Амны хаалт буюу эрэлт дээр дөрөөлсөн луйвар

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

Амны хаалт буюу эрэлт дээр дөрөөлсөн луйвар

Амны хаалт буюу эрэлт дээр дөрөөлсөн луйвар

БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн "тахал" гэгдэж буй коронавирусийн сургаар монголчууд сандран, үймэлдэж  байна. Маргааш дэлхий сөнөнө гэдэгт итгэж лаа, шүдэнз, хоол хүнсээ базаан хөдөө явж байсан хуучин сэтгэлгээнээсээ монголчууд салаагүйг энэ үйл явдал батлав. Дэлгүүрийн лангуу хоосорч, эмийн санд амны хаалт, гар ариутгагч бодис дууссан, зохиомол эрэлт нь зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэж эхэллээ. Коронавирусээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд найдвартай арга нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр амны хаалт буюу маск хэрэглэх, ахуйн хүрээнд ариутгалыг тогтмол хийх, хувийн ариун цэврийг сайтар сахих, дархлаагаа дэмжих гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулж буй юм.

Гэтэл эмийн санд амны хаалт, гар ариутгах бодисын нөөц өдөртөө дуусч, эм ханган нийлүүлэх байгууллагууд 2-4 сарын нөөцтэй байсан боловч бүгд борлуулагдаж, дахин хангалт хийхээр холбогдох байгууллагуудад захиалгаа өгсөн аж.

Үүнээс гадна эрэлт дээр дөрөөлсөн луйварууд ч бий болж, нэг  удаагийн амны хаалтыг эмийн сангаас 200-300 ширхгээр нь бөөндөж аваад автобусны буудлууд дээр 1000 төгрөгөөр зардаг бүлэг хүмүүс ч бий болжээ.

"НЭГ УДААГИЙН АМНЫ ХААЛТ, ГАР АРИУТГАГЧ ДУУССАН"

Өчигдөр /2020.01.27/ 17.00 цаг. Монгол Улсын багшийн их сургуулийн замын эсрэг талд байрлах эмийн сан. Хэдэн өдрийн өмнө тус эмийн санд хүмүүс амны хаалт авахаар дугаарлаж байсан бол өчигдөр арай өөр дүр зураг харагдав. Хүмүүс амны хаалт, гар ариутгах бодисын хэдэн өдрийн нөөцөө бэлдсэн үү, аль эхсүл гурван өдөр үймэлдээд коронавирусийг мартсан уу гэлтэй ямар  ч хүн орж ирсэнгүй. 

Уг нь коронавирусийн дэгдэлт олон улсад гарахаас өмнө нэг удаагийн амны хаалт эмийн сангуудаар 100 төгрөгөөр зарагддаг байв. Дээрх эмийн санд нэг удаагийн амны хаалт 250 төгрөг үнэтэй гэхч, үнэндээ ирэхээ болиод хэд хонож байгаа гэв. Эмийн санч хэлэхдээ “Нэг удаагийн амны хаалтыг хүмүүс их авч байна. Эрэлт их байгаа ч эм ханган нийлүүлэх бөөний төвд амны хаалт дууссан учраас ирэхээ болиод хэд хонож байна. Ирсэн ч цөөн тоогоор ирэх болсон. Ер нь Монголд зарагддаг нэг удаагийн амны хаалт болон ихэнх амны хаалтыг БНХАУ-аас оруулж ирдэг. Одоо манайд зарагдаж байгаа нь тус улсын 1-2 хоног хэрэглэдэг амны хаалт л байна. Үүнийг 3000 төгрөгөөр зарж байгаа. Хүмүүс нэг удаагийн амны хаалтыг хямдхан болоод ч тэр үү, их асууж орж ирдэг” гэлээ.

НЭГ ЦАГИЙН ДОТОР 1000 АМНЫ ХААЛТ ЗАРАГДАЖ БАЙНА

Багшийн дээдийн автобусны буудлын урд байрлах 24 цагийн эмийн санд нэг удаагийн амны хаалт 350 төгрөгөөр зарагдаж байна. Биднийг очиход нэг удаагийн амны хаалтууд аль хэдийн дуусчээ. Тус эмийн санд өчигдөр 11.00 цагийн үед  нэг удаагийн 500 ширхэг амны хаалт ирсэн бөгөөд тэр даруйдаа дууссан байна. Ингээд нэмэлтээр 15.00 цагт 1000 амны хаалт ирсэн ч ердөө нэгхэн цагийн дотор дуусчээ. Хүмүүс  бөөндөх нь бөөндөөд, ширхгээр нь авах нь аваад дууссан бол хажууханд нь гурван өдөр хэрэглэдэг амны хаалтыг 5000 төгрөгөөр зарж байна. Гар ариутгагч бодис ч эм ханган нийлүүлэх бөөний төвд тасарсаны улмаас эмийн сангуудад үзэгдэхээ байжээ. Энэ хавьд байрлах өөр нэг эмийн санд нэг удаагийн маск 200 төгрөгөөр зарагдаад мөн л дууссан байна.

Үүнээс харахад, нэг удаагийн амны хаалт үнэхээр эрэлттэй байгаа боловч эмийн сангууд нэг удаагийн амны хаалт дууссан гэх худал шалтгаанаар илүү өндөр үнэтэй амны хаалтуудыг иргэдэд шахаад байгаа юм биш биз гэх хардлага төрж байсныг ч нуух юун.

Нэг удаагийн амны хаалт болон гар ариутгагч бодисын үнэ нэмж зарж байгаа эмийн сангуудад талаар ШӨХТГ-т гомдол гаргаснаар тус газраас хяналт, шалгалт явуулах аж. Ингэхдээ 18001284 дугаарын утсанд мэдээлэл, гомдол өгөх боломжтой.

УЛСЫН ХЭМЖЭЭНД 200 МЯНГАН АМНЫ ХААЛТНЫ НӨӨЦ БИЙ

Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар Амны хаалтны эрэлтээ хангаж гүйцэхгүйгээс үүдэн зохиомол үнийн хөөргөдөл үүсэх магадлалтай байна. Эм ханган нийлүүлэх байгууллагууд нь эхний ээлжид 45-60 хоногийн нөөц бүрдүүлдэг. “Мөнхийн тун”, “Монхимо” зэрэг газрууд дотооддоо амны хаалт үйлдвэрлэдэг. “Мөнхийн” тун хоногт 42 мянган амны хаалт үйлдвэрлэх хүчин чадалтай бол “Монхимо” 30 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэх хүчин чадалтай. Улсын хэмжээнд 200 мянган амны хаалтны нөөц бий” гэв.

ХӨСҮТ: ҮНЭТЭЙ МАСКУУД САЙН ХАМГААЛНА ГЭДЭГ ХУДЛАА

Олон нийтийн сүлжээгээр нэг удаагийн амны хаалтыг цэнхэр өнгийг гадагш харуулж зүүвэл өвчтэй, цагааныг нь гадагшаа харуулбал урьдчилсан сэргийлж буй дохио гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч Т.Оюун-Эрдэнэ “Нэг удаагийн амны хаалтны цэнхэр нь гадна талдаа харах ёстой. Тэр нь гаднаас ус ямар нэгэн вирус нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй. Харин цагаан нь дотроо байдаг учир нь амьсгалаас гарч байгаа уурыг шингээдэг. Иргэд зөвхөн нэг удаагийн амны хаалтаас гадна угаадаг даавуун маск ч хэрэглэх боломжтой. Үнэтэй маскууд сайн хамгаална гэдэг худлаа. Гол нь хоёр цаг тутамд сольж халдвар авахаас сэргийлэх нь чухал юм” гэлээ.

Зарим эмийн сангууд 100-200 төгрөгийн үнэтэй амны хаалтыг 500-800 төгрөгөөр зарж байгааг ч иргэд хэлж байна. Нэг удаа хэрэглээд хаях амны хаалтыг 500-800 төгрөгөөр авч хэрэглэх чадалтай хүн монголчуудад хэр олон бий билээ. 
Нэг удаагийн амны хаалтыг хоёр цаг тутамд хэрэглээд хаях ёстой. Гэтэл эмийн сангууд ингэж үнийг нэмж байгаа нь төр засгаас гаргаж буй бодлого шийдвэрийг эсэргүүцэж буй үйлдэл гэж зарим хүмүүс шүүмжилж байна.  ЭМЯ-ны мэргэжилтэн "Монгол Улс амны хаалтны хэрэгцээг хангаж чадна. Тиймээс үнэнд өөрчлөлт орохгүй” гэж мэдээлсэн удаатай. Гэтэл бодит байдал дээр эмийн сангууд үнээ 1-3 дахин нэмж зарж байна.
Тиймээс төр засгийн бодлогыг зөрчиж, иргэдийн эрэлт дээр дөрөөлөн луйвар хийж байгаа эмийн сангуудад хариуцлага тооцоё. Аюулт өвчин хаяанд ирчхээд байгаа энэ үед нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, иймэрхүү хандлага гаргаж буй нөхдөд хатуу хариуцлага тооцъё.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж