Мах хямдарчихлаа, одоо…

Хуучирсан мэдээ: 2015.10.21-нд нийтлэгдсэн

Мах хямдарчихлаа, одоо…

Монголын мал 40-50 сая хүрчихлээ, гэтэл бид 10 мянган төгрөгөөр нэг кг мах авч байна гэж нэг хэсэг үглэв дээ, бид. Тэгвэл өнөө жил мал 50 сая хол даваад явчихлаа.

Зах зээлийн хууль гэж сайхан юм, малын тоо огцом нэмэгдсэн, дээрээс нь худалдан авалт муудсантай зэрэгцээд махны үнэ навс хямдрав. Үнэхээр “навс” гэдэг үг ч багадмаар хямдарчихлаа. Ердөө л жилийн өмнө хонины гулууз нэг кг нь 5,000 төгрөг байлаа. Дундаж үнэ шүү дээ. Яах вэ, зарим тохиолдолд үүнээс хямд байсан тохиолдол бий л байх. Гэхдээ л 5,000-аас нэг их буураагүй болов уу.

Гэтэл одоо бол “Хүчит шонхор” дээр өглөө эрт очиход хонины гулууз мах нэг кг нь 2,800 төгрөг байна. Заримдаа үүнээс ч хямдхан олдож байгаа тохиолдол байгаа юм. Үүнийг одоо хямдрал гэхгүй бол, өөр юуг…Махны зах зээл нэг иймэрхүү л байна. Тэгвэл мах хямдарсан юм чинь хоолны үнийг буулгамаар байна.

Хонины кг махыг “Хүчит шонхор”-оос бөөндөө гэхэд л 5,000 авдаг байхад хуушуур, бууз 700-800 төгрөг байсан. Өнөөдөр мах 2,800 руу ороод ирлээ. Хуушуур, бууз 700-800 төгрөг хэвээрээ л байна.

Уг нь санаагаар болдог бол ядаж л 600-700 төгрөг оруулмаар байгаа юм. Гэтэл хоолны үнэ хямдрах нь битгий хэл улам ч нэмэгдэх янзтай. Тэр дундаа жаахан тохилог, цэвэрхэн зоогийн газар бол үнээ 100-200 төгрөгөөр нэмчихсэн байгаа. Манайханд зах зээлийг мэдрэх, нэгийгээ бодох гэсэн асуудал огт алга.

Махны үнэ 1,000 төгрөгөөр нэмэгдсэн бол хуушуур, буузны үнэ дагаад л нэмэгдэнэ. 1,000 төгрөг ч болж магадгүй. Манай зах зээл ийм л байдаг. Тариа жаахан хомсдох сургаар гурилын үнэ нэмэгддэг. Дэлхийн зах зээл нефьтийн үнэ үл ялиг нэмэгдлээ гэхэд Монголд шатахууны ханш суга өсөх жишээтэй.

Тэгсэн мөртлөө үнэ буурахаар дагаад хямдардаг жишиг хаачив аа. Болдог бол ШӨХТГ-аас ресторан, зоогийн газруудад шаардлага тавимаар байна.

Нэгэнт л хэрэглэгчийн төлөө гэсэн тодотголтой ажилладаг байгууллага юм бол энэ мэтэд оролцсон ч яахав дээ. Хийх юмаа олж ядсан гэж харагдахгүй л байх. Харин ч иргэд дэмжинэ, сайшаана. За тэр шатахууны үнэ энэ тэр яахав. Засгийн газар төсвөө бүрдүүлэхийн тулд татвар, татаасаа тултал нь нэмээд, хямдруулах боломжийг импортлогч байгууллагуудад нь өгөхгүй байгаа юм.

Харин хоолны үнэ хямдрахад бол ёстой түй ч саад алга. Хонь, үхрийн мах хямдарчихлаа. Ресторан, зоогийн газруудын гол хэрэглээ болж байгаа малын мах шүү дээ. Төрөөс ямар элдэв татвар татаас авч байгаа биш.

Больё гэхэд хоолноосоо 500 төгрөг хасчихад болоод л явчихна. Тэд ашиг олохгүй баларчихгүй. Иргэдэд 500 төгрөгийн татуу гэдэг бас л хэрэгтэй. Ингээд л нэг нэгнээ дэмнээд, дэмжээд амьдарчихмаар санагдах юм. Гэвч манайхан илүү ашиг олж л байвал зах зээлийн хууль энэ тэр ёстой лөөлөө байна гэдэг зарчмаар ажилласаар л байна. Зах зээлийн нийгэмд шилжээд 25 жил өнгөрч байгаа зах зээлгүй Монголоо гэж.

Н.ПУНЦАГБОЛД

ЭХ СУРВАЛЖ: "МОНГОЛЫН МЭДЭЭ" СОНИН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж