НЭМЭЛТ:
Коби Брайантын нисдэг тэрэг нислэгийн төвтэй холбогдсон сүүлийн бичлэг ил боллоо. Энэхүү бичлэгт Коби Брайантын онгоцны нисгэгч нислэгийн төвтэй холбогдож, VFR буюу нислэгийн харагдах дүрмийн дагуу харагдах орчны байдал нь муу байгаа учир чиглэлээ өөрчилж, SVFR буюу онцгой тохиолдолд нисэх зөвшөөрөл хүсчээ. SVFR нь зөвхөн онцгой тохиолдолд VFR-ийн дүрмэнд заагдсанаас агаарын тогтворгүй нөхцөлд хүсдэг зөвшөөрөл байжээ. Ийнхүү тэд чиглэлээ өөрчилж, дараагийн нислэгийн төвтэй холбогдож зааварчилгаа авах байсан ч радарт үзэгдэхээ больжээ.
КОБИ БРАЙАНТЫН ОСОЛДСОН ГАЗРААС ГУРВАН ЦОГЦОС ОЛДЖЭЭ
Орон нутгийн цагаар даваа гаригийн орой Коби Брайантын нисдэг тэрэг осолдсон газраас гурван цогцос олсон тухай мэдээллээ. Одоогийн байдлаар танигдах боломжгүй болсон эдгээр цогцсыг ДНК-ийн шинжилгээ хийж тогтоох юм байна. Харин үлдсэн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг мэдээллээ. Коби Брайант болон түүний охин Жианнатай хамт тус онгоцонд коллежийн бейсболын дасгалжуулагч Жон Алтобелли болон түүний эхнэр Кери, охин Алисса, Мамба спорт академийн туслах дасгалжуулагч Кристина Маузер, мөн зорчигчид болох Сара, Пейтон Честер болон нисгэгч Ара Зобаяан нар зэрэг есөн хүн байжээ.
Коби Брайантын нисдэг тэргийг сүйрч байхыг харж байсан гэрч хэлэхдээ “Би найзтайгаа уулаар дугуй унаад явж байсан. Их манантай байсан л даа тэгтэл нэг нисдэг тэрэг их доогуур нисч байсан. Нисдэг тэрэг манан дундаас гарч ирээд л биднээс 200 футын цаана осолдсон. Бид нисдэг тэрэгний сэнснээс гарч байсан агаарыг мэдрэхээр ойрхон байсан. Тэгээд л маш том дэлбэрэлт болсон. Нисдэг тэрэгний нэг хаалга нь биднээс 10-15 футын наана л хийсч ирсэн. Нисдэг тэрэгний эд ангиуд тал, тал тийшээ үсэрсэн. Нисдэг тэрэгний маш жижиг хэсэг нь үлдсэн” хэмээжээ.
Түүний найз ярихдаа “ Бид бушуухан доошоо буугаад туслахыг хүссэн гэвч тэнд ямар ч хүн амьд үлдээгүй байсан. Миний найз шууд 911 дуудсан. Бид тэнд галын нисдэг тэрэг ирж галын хүн бууж иртэл байсан. Бид цагдаагийн байгууллагад юу болсон тухай бүгдийг ярьсан. Бид Коби Брайант тэр онгоцонд байсан тухай доошоо бууж, машиндаа суух хүртлээ мэдээгүй” хэмээжээ.
Ослын шалтгааны хувьд тус өдөр Лос-Анжелос хот өтгөн манангаар бүрхэгдсэн байжээ. Орон нутгийн нислэгийн удирдлагын газраас Коби Брайантын онгоцыг хэт доогуур нисч байгааг мэдэгдсэний дараа гэнэт радар дээр үзэгдэхээ больжээ. Одоогоор онгоцны хар хайрцгийг хайж байгааг мэдэгдлээ. Тус нислэгийн төвөөс мэдэгдэхдээ "Бид тус нисдэг тэрэгний нисгэгчид хандан та нар хэд доогуур нисч байна өндрөө ав гэж хэлсэн" тухайгаа ярьжээ. Коби Брайантын хуучин нисгэгч Курт Дитз ярихдаа " Тэр нисдэг тэрэг бол маш нарийн олон жижиг хэсгээс бүрдсэн хэдэн мянган цагийн туршлагатай хүний жолоодох бүтээл. Үүнийг нисгэж чадах нисгэгч тийм ч их биш. Энэ нисдэг тэрэг зүгээр тэнгэрээс унана гэж байхгүй" хэмээжээ.
Коби Брайантын хувьд эхнэр Ванессатайгаа нисдэг тэргэнд хэзээ ч хамтдаа зорчихгүй гэсэн хатуу гэрээ байгуулсан тухай эх сурвалжууд мэдээлж байсан. Мөн өнөөдөр зохион байгуулагдах Лос-Анжелос Лэйкерс болон Лос-Анжелос Клипперс багуудын тоглолт хойшлогджээ.
Холбоотой мэдээ