Энэ удаа бид “Fashion” буландаа “Grammy 2020” наадмын 62 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд оролцсон оддын сонирхолтой, этгээд хувцаслалтаас онцолж байна. Тус үдшийн хамгийн их анхаарал татсан онцгой дүр төрхөөр АНУ-ын поп дуучин Билли Аилиш тодорчээ. Түүний гоёлын маск, костюм, футболк, пүүз, бээлийнээс эхлээд хувцаслалтын өнгө хүмүүсийн анхаарлыг ихэд татсан байна.
Залуу одын маникюрыг алдарт “Гуччи” брэндийн 1950-иад оны хэв маяг (тухайн үед тус брэндийн худалдааны тэмдэг нь ногоон-улаан-ногоон өнгөтэй байжээ. орч)-ийг шингээн чимэглэжээ. "Grammy" ёслолын үеэр Билли Айлиш "Шилдэг шинэ уран бүтээлч", "Оны шилдэг дуу" зэрэг таван шагнал хүртсэн билээ.
Дөнгөж 18 настай түүний "When We All Fall Asleep, Where Do We Go" цомог мөн "Оны шилдэг цомог"-оор шалгарч, энэхүү шагналыг хүртсэн хамгийн залуу уран бүтээлч болсон юм. Өмнө нь энэхүү шагналыг дуучин Тейлор Свифт залуудаа хүртэж байжээ.
Энэ үдшийн бас нэгэн содон дүр төрх нь Приянка Чопра байсан аж. Эрхэм уншигч та 2000 онд “Грэмми” шагнал гардуулах ёслол дээр Женнифер Лопесийн өмссөн даашинзыг санаж байна уу? Чопра түүнтэй “барьцсан” уу гэлтэй энэ удаад улаан хивсний ёслолд торон нэхээстэй, энгэр нь хэт задгай, хятад маягийн даашинзтай хүрэлцэн ирсэн бол түүний нөхөр Ник Жонас алтлаг шаргал өнгийн хувцсаар гоёжээ.
Нэмж өгүүлэхэд, "Grammy 2020” ёслолын үеэр уран бүтээлчид ослын улмаас харамсалтайгаар амиа алдсан алдарт сагсан бөмбөгчин Коби Брайантад хүндэтгэл үзүүлсэн юм.
Эх сурвалж: ELLE
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ