“Хүмүүс дайн болох гэж байгаа юм шиг л хүнсээ базааж байна”

Хуучирсан мэдээ: 2020.01.28-нд нийтлэгдсэн

“Хүмүүс дайн болох гэж байгаа юм шиг л хүнсээ базааж байна”

“Хүмүүс дайн болох гэж байгаа юм шиг л хүнсээ базааж байна”

Гулууз мах, шуудай гурил хоёр гурваар нь үүрсэн иргэд холхилдоно. Зарим нь будаа, гоймон, ургамлын тос, элсэн чихэр ууттай нь бөөндөж авч байв. “Хоёр шуудай гурил олж авч чадах нь уу” хэмээн хоорондоо ярилцах хүмүүс ч тааралдлаа. Энэ бол “Хүчит шонхор” худалдааны төвийн дүр төрх. Өнөөдөр /2020.01.28/ 10.00 цагийн үед “Хүчит шонхор” захыг зорин очиход замын хөдөлгөөнд түгжрэл үүсчээ.

Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн. Энэ өдрүүдэд баярын бэлтгэл ажил ид өрнөдөг. Тус захаар үйлчлүүлж буй иргэдийн зарим нь “Цагаан сарын баярт хэрэглэх мах, гурилаа бэлдэж байна” гэсэн бол зарим нь “БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар гарсан учраас хүнсээ нөөцөлж байна” гэдэг хариултыг өгөв.

“ХҮЧИТ ШОНХОР” ЗАХ ОРЧМЫН ЗАМ ТҮГЖИРЧ, НЭГ ЧИГИЙН ХӨДӨЛГӨӨНД ОРУУЛСАН”

Өнөө өглөө 07.00 цагийн үед “Хүчит шонхор” захыг зорих замын хөдөлгөөн эрс нэмэгдэж, энэ чиглэлийн замыг нэг урсгалтай болгож зохицуулсан гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээлсэн юм.

Замын хөдөлгөөний ачааллын талаар Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлстсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Бат-Эрдэнэ  “Хүчит шонхор” худалдааны төвийн орчим замын хөдөлгөөн өглөө үүрээр 05.00, 06.00 цагт ачаалалтай байдаг. Өнөөдөр гэхэд худалдааны төвийн ачаалал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор 07.20 минутад автомашинуудын хөдөлгөөн хэсэг хугацаанд зогссон. Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтсээс гурван автомашинтай найман алба хаагч ажиллаж, замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулаад байна. Худалдааны төвийн ачаалал эрс нэмэгдсэн учраас захын ойролцоох зогсоолууд дүүрч, зам дээр түгжрэл үүсээд байна” гэлээ.

“ХҮМҮҮС ДАЙН БОЛОХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ Л ХҮНСЭЭ БАЗААЖ БАЙНА”

Тус захын махны болон гурил будааны хэсгийн худалдан авалт сайн байгаа нь анзаарагдсан юм. Худалдагчаас “Будаа 5 кг нь хэд вэ?”, “Ургамлын тос авъя”, “Элсэн чихэр байна уу” хэмээн иргэд тал талаас асууна.

“Миний хувьд цагаан сарынхаа буузыг хийх гурилаа худалдан авлаа. Захаар үйлчлүүлж буй иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй байна. Энэ худалдан авалтыг далимдуулж, наймаачид гурил, будаа, махныхаа үнийг өсгөжээ. Иргэдийн хувьд дайн болох гэж байгаа юм шиг л хамаг хүнсээ базааж байна. Ер нь бүх төрлийн хүнсний лангуу борлуулалт сайтай байх шиг байна” гэдгийг иргэн Ц.Сүрэнхүү хэллээ.

“СҮҮЛИЙН ГУРАВ ХОНОГ ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАЛТ ЭРС НЭМЭГДСЭН”

Цааш махны хэсэгт ороход иргэдийн хөл бусад өдрүүдийнхээс эрс өсчээ.  “БНХАУ-д халдварт өвчин гарсан гээд хоол хүнсээ базааж явна. Би ч базааж шальсан юм алга. Адууны мах ханиад томуунд сайн гээд худалдан авч байна. Энэ хүмүүс чинь гурил будаа, махыг шуудайгаар нь бэлдэж харагдах юм. Иргэд аарцыг бүр шуудай шуудайгаар нь худалдан авч байна лээ. Хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ ч их нэмэгдсэн байна. Өвчин дэгдсэн сургаар 100 төгрөгийн маск 500 төгрөгийн үнэтэй болсон байна лээ” хэмээн иргэн С.Лхагважаргал учирлав.

Махны худалдаачин эмэгтэй “Сүүлийн гурав хоногт иргэдийн худалдан авалт эрс нэмэгдсэн. Түүнийг нь дагаад махны үнэ ч өсөөд байна. Жишээлбэл, үхрийн мах гурван хоногийн өмнө 9500 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 11500 төгрөгөөр худалдаалж байна” гэв.

“ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙГ ХААХ ШИЙДВЭР ГАРГААГҮЙ”

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан, Нийслэлийн онцгой комиссын хуралдаан нэгдүгээр сарын 26, 25-нд болж, томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн үйл ажиллагааг мөн энэ хугацаанд хориглох шийдвэрийг гаргасан. Тэгвэл энэ үеэр томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр хаах шийдвэрийг гаргаагүй юм.

Тийм учраас иргэд, олон нийтийг цахим орчноор тархаад буй зах, худалдааны төвүүдийг хаана гэсэн худал мэдээлэлд итгэн, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, “үнийн хөөрөгдөл” үүсгэх шаардлагагүй гэдгийг албаныхан уламжилж байгаа юм.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ТэнэглэлТэнэглэл
12
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж