Тэртээ 2000-аад оны дунд үеэс дэлхийн зах зээл дээрх эрдэс баялгийн үнэ өсөхтэй зэрэгцэн Монгол Улсын олборлох салбар дотоодын эдийн засагт эзлэх байр суурь огцом нэмэгдсэн. Тодруулбал, 2000 оны эхэнд уул уурхайн салбар ДНБ-ий ердөө есөн хувийг эзэлж байсан бол өнөөдөр 20-30 хувийг дангаараа бүрдүүлэх болжээ. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2012 онд 17.3 хувьд хүрч, дэлхийд гайхагдан, гадаад хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах болсон. Тэгвэл 2018 онд эдийн засаг 7.2 хувь, 2019 онд 6.7 хувьтай өссөн бол 2020 онд 6.1 хувь өсөх төлөвтэй байна. Цаашид ч уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн тулгуур байх болно гэдгийг судлаачид онцолдог.
Харин уул уурхайг дагасан эдийн засгийн өсөлт иргэдийн амьжиргаанд хэр нөлөө үзүүлж байгаа нь өнөөдрийг хүртэл ойлгомжгүй хэвээр байна.
Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны зургадугаар сард гаргасан судалгаанаас үзэхэд, уул уурхай бүхий сумдад өрхийн нийт орлого бусад сумын өрхийн орлогоос 7% илүү бөгөөд энэ нь голчлон цалингийн түвшинд гарсан зөрүүнээс шалтгаалжээ. Амьжиргааны бусад үзүүлэлтийн хувьд ч уул уурхайн нөлөө багагүй гэж дүгнэж болохоор байна. Тухайлбал, уул уурхайтай сумдад өрхийн хэрэглээ бусад сумын өрхийн хэрэглээнээс 11% илүү, ядуурлын түвшин 8% доогуур байгаа судалгааны үр дүнд гарчээ.
Гэхдээ уул уурхайтай сумдад өрхийн ажилгүй иргэдийн тоо, өвдсөн хүмүүсийн тоо зэрэг үзүүлэлт бусад сумын өрхүүдээс мэдэгдэхүйц их, хөдөө аж ахуй болон өрхийн бизнесийн үйл ажиллагаа сайнгүй байна. Мөн уул уурхайн компаниуд тухайн орон нутгийнхаа эдийн засагт хувь нэмэр багатай боловч, улсын түвшинд татвар, цалин, худалдан авалтаар дамжаад хувь нэмэр ихтэй, тэр хувь нэмрийг нь уул уурхайн бус сумын өрхүүд ихээр хүртдэг гэдэг нь судалгааны үр дүнд гарчээ. Энэ нь манай улсын уул уурхайн салбар, эдийн засгийн онцлогтой холбоотой байж болох юм гэдэг дүгнэлтийг судлаачид дэвшүүлж байна.
Уул уурхайн салбарын орлого Монгол Улсын эдийн засгийн 20-30 хувийг дангаараа бүрдүүлдэг. Энэ ч үүднээс төсвийн зарцуулалт ч мөн адил энэ салбарын үр өгөөж хэр ард иргэдэд хүрч байгааг илтгэнэ. Тодруулбал, MICC компанийн хийсэн судалгаагаар Монгол Улс 2016-2019 оны хооронд улсын хэмжээнд хэрэгжих төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийх зорилгоор 429 тэрбум төгрөг төсөвлөсөн ч үүнийхээ 169.8 тэрбум төгрөг буюу 36.9 хувийг л зарцуулжээ. Энэ нь ихэнхдээ барилга нураан буцаагаад барихад зориулагдсан гэдгийг MICC компанийн ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ онцлон тэмдэглэв. Тодруулбал, шинээр сургууль цэцэрлэг барина гэж улсын төсөвт хөрөнгө суулгадаг гэтэл эрх баригчид цэцэрлэгийн хуучин барилгыг нураагаад шинийг барьчихдаг. Цэцэрлэг, сургуульгүй хороодод ойртсон барилга байгууламж барьдаггүй гэв.
Мөн 2016-2019 оны хооронд баригдсан барилга гэвэл Сүхбаатарын талбайн баруун талаас Улаанбаатар хотын банк буюу шилэн банкны барилга хүртэл явахад харагдана гэдгийг тэрбээр онцлон ярьж байв.
Тэрбээр "Энэ үед эрх баригчид иргэдийг орон сууцжуулах зорилгоор жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг гаргаж байсан. Жилдээ 1 их наяд төгрөгийн ипотекийн зээл гаргаснаас 64 тэрбум төгрөгийн зээлийг иргэдэд олгожээ. Энэ ажил нь иргэдийн орон сууцжуулах гэхээсээ илүүтэй барилгын компанийн үйл ажиллагааг дэмжсэн ажил болсон гэдгийг судлаачид хэлж байна. Учир нь ипотекийн зээл олгосноор гэр хорооллын өрхийн тоо буураагүй. Эсрэгээрээ нэмэгдсэн гэв. Үүний зэрэгцээ Засгийн газар хүү багатай зээл гаргаж, алдагдлаа уул уурхайн орлогоос нөхөж байсан" гэдгийг дурдав.
Тус компанийн зүгээс Монгол Улс төсвийн хөрөнгөөр бүх асуудлыг шийдэх гэж оролдохын оронд улс орны хөгжлийн бодлогоо НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь төсөв, мөнгө хэмнэх арга байж болох юм гэсэн санал дэвшүүлсэн юм.
Холбоотой мэдээ