Сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийг ирэх гуравдугаар сарын 2-н хүртэл хаах шийдвэрийг Улсын Онцгой комисс /УОК/ нэгдүгээр сарын 24-ний хуралдаанаар гаргасан. Шийдвэрийг энэ долоо хоногийн даваа гариг буюу нэгдүгээр сарын 27-ноос эхлэн улс орон даяар мөрдөж эхэлсэн. Тэгвэл энэ шийдвэр хэрхэн хэрэгжиж байгаа талаар энэ удаагийн дугаарын сурвалжлагаа бэлтгэлээ.
“ИХ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛ ТҮР ХААСАН УЧРААС ХӨДӨӨ ЯВНА”
Мэргэжилтнүүдийн зүгээс БНХАУ-д дэгдээд буй шинэ коронавирусын халдвар Монголд тархах аюултай учраас бүх сургууль, цэцэрлэгийн хичээлийг зогсоосон. Энэ бол сурагчдын амралт биш хөл хорио гэдгийг хэлж, сануулсаар байгаа юм. Үүнтэй холбогдуулан, жолооны курс, сургалтын дамжаанууд хичээллэхгүй юм. Мөн PC тоглоом, автомат тоглоом, хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хязгаарласан. Кино үзвэрүүд энэ хугацаанд 18 нас хүртэлх хүүхэд залууст үйлчлэхгүй юм байна.
Сурвалжлага бэлтгэх үеэр хотын төв хэсгээр бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд цөөн явж байсан бөгөөд хамт явсан бага насны хүүхдүүд бүгд маск зүүсэн байлаа.
Бидний эхний орсон үйлчилгээний газар бол “Тэнгис” кинотеатр. Тус кинотеатрын үүдэнд “Ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл 0-18 насны хүүхдэд үйлчлэхгүй болохыг анхааруулъя” гэдэг анхааруулгыг наасан байв. Дотогш ороход кино үзэхээр тав, зургаан хүн л хүлээлгийн танхимд сууж харагдлаа. “Би хоёрдугаар курсийн оюутан. Найзтайгаа кино үзэх гээд хүлээж байна. БНХАУ-д коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор их, дээд сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан нь зөв гэж бодож байна. Миний хувьд энэ хугацаандаа хөдөө явах төлөвлөгөөтэй байгаа. Хичээл орохоор л хотод ирнэ дээ. Залуус эрүүл мэнддээ анхаарч, маскаа зүүж байгаа нь сайшаалтай” хэмээн Х.Балжинням ярилаа.
“ЖОЛООНЫ СУРГАЛТ АЖИЛЛАХГҮЙ, ХҮМҮҮСЭЭ БУЦААСАН”
Дараагаар нь арван жилийн сурагчдын олноор үйлчлүүлдэг цахим тоглоомын газрыг зорилоо. Хотын төв хэсэгт байрлах PC тоглоомын газруудыг шалгатал, тэд бүгд ажиллахгүй байсан бөгөөд зарим нь ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл ажиллахгүй гэдэг мэдэгдлээ үүдэндээ байршуулсан харагдана.
“Дашийдэлэг” авто сургуульд ороход сургалтын танхим нь хоосон, хичээл ороогүй гэдгийг жолооны багш нь хэлж байв. Тэрбээр “Өнөөдөр хичээл орох байсан ч БНХАУ-д коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор суралцагчдаа буцаагаад явуулсан. Үйл ажиллагаагаа зогсоох албан ёсны мэдэгдэл аваагүй учраас ажиллах эсэх нь тодорхойгүй байна” гэдгийг хэлсэн юм.
НИЙСЛЭЛИЙН 457 ЦЭЦЭРЛЭГ, 197 СУРГУУЛЬД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЖЭЭ
Нийслэлийн хэмжээнд цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, зөвшөөрөл авсан 302 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг байна.
“Улсын онцгой комиссын нэгдүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаагаар зогсоосон. Үүнтэй холбоотойгоор нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх сургууль, цэцэрлэгүүдэд мэдэгдэл хүргүүлсэн. Нэгдүгээр сарын 26-ны байдлаар нийтдээ 457 цэцэрлэг, 197 сургуульд мэдэгдэл хүргүүлээд байна.
Мөн авто сургууль, сургалтын төв, цахим болон хүүхдийн тоглоомын бүх газарт үйл ажиллагааг нь зогсоох мэдэгдэл хүргүүлэхээр ажиллаж байна. Бас кинотеатр, соёл урлагийн олон нийтийн үзвэр үйлчилгээ үзүүлдэг газруудад болон эрүүл мэндийн байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэхээр ажиллаж байна. Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийг зөрчвөл аж ахуй нэгжийг Зөрчлийн тухай хууль, Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авна” гэдгийг тус газрын Эрүүл ахуй, халдвар, хамгааллын улсын ахлах байцаагч С.Отгонжаргал хэлсэн юм.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Д.БҮЖИН
Холбоотой мэдээ