Норвегийн Хаант Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Олборлох үйлдвэрүүдийн ил тод байдлын санаачилга” байгууллагын тэргүүн, хатагтай Хелен Кларкийг хүлээн авч уулзав.
Хелен Кларк нь Шинэ Зеланд Улсын парламентын гишүүнээр 28 жил, Ерөнхий сайдаар 9 жил, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчаар 8 жил ажиллаж байгаад өдгөө Олборлох үйлдвэрүүдийн ил тод байдлын санаачилга байгууллагын тэргүүнээр ажиллаж байна.
Энэ байгууллага нь ашигт малтмалын нээлттэй, хариуцлагатай менежментийг дэмжих Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд аливаа улсын байгалийн баялаг нь иргэдийнхээ өмч байх ёстой гэдэг үзэл санаанд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг юм.
Монгол Улс энэ санаачилгад 2007 онд нэгдсэн бөгөөд хатагтай Хелен Кларк Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ “Монгол Улс энэ санаачилгад идэвхтэй оролцдог. Олборлох салбарын ил тод байдлыг дэмжих тал дээр санаачилгатай ажилладаг” гэж дүгнэдгээ хэлсэн юм.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уул, уурхайн салбарын орлого, эздийг ил тод байлгах, Засгийн газрын үйл ажиллагаанд хэрхэн зарцуулагдаж байгааг хянах, ямар ашиг тус өгч байгааг иргэд маш хялбараар хянаж болдог ил тод байдлын санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Баялгийн сантай болоход ил тод байдал хамгийн чухал гээд олон жилийн туршлагатай энэ байгууллагын мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж, хамтран ажиллахыг хүслээ. Хатагтай Хелен Кларк Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авч, цаг зав гарган уулзсанд талархал илэрхийлэв.
Эх сурвалж: PRESIDENT.MN
Холбоотой мэдээ