Коронавирус дэгдсэн сургаар иргэд гурил, будаа, мах нөөцөлснөөр зах, дэлгүүрийн лангуу хоосрон, шинэ жилээс хойш борлуулалт нь саараад байсан наймаачдын хэтэвчийг түнтийлгэн баярлуулж эхлэв.
Барааныхаа үнийг нэмж зарж буй болохоор наймаачдад ногдох ашиг өндөр. Хэрэглэгчид харин шатаж байна. Яагаад гэвэл өөрсдөө үнэ хөөрөгдөх боломж олгосон хойно яалтай, наймаачид боломжийг ашиглаад л бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөн зарж, дараагийн татан авалтаа хийнэ.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээгээр улсын хэмжээнд 158 хоногийн гурилын нөөцтэй бол 15 мянган тонн мах нөөцөд байна. Зөвхөн гурилын нөөцөөр тооцоход чилийсэн таван сарын нөөц буй. Махны нөөц багаслаа гэхэд 70 сая мал бэлчиж байна. Өлстөл өдий гэж…
Эдийн засагчдын тайлбараар сүүлийн хэдэн өдрүүдэд валютын ханш тогтворжиж, сулрах хандлага ажиглагдах болсон. Иймээс хүнс их хэмжээгээр базаах нь эцсийн дүндээ өндөр үнэтэй бүтээгдэхүүн авч “шатах”-ын л цондон болж байгаа тул бодолтой хандаарай л гэж зөвлөе дөө.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ