Хэнтий аймагт нас барсан хүүхдийн шинжилгээний хариу гарав

Хуучирсан мэдээ: 2020.01.28-нд нийтлэгдсэн

Хэнтий аймагт нас барсан хүүхдийн шинжилгээний хариу гарав

Хэнтий аймагт нас барсан хүүхдийн шинжилгээний хариу гарав

Нэмэлт:

Хэнтий аймагт уушгины хатгалгааны хүндрэлээр нас барсан 14 настай охиноос авсан шинжилгээний хариу гарсан байна.

Уг шинжилгээний хариуг Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодруулахад "Хэнтий аймаг дахь сэжигтэй тохиолдлын сорьцын шинжилгээний хариу орой гарсан. Шинжилгээгээр томуугийн А хүрээний Н1N1 вирус илэрсэн" гэдгийг хэлсэн юм.

Талийгаачийг коронавирусын халдвараар амиа алдсан байж болзошгүй гэж үзэн, нарийвчилсан шинжилгээ хийсэн бөгөөд хариу нь уушгины хатгалгаа гэж гарсан байна.

Уушгины хатгалгааны улмаас Монгол Улсад жилд 400 гаруй хүн нас бардаг аж. Тодруулбал, 2019 онд 431 хүн уушгины хатгалгаараар нас барсан байна.

Г.ХОРОЛ


Хонгконгоос Улаанбаатарт ирсэн онгоцыг битүүмжилжээ

Хонконгоос Улаанбаатар чиглэлийн онгоцоор өнөөдөр /2020.01.28/ өндөр халуунтай нэг иргэн Улаанбаатарт ирлээ. Онгоц дөнгөж сая Чингис хаан нисэх онгоцны буудалд газардаад байна.  Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлж буйгаар тус зорчигчийг эмч нарын баг хүлээж аван, шинжилгээ авах бөгөөд хариу нь 24-48 цагийн дараа гарах юм. Тус өвчтөнийг зорчигчдоос тусгаарласан байдалтай авчирсан гэнэ. Мөн тус өвчтөн нь БНХАУ-д сурдаг 24 настай иргэн ажээ.

Түүнээс гадна зорчигчид дундаас дахин нэг иргэн халуурсан тул тус онгоцыг бүтүүмжлэн, ХӨСҮТ-ийн баг үзлэг хийж байна.

Р.РЕНЧИНДУЛАМ


АВСТРАЛИД ОЧСОН МОНГОЛ ИРГЭНЭЭС КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

НЭМЭЛТ:

Салбар яаманд шинэ коронавирусийн халдварын мэдээлэл цаг, минут тутамд ирж, бидний зүгээс нягталж, тодруулж ажиллаж байна. Австралийн Эрүүл мэндийн газраас “Монгол Улсын иргэн нэгдүгээр сарын 19-ны өдөр БНХАУ-ын Гуанжугаас Мельбурн хотод буухдаа халуурч, лабораторийн шинжилгээгээр вирус илэрсэн” гэх анхдагч мэдээллийг авсан. Бид Австралийн Эрүүл мэндийн газартай биечлэн холбогдлоо. Мөн и-мэйлээр албан ёсны хариуг хүлээн авсан. Үүнд, тухайн коронавирусийн халдвар авсан иргэн нь Монгол Улсын иргэн биш. Монгол Улсын иргэнтэй онгоцонд ойрхон явсан БНХАУ-ын иргэнээс коронавирус илэрсэн болох нь тогтоогджээ. Олон улсын эрүүл мэндийн дүрмээр нэгдүгээр хавьтал болсон бүх улсад мэдээллийн системээрээ мэдээлэл дамжуулдаг.

Коронавирус илэрсэн байж болзошгүй БНХАУ-ын иргэнтэй хамт зорчиж байсан Монгол Улсын иргэн нь нэгдүгээр сарын 25-нд Улаанбаатарт ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д тусгаарлагдан, шинжилгээ өгч байгаа ажээ.

“Монголд дөрвөн төрлийн коронавирусийн халдварыг лабораториар тогтоож чадна”

Шинэ коронавирусийн халдвар 2019 оны сүүлчээр БНХАУ-ын Үхань хотод гарч, өнөөдрийн байдлаар 4000 хүнд халдварлаад байна. Энэ шинэ халдварыг дэлхий нийтэд хараахан нэрлээгүй байгаа. Тийм учраас шинэ коронавирусийн халдвар гэж байгаа. Өмнө нь долоон төрлийн коронавирус илэрч, тогтоогдсон, оношлогддог. Манай улсын хувьд нутагшмал тархалттай буюу дөрвөн төрлийн коронавирусийн халдварыг лабораториар тогтоож чаддаг байсан. Одоо шинэ халдвар үүссэнтэй холбоотойгоор дэлхий нийтэд эрдэмтэн судлаачид 20-хон хоногийн дотор оношлуурыг гарган авч чадлаа. Бид энэ оношлуурыг 10 гаруй хоногийн дотор эх орондоо авч ирж, баталгаатай онош тавьдаг боломжийг бүрдүүлээд байна.

“Хэнтий аймгийн сэжигтэй тохиолдлын хариу оройдоо гарна”

Өнөөдөр 11.00 цагийн мэдээллээр Хэнтий аймагт нас барсан сэжигтэй тохиолдлоос сорьц авч, ХӨСҮТ-ийн томуугийн лавлагаа лабораторит шинжилж байгаа. Өнөө оройдоо энэ хариу гарчихна. Энэ урьдчилсан хариуг гадаад чанарын хяналт буюу баталгаажуулахын тулд оношлуурыг бидэнд илгээсэн Япон улсын лабораторит илгээх юм. Тэрнээс биш бид урьдчилсан хариугаа аваад та бүхэнд мэдээлэх боломжтой.

“Хилийн боомтод гацсан иргэдээс сэжигтэй тохиолдол илрээгүй байна”

БНХАУ-ын Цагаан сар болсонтой холбоотойгоор нэгдүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд хилийн боомтуудыг хаасан. Өнөөдөр өглөө 08.00 цагаас эхлэн хоёр улсын хилийг нээсэн. Ингэхэд БНХАУ-д зорчиж явсан манай улсын иргэд эх орондоо ирсэн. Эдгээр иргэдийн эрүүл мэнд, хилийн хяналтад анхаарал тавьж ажиллахаар өчигдөр /2020.01.27/ орой шөнийн 01.00 цаг хүртэл хуралдсан. Үүний хүрээнд Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Ховд аймгийн удирдлагуудтай холбогдож, хилийн боомтод ямар хяналт тавих тал дээр холбогдох мэргэжилтнүүдэд чиглэл өгч ажилласан. Одоогийн байдлаар эдгээр иргэдийн дунд халуурсан, сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдол гараагүй байна.

А.ЦЭЭСҮРЭН


НЭМЭЛТ:

Австрали улсад одоогийн байдлаар таван хүн коронавирусийн халдвараар өвчилсөн нь тогтоогдоод байгаа юм. Үүнээс хоёр нь  тус улсын иргэн байгаа бол нэг нь Австралид сурдаг 21 настай Хятадын оюутан, харин нэг 50 орчим насны хятад иргэн гэж тус улсын хэвлэлүүдэд дурджээ. Өөрөөр хэлбэл, Австралид коронавирусийн халдвараар өвчилсөн анхны хүн нь 50 орчим насны хятад иргэн байсан бол дөрөв дэх нь мөн хятадын иргэн байжээ

Сануулахад, БНХАУ-ын Гуанжу хотоор дамжин Австралид очсон Монгол иргэн коронавирусын халдвар авсан тухай мэдээллийг албан эх сурвалж өгч байсан ч энэ нь дээрх мэдээллээр үгүйсгэгдлээ. Мөн Монгол Улсын Эрүүл мэндийн яам Австралид очсон Монгол иргэнээс коронавирусын халдвар илрээгүй гэж мэдэгдлээ.

Н.АМГАЛАНТУУЛ

Эх сурвалж: 9news.com.au


Австралид очсон монгол иргэн коронавирусээр халдварлажээ

НЭМЭЛТ:

ЭМЯ өнөөдөр /2020.1.28/ 13.00 цагаас коронавирусийн асуудлаар дахин мэдээлэл хийж, Австралид очсон монгол иргэн шинэ төрлийн коронавирусээр халдварласан болох нь тогтоогдсоныг зарлалаа. Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “2020 оны нэгдүгээр сарын 19-нд Австралийн Мельбурнд очсон монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрчээ. Коронавирусийн халдвар илэрсэн иргэн нь 34 настай, эрэгтэй. Тус хотод очсон шөнөөсөө халуурсан бөгөөд эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж байгаа. Шөнө төрлийн коронавирус гэдэг нь нэгдүгээр сарын 25-нд лабораторийн шинжилгээгээр баталгаажсан" гэлээ.

ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Олон улсын эрүүл мэндийн дүрмийг 196 орон дагаж мөрддөг. Халдварт өвчин нь тухайн улсдаа бүртгэгдэнэ” гэлээ. Одоогоор өвчтөний биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд БНХАУ-ын Гуанжу хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мельбурн хотод 2020 оны нэгдүгээр сарын 19-нд очсон байна.

Р.РЕНЧИНДУЛАМ


"ЧОЙРТ ӨНДӨР ХАЛУУРСНЫ УЛМААС ХҮН НАС БАРСАН ТОХИОЛДОЛ ГАРААГҮЙ"

НЭМЭЛТ:

Говьсүмбэр аймгийн Чойр хотод нэг иргэн өндөр халуурсны улмаас нас барсан талаарх мэдээлэл зарим хэвлэлээр гараад байна. Энэ асуудлыг Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэлээс тодрууллаа. Тэрбээр “Манай аймагт халуурсны улмаас эсвэл хатгалгаа болон ханиад томуугийн шинж тэмдгээр нас барсан тохиолдол өнөөдрийн байдлаар гараагүй. Манайд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүтгэгдээгүй байна. Гэтэл өндөр халуурч хүн нас барлаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн байгууллагаар гараад байна. Энэ нь худал мэдээлэл тул бид худал мэдээлэл тараасан газруудыг шүүх байгууллагад өгнө” гэлээ.

Р.РЕНЧИНДУЛАМ


ЭМЯ: КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ, СЭЖИГТЭЙ ХҮМҮҮС ХЯНАЛТАД БАЙНА

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас коронавирустэй холбоотой асуудлаар өнөөдөр /2020.01.28/ мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар дэлхий дахинд 4474 хүн шинэ төрлийн коронавирусээр өвчлөөд байна. Үүний 4439 нь БНХАУ-д бүртгэгдэж, 106 хүн нас бараад байна. Энэ нь БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооноос ирүүлсэн мэдээлэл. Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна. Нэгдүгээр сарын 9-27-ны хооронд Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д нийт 13 хүнд шинжилгээ авсан. Эдгээр иргэд нь БНХАУ-аас ирсэн, халуурсан иргэд байсан. Эдгээрийн дөрвөөс нь томуугийн А хүрээний вирус илэрсэн. ЭМЯ, Гадаад харилцааны яам нь коронавирустэй холбоотой мэдээллийн албаны эх сурвалж болж байгаа бол гаднын орнуудын эх сурвалж нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/, БНХАУ-ын эрүүл мэндийн хороо, БНХАУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төв, Синхуа агентлаг болж байгаа.

Архангай болон Ховд аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч үгүйсгэгдсэн. Халуурсан, уушгины хатгалгаа туссан, хатгалгааны улмаас нас барсан тохиолдлыг шалгаж багаа. Хонконгоос ирсэн хоёр оюутан болон Өмнөговь, Булган, Хэнтий аймагт гарсан сэжигтэй тохиолдлуудаас шинжилгээ авсан, хариу гарахаар дахин мэдээлнэ.

Шинэ коронавирусийн оношлуур Японы Халдварт, өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс ирсэн. Тус хүрээлэн нь ДЭМБ-ын хамтын ажиллагааны төв. Оношлуурыг ХӨСҮТ-д Томуугийн лавлагаа лабораторид ашиглаж байна.

2019 оны сүүлийн мэдээллээр уушгины хатгалгаагаар 78 мянга 141 хүн хэвтэн эмчлүүлсэн. Уушгины хатгалгаа өвчнөөр 431 хүн нас барсан.

Шинэ төрлийн вирусийн халдвартай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүн болон маскны эрэлт өндөр, зохиомол хомсдол, үнийн хөөргөдөл ажиглагдаж байна. эдгээр зүйлсийг иргэд нөөцөлж эхлээд байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргасан шийдвэрээр зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж байгаа. Бүтээгдэхүүний үнийн хөөргөдөл үүсгэх шаардлагагүй гэж анхааруулсан.

Гадаад харилцааны яам нь Хятадын Үхань хотод байгаа оюутнуудаа авчрах хүсэлтийг тус улсын Гадаад харилцааны яаманд албан ёсоор хүргүүлсэн. Ийм хүсэлтийг өөр 10 орон тавиад байгаа юм билээ. БНХАУ нь эрүүл мэндийн үзлэг хийж, аюулгүй байдлыг хангаад зөвшөөрөл өгөхөө илэрхийлсэн.

Маскны эрэлтээ хангаж гүйцэхгүй байна. Мөн зохиомол үнийн хөөргөдөл үүсгэх хандлагатай байна. Тиймээс энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 18001284 дугаарын утсанд мэдээлэл, гомдол өгөх боломжтой. Эм ханган нийлүүлэх байгууллагууд нь эхний ээлжид 45-60 хоногийн нөөц бүрдүүлдэг юм байна. “Мөнхийн тун”, “Монхимо” зэрэг газрууд дотооддоо маск үйлдвэрлэдэг. Мөнхийн тун нь хоногт 42 мянган маск үйлдвэрлэх хүчин чадалтай, “Монхимо” нь 30 мянган ширхэг маск үйлдвэрлэх хүчин чадалтай. Улсын хэмжээнд 200 мянган маскны нөөц бий” гэсэн юм.

АСУУМЖ, ТАНДАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙГАА

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Монголд ирж буй иргэдээс асуумж асууж, тандалтыг нэмэгдүүлж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Хэрэв сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлах өрөө бэлдсэн байгаа” гэлээ.

ЭРҮҮЛ АХУЙН 100 ГАРУЙ БАЙЦААГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Хил гаалийн хяналт хэрхэн явагдаж байгаа талаар МХЕГ-ын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар “ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байгаа. Нөхцөл байдалтай холбогдуулан бид өндөржүүлсэн байдалд ажиллаж байна. Хилийн бүсэд 450 байцаагч ажилладаг. Үүний 100 гаруй нь эрүүл ахайн байцаагчид. Түрүүн 13 сэжигтэй тохиолдол дээр ажилласан гэж дурдлаа. Үүний долоо нь хилийн боомтоор орж ирсэн хүмүүс байсан. Сэжигтэй тохиолдол гарвал тухайн иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлж байгаа” гэлээ.

ЭЦСИЙН ОНОШИЙГ ЯПОНЫ ТАЛ ГАРГАНА

Хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатараас дараах асуултад хариулт авлаа.

-200 оношлуурын нэгийг нь нэг удаа л ашиглах уу, цаашид тоог нь нэмэгдүүлэх үү. Мөн Япон Улс руу хариуг нь илгээж байж, оношоо баталгаажуулах юм уу?

-Нэг оношлуурыг нэг удаа л ашиглана. Тус оношлуурыг зөвхөн ХӨСҮТ-д ашиглана. Ямар ч өвчний үед оношийн баталгаажилтыг эцэслэхэд ганцхан лабораторийн шинжилгээгээр хийдэггүй. Олон улсын итгэмжлэгдсэн лабораторид өгч байж, эцсийн оношийг баталгаажуулдаг. Тэр дүрмээ дагана. Засгийн газраас авсан тус оношлуурын тоог цаашид нэмэгдүүлнэ. Оношлуурын хариу 24-48 цагийн дараа гарна. Эцсийн оношийг Японы тал гаргана.

-Монголд 13 эрсдэлтэй  тохиолдлыг үгүйсгэлээ гэж байна. Оношлуур нь өчигдөр ирсэн, хариу нь 24 цагийн дараа гардаг. Тийм байхад шууд үгүйсгэж болж байгаа юм уу?

-Дээрх 13 тохиолдлыг нэгдүгээр сарын 9-27-нд үгүйсгэсэн байгаа. Энэ нь өвчтөний бие сайжирсан, эсвэл лабораторийн шинжилгээгээр 22 үүсгэгч илрээгүй гэсэн үг.

-Жилд хэдэн хүн хатгалгаагаар нас бардаг вэ?

-Хүйтэн, вирусийн халдвар их тархдаг манайх шиг оронд уушгины хатгалгаагаар нас барсан тохиолдол их гардаг. Өнгөрсөн жилд гэхэд 431 хүн уушгины хатгалгаагаар нас барсан байна. Тиймээс уушгины хатгалгаа бүрийг шинэ төрлийн коронавирустэй холбож болохгүй. Гэхдээ хатгалгаатай холбоотой нас баралт бүрийг шинэ төрлийн коронавирусээс болсон уу, үгүй юу гэдгийг бид нотлох үүрэгтэй

Р.РЕНЧИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
9
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж