Г.Загдааг дийлэх цагдаагийн газар байна уу?

Хуучирсан мэдээ: 2020.01.28-нд нийтлэгдсэн

Г.Загдааг дийлэх цагдаагийн газар байна уу?

Г.Загдааг дийлэх цагдаагийн газар байна уу?

Г.Загдаа, цагдаа хоёрын хэн нь хэв журам сахиулах ёстойг ойлгох аргагүй боллоо.

Учир юу вэ гэвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд тавигдсан бичлэгт Г.Загдаа хүний хоолой боон чирч, хүмүүс аврал эрэн хашигралдаж байхад цагдаа “Боль” ч гэж хэлэхгүй  үймээнийг хараад ард нь зогсох. Энэ юу болоод байна вэ, Цагдаагийн ерөнхий газрын дарга аа?

Хэв журам сахиулах үүргээ “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаад шилжүүлчихсэн юм уу, эсвэл энэ хүн хэнийг ч боож унагаж, яаж ч зодсон цагдаа нүдээ аниад өнгөрөх даалгавар авчихсан хэрэг үү. Эс бол Г.Загдаа нь цагдаагийн цагдаа болчихсон юм уу.

Хэдэн сарын өмнө Г.Загдаа төвд нь амьдарч байсан хүүхдүүдийг эцэг, эхэд нь өгөхгүй гэж маргалдсанаас арай л “бослого” гараагүй тухай дуулиан дэгдсэн.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын тайлбараар бол “Зөв амьдрах ухаан”-д хүүхэд асран халамжлах эрх олгоогүй. Гэвч тус төвд 60 гаруй хүүхэд амьдарч байгаагийн 16 нь эцэг, эхээсээ хол. Эцэг, эхчүүд хүүхдээ тус төвд амьдарч байгааг мэдээд авах гэхээр Г.Загдаа өгдөггүй. “Чи архины хамааралтай учраас хүүхдийг чинь өгөхгүй”, “Чи шоронд сууж байсан учраас хүүхдийг чинь өгөхгүй” гэж зандардаг. Хүүхдийн байгууллага, Хүний эрхийн үндэсний комисс очиж, журам танилцуулан хүүхдийг авах шаардлага тавиад ч дийлдэггүй. Эцэг, эх нь алдаа хийсэн байж болно, гэхдээ хүүхдээ авах хүсэлтийг алдаагаар нь хаацайлж, хүний эрхийг зөрчиж болох уу.

Гэр бүл салах болж, шүүхээр асуудал хэлэлцэгдэхэд эцэг, эхийнхээ хэнтэй нь хамт амьдрахыг хүсэж байна вэ гэдгийг хүүхдээс асууж, шийдвэр гаргадаг. Харин Г.Загдаагийн төвд амьдардаг хүүхдэд Монголын хууль үйлчлэхгүй байна. Хэрэв түүний оронд өөр нэгэн энэ мэт асуудал үүсгэсэн бол цагдаа нар яах байсан бол. Наад зах нь камертаа аваачаад суулгасан даа.

Жил гаруйн өмнө гэр хорооллын хашааны газрыг үнэгүйдүүлж болохгүйг шаардаж, хэдэн эмэгтэй Сүхбаатарын талбайд суулт зарлахад бөөсөнд хутга гэгчээр цагдаа нар шөнө дөлөөр “довтолж” хувцас хунарыг нь урж, хүчлэн машинд ачин, майхныг буулгаж байсныг зарим хүн санах болов уу.

Хашааных нь газар орон сууцны урьдчилгаа 30 хувь болж, үнэ нь буусанд дургүйцэж, гэр хорооллынхон ядуу амьдрах ёсгүй. Тэд газрын эзэд болох ёстой. Эрх баригчид гэр хорооллынхныг дорд үзэх ёсгүй гэдэг зүй ёсны шаардлага тавьсныхаа төлөө нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах аятай үзэгдэж, чирэгдсэн.

Гэтэл Г.Загдаа хүний хоолой боож, чирч гулдарч байхад цагдаа нь кино үзэж буй аятай хараад зогсох нь Монгол төрийн эмгэнэл биш үү. Хэнд нь цагдаа нь тонгорог шиг, хэнд нь торго шиг ханддаг юм бэ.

Зүй ёсны шаардлага тавьсан иргэнээ ачаад, камерт суулгадаг атлаа хүний эрх чөлөөнд халдаж байгаа хүнээ яаж ч чаддаггүй цагдаа эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийн эсрэг хөдөлж чадах юм уу, хэрвээ тэд хэрэг мандаавал.

Монголын төр нийгмээс тусгаарлагдсан хүмүүст арга хэмжээ авч чадахгүй болтлоо доройтож, Г.Загдаа мэтийн хүмүүсээр хямгадуулж, яваа бол одоо энэ бүхнээ цэгцлэх цаг нь болж. Хүн бүр хуулийн доор амьдрах ёстой болохоос биш төрдөө орхигдсон архичин хүмүүсийг амьдралтай нь залгуулж яваа нэрийн дор, хууль зөрчин, даам  гарах ёсгүй.

Орох оронгүй, архины хамааралтай хүмүүсийг халамжилж байгаа нэрийн дор зарим төрийн бус байгууллага гадаад, дотоодын буяны байгууллагын мөнгийг сааж, төсвөөс тодорхой хөрөнгө татаж амьдрах хэрэгслээ болгон ашигладаг тухай мэдээлэл гарах болсныг төрийн холбогдох байгууллагууд анхаарч, хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж чадаж байна уу гэдгийг шалгаж, тогтоох шаардлага ч үүсчээ. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагын эрхийг нь сунга, хууль зөрчиж байгаагийнх нь эрхийг цуцал.

Г.Загдаа, цагдаа хоёрын хэн нь хэв журам сахиулах ёстой вэ гэдгийг цагдаагийн даргад дахин нэг сануулчихъя. Г.Загдааг дийлэх цагдаагийн газар байна уу.

Л.ОЮУ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
9
БурууБуруу
8
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж