Багшийн “жавтий” ба орчин цагийн хүүхдүүд

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

Багшийн “жавтий” ба орчин цагийн хүүхдүүд

Багшийн “жавтий” ба орчин цагийн хүүхдүүд
“… Охин минь зургаан настай, нэгдүгээр ангийн сурагч. Айлын отгон охин гээд эрх өссөн болохоор хүнээс үг сонсохдоо тун тааруу. Гэсэн хэдий ч хүүхдүүдийн дунд муухай зан гаргаад байхгүй гэдгийг нь ээж, аав нь мэддэг юм. Нэг өдөр охин маань уйлсан бололтой харагдав. Юу болсныг асуутал “Юу ч болоогүй ээ” гээд хэлдэггүй. Янз бүрээр асуусан ч хэлдэггүй. Эхний улирлын амралт эхэлж охины минь “нар” гарах нь тэр. Хүүхэд юм болохоор зугуухан ярилцсаар юу болсныг олж мэдэн ангийнх нь багштай уулзсан” хэмээн залуухан хүүхэн ярьж байна. Гэтэл хичээнгүй бичсэнгүй, дураараа байлаа гээд ангийнх нь багш хашхичиж загнахын сацуу хааяахан гар хүрчихдэг гэнэ. Үүнийгээ таны хүүхдийн төлөө л хэлсэн хэмээдэг аж. Мэдээж энэ мэт олон жишээг дурьдаж болох байх.

Сурган хүмүүжүүлэгч ямар байх ёстой вэ? Сурагчидтайгаа хэрхэн харилцах вэ гэдгийг хуулиар зохицуулсан байдаг. Тодруулбал, 2006 оны арванхоёрдугаар сард Боловсролын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хүүхдийн бие махбодод халдах, сэтгэл санааны дарамт үзүүлэхийг албан ёсоор хориглосон.

Тус хуулийн 44.3-т “Багш нь суралцагчийн бие махбодод халдах, тэдэнд сэтгэл санааны дарамт үзүүлэх, хувийн нууцыг задруулахыг хориглоно” гэж заажээ. Мөн “Багш нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхдээ багшийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллана” хэмээн уг хуулийн 44.4-т заасан байна.

Хуулийн хэрэгжилт ямар төвшинд байна вэ? НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр БСШУЯ, МУБИС-иас зохион байгуулсан “Сургууль, цэцэрлэгийн орчин дахь хүчирхийлэл” судалгааны тайланд цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдийн 80 хувь, сургуулийн бага ангийн сурагчдын 77.5 хувь, 6-11 дүгээр ангийн сурагчдын 98.6 хувь нь сургууль, цэцэрлэгийн орчинд ямар нэгэн төрлийн хүчирхийлэлд өртдөг гэсэн дүн гарчээ.

Мөн “Сургуулийн нийгмийн ажлын өнөөгийн байдал” сэдэвт судалгааны дүнгээс үзэхэд 10-15 насны хүүхдүүдийн 53,2 хувь нь “сургууль дээрээ шийтгүүлдэг”, 60 хувь нь “сургууль дээр багш шийтгэдэг” гэж хариулсан байна. Хэдийгээр багш бие махбодын болон сэтгэл зүйн дарамт үзүүлж болохгүй хэмээн хуульд заасан ч хэрэгжилт нь нэг иймэрхүү дүр зурагтай байгаа юм.

Нью Хампшайрын Их сургуулийн профессор Муррай Страусын 2009 онд хийсэн судалгаа байдаг. Судалгааны үр дүн дараах байдалтай гарсан байдаг. Үүнд:

  • 2-4 насны 806, 5-9 насны 704 хүүхдийг түүвэрлэн судалсан бөгөөд эдгээр хүүхдийг дөрвөн жилийн дараа дахин судалжээ. Ингэхэд 2-4 насны цохиулдаггүй хүүхдийн IQ түвшин цохиулдаг хүүхдийнхээс 5 оноогоор илүү байжээ.
  • 5-9 насны цохиулдаггүй хүүхдийн IQ түвшин цохиулдаг хүүхдийнхээс 2,8 оноогоор илүү байжээ.

Бие махбодын шийтгэл болон IQ хооронд хүчтэй харилцан холбоо байгаа нь тодорхой болсон байна.

  • Бие махбодын шийтгэл нь тун их стресс үүсгэх бөгөөд улмаар долоо хоногт 3 болон түүнээс дээш удаа биемахбодын шийтгэл хүлээдэг бага насны хүүхдүүдэд ноцтой стресс болдог. Энэ нь маш олон жил үргэлжилнэ.
  • Бие махбодын шийтгэлээс үүддэг стресс нь муу муухай, аймаар зүйл болох вий гэж айх, амархан цочимтгой болох гэх мэт гэмтлийн дараах стрессийн шинжүүдийг нэмэгдүүлдэг. Энэ нь IQ-д муу нөлөөтэй гэжээ.

Мөн Иелийн их сургуулийн Сэтгэлзүй, Хүүхдийн сэтгэцийн тэнхимийн профессор Алан Каздин “Хүүхдийг цохисноор сөрөг авирыг түргэн хугацаанд болиулж байгаа болохоор энэ нь хэрэгтэй гэж боддог. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд хүүхдийн тэр авир өөрчлөгдөөгүй байдаг. Энэ нь хүүхдийг алгадах болон бусад шийтгэлийн давтамж, хүчийг  нэмэгдүүлдэг гэдгийг баталж байгаа юм” гэж хэлсэн байна. Түүний хийсэн судалгаанаас ийм үр дүн гарчээ. Өөрөөр хэлбэл, алгадах нь хүүхдийн зан авирыг өөрчилдөггүй. Өөрчиллөө гэхэд буруугаар, сөргөөр өөрчилдөг аж. Тиймээс хүмүүжлийн арга огт биш гэдэг нь судалгаанаас харагдаж буйг сэтгэл зүйч Алан Каздин онцолсон байна.

“ТОНШИХ” НЬ БАЙХ Л АСУУДАЛ ГЭЖ ҮҮ?

Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойшхи сургалтын арга барил өөрчлөгдсөн тухай ахмад багш Д.Ням ярьж байна. Тэрбээр “Хүүхэд бүрийн өссөн орчин, хүмүүжлийн өнгө аяс өөр. Тэр хэрээрээ хүүхэд бүртэй нэг бүрчлэн харилцах тохиолдол ч бий. Гэвч 30-40 хүүхэдтэй ганц багш нэг бүрчлэн харилцах боломжгүй ч хүүхдүүдийг олны дунд нийтэч байхад нь багш түлхүү анхаарч ажилладаг юм. Харин орчин цагийн багш, сурагчдын учрыг олохгүй л байна. Бидний үед хааяахан “тонших” явдал гарна. Тэглээ гээд нэг их муудаагүй, бас хүүхдийг хохироож байсангүй” гэв.

Эндээс харвал өмнө болон одоо цагт багш хааяа нэг “тонших” нь байх л асуудал гээд байх шиг. Тэгвэл орчин цагт хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх вэ. Жавтий хүртээгээд байх уу, эсвэл арга барилаа өөрчлөх үү. Мэдээж эцэг, эх амьдрах орчны нөлөө хүүхдийн хүмүүжилд чухал. Гэвч хүүхэд “Багш хэлсэн. Багш маань заасан учраас зөв” гэх хандлага нь илүү давамгай байдаг ажээ.

Хүүхдийг Ивээх Сангаас “Хүмүүжлийн эерэг аргын хүүхдэд үзүүлж буй үр нөлөө” сэдэвт туршилт судалгааг гурван сарын турш хийсэн байна. Улмаар хүмүүжлийн эерэг аргыг үйл ажиллагаандаа хэрэглэснээр хүүхдэд эерэгээр нөлөөлж байгаа нь судалгааны үр дүн гэж дүгнэсэн аж. Тухайлбал, хүмүүжлийн эерэг аргын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үндэсний хэмжээний баг бий болжээ.

Мөн хүмүүжлийн эерэг аргын талаар сургалтад хамрагдсан багш нарын мэдлэг, ойлголт сайн, хэрэглээ дундаж төвшинд, хүмүүжлийн эерэг аргын үнэ цэнийг мэдрэх шатанд байна хэмээн дүгнэсэн бөгөөд төсөлд хамрагдсан багш нар хүүхэд нэг бүрийг ажиглан, тухайн хүүхдийн онцлогийг харгалзан, нас сэтгэхүй, зан байдлын онцлогт нь тулгуурлан ажиллах шаардлагатайг ойлгож мэдсэн гэжээ.

Угтаа хүмүүжлийн эерэг арга гэдэг нь хүчирхийллээс ангид, хүүхдийг суралцагчийнх нь хувьд хүндэтгэн үздэг хандлага. Цаашилбал, хүүхдийг амжилттай суралцахад нь тусалж, мэдлэг эзэмшихэд нь шаардлагатай мэдээллээр хангаж, хүүхдийн өсөлт хөгжлийг дэмждэг арга барил юм. Тиймээс хүмүүжлийн эерэг аргын зарчим нь хүчирхийллээс ангид, шийдэлд тулгуурласан, хүмүүнлэг, хүүхдийн хөгжлийн онцлогт суурилдаг ажээ.

“Тонших”-оос илүү харилцан ярилцаж зан байдлын онцлогт тулгуурлан сурган хүмүүжүүлэх нь багшийн үүрэг гэдгийг олон улс зөвшөөрдөг байх нь. Харин манайх энэ хандлага руу алхаж эхэлсэн ч төдийлөн ахицтай биш байгааг судалгаанд ч бас онцолсон харагдана. Монголчилдог араншингаа сурган хүмүүжүүлэх үйлээс холуур байлгаж, дэлхий нийттэй хөл зэрэгцэн алхах хэрэгтэй юмсан.

ХАНДЛАГА…

Бид өнөөдөр хүүхдэд ширүүн ханддаг багшийн тухай хөндсөн. Мэдээж хүний олон хүүхдэд “эр бяраа” гаргах нь тун зохисгүйгээр барахгүй сурган хүмүүжүүлэх аргад “тонших, жавтий хүртээх” гэдэг арга байдаггүйг судалгаагаар нотолжээ.

“Багш маань хэлсэн” гэдэг итгэл үнэмшил бага насны хүүхдүүдэд давамгайлдгийг дээр дурдсан. Миний таньдаг цэцэрлэгийн багш нэгэн хувийн цэцэрлэгт багшилдаг. Тэрбээр хүмүүс хоорондын амьд харилцааг чухалчилдаг. Амьд харилцаагүйгээр хүмүүсийн хандлага эерэг байна гэж хэзээ ч байхгүй гэж ярьдаг юм.

Түүний багшилдаг цэцэрлэгт хүмүүсийн хэлдэгээр “баячууд”-ын хүүхдүүд голдуу явдаг байна. Эрх дураараа, үг сонсохгүй байхаас гадна багшийг хүүхэд асрагч гэж боддог аж. Түүнээс гадна хүн бүрийн сэтгэлийг зовоож буй “дэлгэц”-ийн хамааралтай. Цэцэрлэгийнхээ бэлтгэл бүлэгт багшилдаг танил маань эцэг, эхчүүдтэй “Тоо бодож, үсэг цээжлэх нь гол биш. Аливаад хандах хандлага нь чухал учраас хүүхдийн зан төлөвт нөлөөлөх ажлыг түлхүү явуулна. Хавар төгсөхдөө үг, үсэг цээжлэхээс илүү хүнтэй харилцах хандлага, олны дунд дасан зохицох чадвар суусан байна” хэмээн тохиролцож ажлаа эхлүүлжээ.

Хүүхэд бүр нэг нэг буланд iPаd зэрэг том том “дэлгэц”-ээ хараад суучихна, эсвэл зурагтаас салахгүй. Хоорондоо ярилцах ч үгүй. Ингээд багш хүүхдүүдэд бага багаар ойлгуулж ярилцсаар дэлгэцийн хамаарлыг эрс бууруулж чаджээ. Багш шавь нараа урамшуулж, сонирхол татахуйц байдлаар ажиллаж эхэлсэн нь хүүхдийн сурах эрмэлзлийг төрүүлж, цаашлаад найздаа туслах, хүнтэй харилцан ярилцаж ойлголцох нь чухал гэдгийг сайтар ойлгуулсан байна.

Нэг сарын дараагаас эхлэн эцэг эхчүүдээс “Хүүхэд маань утаснаас салахгүй. Бидний үгийг ч сонсохгүй. Ширүүхэн хэлэхээр уйлчихна. Яах учраа олохгүй байсан юм. Гэтэл утас оролдохгүйгээр барахгүй бидэнтэй ярилцаж, эмээдээ тусалдаг болсон. Баярлалаа, багш аа” хэмээн талархлаа илэрхийлэх эцэг, эх олон байсан аж. Эндээс харвал, хүмүүс хоорондын амьд харилцаа маш чухал. Хүүхдүүд эцэг, эхийн толь гэдэг. Тэгэхээр аав, ээж нар утас “маажих”-аас илүүтэй өдрийн үйл явдлаа харилцан ярилцаж, хүүхдүүддээ үлгэр дууриалал үзүүлэх хэрэгтэй юм.

ХУУЛИЙН ХАМГААЛАЛТ БА ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ

Монгол Улсын 2016 онд батлагдсан Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдийг нийгмийн бүхий л орчинд зодож шийтгэхийг хориглосон. Тухайлбал, Хүүхдийн эрхийн тухай хуулийн

7.1."Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй.", Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2.6. "Хүүхэд, өсвөр насны хүнийг халамжлах, эмчлэх, удирдан чиглүүлэх, тэдэнд боловсрол олгох үүрэг хүлээсэн эцэг, эх, асран хамгаалагч, бусад хүн тэднийг хүмүүжүүлэх, алдаатай зан авирыг нь засахдаа бие махбодын болон доромжлон гутаасан бүх төрлийн шийтгэлийн арга хэрэглэхийг хориглоно.", мөн хуулийн

5.4. "Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ" гэсэн заалтуудыг оруулснаараа хүүхдийн эсрэг бүх төрлийн шийтгэлийг Монгол улс бүх орчинд хориглож чадсан юм.

Зарим тохиолдолд хүүхдийг өөгшүүлсэн хуулийн хамгаалалт болсон хэмээн үгүйсгэх нь бий. Мөн орчин цагийн индего, кристал хүүхдүүдтэй хэрхэн харилцаж, хүмүүжүүлэх вэ гэдэгт суралцах хэрэгтэй гэх нь ч бас бий. Аль ч цаг үед хүүхдийг хүчирхийлэх нь буруу. Эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид, ерөөс хүүхэдтэй ажилладаг, тэдэнтэй харилцдаг хэн бүхний хүүхдээ хүмүүжүүлэн сургахдаа алддаг буюу анхаардаггүй зүйл бий. Тухайлбал, хүүхэд л бол хүүхэд гэж амарчлан ойлгож, нэг л арга барилаар харилцдаг.

Угтаа тухайн хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, биеийн өсөлт бойжилт, зан чанар, сэтгэлзүйд гардаг эерэг ба сөрөг өөрчлөлт, хэрэгцээ, сонирхол, үзэл хандлага зэргийг нарийн ялган мэдэж, түүндээ түшиглэн хүмүүжүүлэх ёстой юм.

“Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй” гэж ярьдагчлан хүүхэд бүр, хувь хүн бүр ялгаатай гэдгийг мартаж болохгүй. Хүмүүжлийн эерэг аргын агуулгад Монголын их зохиолч В.Инжинашийн ”Хөх судар”-т өгүүлснээр “0-3 насанд нь хаан мэт тахь, 4-6 насанд нь хатан мэт тойл, 6-15 насанд нь харц мэт зөвлө, 16 наснаас нь дээш хань мэт харилц” гэсэн зарчим байдаг шүү дээ.

Сүүлийн үед хүчирхийлүүлсэн хүүхдүүдийн тухай мэдээлэл ихээр гарах болсон учраас хүүхдийн эрхийг хуулиар хамгаалах нь зүйн хэрэг. Харин хүмүүжүүлэх арга барил, ур ухааныг эцэг эхчүүд болоод багш сурган хүмүүжүүлэгчид анхаарах нь зүйтэй. Хуулиар хамгаалагдсан хүүхдийн хүмүүжил байж болохгүй. Харин хуулиар хамгаалагдсан хүүхдийн эрх гэж бий.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж