсон хүчин нь гадагшаа гарчихсан. Гадаадын томоохон компаниудад ажиллаж байх жишээтэй. Чадварлаг боловсон хүчин үнэхээр чухал. Ихэнх залуус гадагшаа явъя гэсэн бодолтой болсон нь гашуун үнэн. Ийм бэрхшээл бидэнд ч тулгардаг. Чадварлаг мэргэжилтнүүд байдаггүй. Энэ урсгал огт зогсохгүй байна. Их сургуулийн таван оюутан тавуулаа л гадаад руу гарна гэсэн бодолтой. Энэ бол маш том аюул болсон. Сайн, чадварлаг боловсон хүчнээ бид гадагшаа л алдаж байна. Бидний хувьд нарийн мэргэжилтнүүдээ сургаж, ажлын байраар хангаж байна.

-Монголд бизнесийн эрх зүйн орчин нь хангалттай бүрдэж чадсан уу. Энэ талаар та өөрийн байр суурийг илэрхийлэхгүй юү?

-Уг нь Монгол боломжоор дүүрэн. Гэвч бизнес хийх эрх зүйн орчин нь маш ойлгомжгүй. Хэтэрхий данхар бүтэцтэй. Цайны газар ажиллуулъя гэхэд л өчнөөн бичиг баримт бүрдүүлнэ. Барилга барья гэхэд бас л маш олон зөвшөөрөл авах ёстой. Зөвшөөрөл бүрийн цаана ямар нэгэн танил тал, авлига хээл хахууль байна. Харин Гоунжу мужид бизнес эрхлэхэд зөвшөөрөл авах боломж нь маш бага. Өрсөлдөх боломж их. Манайд төр данхар бүтэцтэй учраас бизнесийн орчныг хааж байна. Үүнийг өөрчлөх ёстой. Өрсөлдөөн бизнесийг хөгжүүлдэг. Төр данхар бүтцээ өөрчилж, өрсөлдөөнтэй орчныг бүрдүүлж чадвал нэг ч гэсэн монгол иргэн сэтгэл хангалуун амьдрах боломж нээгдэнэ. Мөн өрсөлдөх чадвар буюу компанийн хүний нөөц, санхүү, маркетинг, удирдлага стратеги зэрэг чухал үзүүлэлтүүдээ хангаж сурна гэдэг асар том капитал юм. Өрсөлдөх чадвартай болсноор тухайн бизнесмен хэзээ ч уналтад орохгүй. Тиймээс залуу бизнес эрхлэгчид бусдаас дэмжлэг хүсээд нэмэргүй. Зөвхөн одоо байгаа боломжиндоо суурил.

Завхан аймгаас Улаанбаатарт 13 настайдаа ирж, Да хүрээ зах дээр дугуй хураадаг ажил хийж байх үедээ ирээдүйд өөрийгөө хэн болно гэж төсөөлдөг байв?

-Ирээдүйдээ мэдээж сайхан амьдрахыг л хүсч мөрөөдсөн. Би зорьсон зорилгоосоо огт ухраагүй. Зорилго маань маш тодорхой байсан. Амжилтад хүрэхэд эцэг, эх маань тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.

-Та хүүхэд насны дурсамжаасаа хуваалцахдаа хашаандаа нүх ухаж, мөнгөө нуудаг байсан тухайгаа ярьсан байсан. Заримдаа нуусан мөнгөө олохгүй байх үе гарч байсан уу?

-Зах дээр ажиллаж олсон мөнгөө банкинд хадгалахаа мэдэхгүй, хашаандаа л нуудаг байлаа. Эргээд хаана мөнгө нууснаа олохгүй. Мөнгө нь ч алга болно, ухсан нүх нь олдохгүй /инээв.сурв/. Заримдаа аав, ээждээ мөнгө зээлүүлдэг байлаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж