С.Жамъянхорол: Төр түмэн хүүхдийн сайхан энергиэр Монгол Улсын Гавьяат багш цолыг хүртсэн

Хуучирсан мэдээ: 2020.01.28-нд нийтлэгдсэн

С.Жамъянхорол: Төр түмэн хүүхдийн сайхан энергиэр Монгол Улсын Гавьяат багш цолыг хүртсэн

С.Жамъянхорол: Төр түмэн хүүхдийн сайхан энергиэр Монгол Улсын Гавьяат багш цолыг хүртсэн

“Авьяаслаг монголчууд” шоуны анхны ялагч, 100 сая төгрөгийн эзэд “Эгшиглэнт чимээ” хамтлаг.  Авьяаслаг багшийн адтай шавь нар мод, чулуу, төмөр, шил, барилгын материалаар ‘хөгжимдөн’ Монголын үзэгчдийг байлдан дагуулж байснаас хойш таван жил өнгөрчээ. Байгаль өөрөө хөгжимчин. Түүний ая эгшгийг бидэнд ‘дамжуулан’ хүргэсэн өхөөрдөм бяцхан жаалууд өдийд хаана юу хийж яваа бол. Хамтдаа хөгжимдсөөр яваа болов уу. Аль эсвэл даль жигүүрээ дэлгэн нисээ болов уу. Ингээд хамтлагийн багш, Монгол Улсын Гавьяат багш С.Жамъянхорол гуайтай уулзаж, ярилцсанаа хүргэе.


-Та сайхан өвөлжиж байна уу. Энэ жил хотод өвөлжиж байна уу?

-Сайн байна уу. Сайхан өвөлжиж байна. Би одоо гавьяаныхаа амралтыг авсан. Хүүхдүүд маань хотод ажиллаж, амьдардаг юм. Тэгээд л хүүхдүүд маань “Та хоёр тэтгэвэртээ гарсан юм чинь бидэндээ ойрхон бай” гээд хотод дуудлаа. Хүргэн, охин хоёр маань төгөлдөр хуур хөгжмийн сургалтын төвийн үйл ажиллагаа явуулж, хань маань хүүхдүүдэд математикийн хичээлийн зааж байгаа.

Миний хувьд “Эрин инвест” бүрэн дунд сургуульд 10, “Шинэ монгол харумафүжи” сургуульд 30 гаруй, бас “Гэрэл гэгээ” гээд сургалтын төвд 10 гаруй хүүхэдтэй, гурван газар ажиллаж байна.

-Хүүхдүүд нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн, хөгжмийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн гэж дуулсан. Та гэр бүлээ бидэнд танилцуулахгүй юу?

-Манайх дөрвөн хүүхэдтэй айл. Хоёр хүү, хоёр охинтой. Том хүү маань цахилгааны инженер мэргэжилтэй. Дараагийн охин маань Соёл урлагийн их сургуульд төгөлдөр хуурын багшаар ажилладаг. Нөхөр нь бас мэргэжил нэгтэй. Бага хүү маань Соёл урлагийн их сургуулийг төгсөөд, хөгжмийн найруулагчийн чиглэлээр Японд суралцаж байна. Дунд охин маань “Эгшиглэнт чимээ” хамтлагийн гишүүн байсан. Одоо орчуулагч мэргэжлээр ажиллаж байна. Хань маань 34 жил математикийн багшаар ажилласан багш хүн бий.

-Дан өөрийн гараар урласан хөгжмийн зэмсгээр хичээлээ заах уу?

-Тэгнэ. Би мэргэжлийн хөгжмөөр хичээл заадаггүй. Өөрөө хөгжмөө бүтээнэ. Хүүхдийг хөгжмөөр дамжуулан нийгэмшүүлж, олуулаа хамтран тоглох, юмхнаар юм хийх, өөрсдөө хөгжмөө бүтээж, ая эгшгээ шингээх, хөгжмийн анхны суурь мэдлэгийг олгох чиглэлээр багшилж байна. Ойрын өдрүүдэд гадуур коронавирустай холбоотойгоор сургалтын төвийн үйл ажиллагаагаа түр зогсоогоод байна.

-Сүүлд ямар хөгжмийн зэмсэг, юугаар хийв?

-Би мундаг үйлдвэрийн аргаар мэргэжлийн хөгжим урладаг хүн биш шүү дээ. Гар аргаар хаягдал, гарын дор материалаа ашиглан хөгжим хийж л байна. Мод, төмөр, шил, яс гээд төрөл бүрийн материал ашиглана. Бараг нүдэнд харагдаад, хөгжим хийж болохоор л  материал байвал хөгжмөө хийчихдэг. Хөгжмөө хийгээд тоглодог, эдэлгээнээс гарч, хөг нь гардаг, эргээд дахин шинээр хийдэг. Одоо 10 шавьтай болоход л шинээр дахин хөгжмөө хийдэг.

-Таны хувьд олон хүүхдийг хөгжмөөр дамжуулан нэгтгэхэд юу чухал вэ?

-Хүмүүс “Та энэ их дуу чимээнд яаж байдаг байна” гэдэг. Надад бол тэр зүгээр санагддаг. Мэдээж эхэндээ хүүхдүүд хөг ая тоглож, чадахгүй энд тэндгүй төмөр, модоо тачигнуулна. Миний хувьд сонирхолтой хүн л энгийн хөгжмөөр тоглодог гэж ойлгодог. Хамгийн гол нь тухайн хүүхэд хөгжим тоглох хүсэл, сонирхолтой байх нь чухал. Ер нь аливаа юмыг хүсэл сонирхлоороо сурдаг гэж боддог.

Миний хувьд ч мундаг заах арга зүй мэдэхгүй. Одоо эргээд бодоход багш хүнийг хүүхдүүд л багш болгодог. Жил ахих тусам багш хүн хүүхдүүдтэй ажиллах туршлагатай болдог. Манай сургуульд нэгдүгээр ангиас есдүгээр анги хүртэл 1400 гаруй сурагч сурдаг. Тэр хүүхэд болгоныг шавиа гэвэл тоймгүй. Харин яг энэ хөгжмөөрөө дагнасан шавь нар гэвэл 500 гаруй бий.

-“Авьяаслаг монголчууд” шоуны анхны ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлагийнхан одоо хэддүгээр ангийн сурагчид болсон бэ. Хамтлаг хэвээрээ байгаа юу?

-За эхнээсээ арван жилийн сургуулиа төгсч, их дээд сургуульд мэргэжлээ сонгон суралцаж байна. “Эгшиглэнт чимээ” хамтлагаас гурван ч хүүхэд Монгол Улсын консерваторит суралцаж байна. Ихэнх хүүхдүүд маань Дархан-Уул аймгийн “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуульд дээд тал нь арваннэгдүгээр анги доошоо долоо, зургаа, тав, дөрөвдүгээр ангийн сурагч болсон. Нэг ёсондоо “Эгшиглэнт чимээ” хамтлаг Дархан-Уул аймагт тарсан гэж хэлж болно. Ер нь нэг хамтлагаараа цуглаад хөгжмөө тогловол хүүхдүүд маань бэлэн байгаа.

Гэхдээ яахав миний хувьд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Домбоск” гэдэг хөгжмийн сургалтын төвд 10 гаруй хүүхдүүдтэй ажилладаг. Тэр хүүхдүүдтэйгээ өнгөрөгч 2019 оны гуравдугаар сард БНСУ-д 10 хоног, тавдугаар сард Вьетнам явсан. Одоо 2020 оны аравдугаар сард тэр хүүхдүүдтэйгээ Япон явахаар төлөвлөсөн. Би чинь төр түмэн хүүхдийн сайхан энергиэр Монгол Улсын Гавьяат багш хэмээх эрхэм цол тэмдгийг хүртсэн. Би чинь эх орон, ард түмнийхээ өмнө өртэй хүн шүү дээ. Тиймээс би “Тэр үедээ цол тэмдэг авсан баярлалаа, баяртай” гэж хэлж болохгүй. Тэгээд одоо нийт 60 орчим шавь нараа сургаж байна даа.

-Таны хувьд хэзээнээс амьдралаа дуу хөгжимтэй холбосон юм бэ?      

-Би чинь эхнээсээ мундаг сүрхий мэргэжлийн хөгжмийн багш байсангүй. Завхан аймгийн Тэлмэн суманд өсч, төрсөн хүн. Дараагаар нь Монголын хамгийн хүйтэн цэг гэж яригддаг Тосонцэнгэл суманд Монгол Улсын циркийн урлагийг үндэслэн байгуулагчдын нэг Л.Нацаг хэмээх агуу хүнтэй улсын хоёр дахь Ардын циркийг байгуулж ажиллаж байлаа. Тэнд л анх Л.Нацаг багш маань дуу чимээний оркестроор хөгжим тоглодог байсан юм. Би багшийнхаа хийсэн хөгжмүүдийг үе уламжлан тоглож байсан. Нэг хэсэг 1990-ээд оны үед нийгмийн шилжилтийн үед бусад соёл урлагийн газрууд шиг хаалгаа барьж, Ардын цирк тарахад хүрсэн. Тэр үед 1995 онд манай сумын сургуулийн багш “Чи манай сургуулийн соёл хүмүүжлийн эрхлэгчээр ажиллаач ээ. Манай сургуульд дуу хөгжмийн багш мэргэжлийн орон тоо шаардлагатай байна” гэдэг саналыг тавьсан.

Тэгээд 1998 онд тэр сургуулиасаа гарч, Орхон аймгийн бүрэн дунд гуравдугаар сургуульд ажиллаж эхэлсэн. Тэр цагаас хойш 2001 оноос 2017 он хүртэл Дархан-Уул аймагт багшаар ажиллажээ.

-Багшаар ажиллаж байхдаа “Авьяаслаг монголчууд” шоунд амжилттай оролцож, ялагч болсон шүү дээ. Ер нь хамтлагаараа энэ шоунд оролцох санаа хэнийх байв?

-Багшаар ажиллах хугацаанд “Эгшиглэнт чимээ” хамтлаг бий болж, тэр хугацаанд “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэг болсон. Би тухайн үед хүүгийнхээ их сургуулийн төгсөлтийн урилгаар Япон руу яваад ирсэн чинь эцэг, эхчүүд маань “Авьяаслаг монголчууд” шоунд оролцох санал өгчихсөн байсан. Эцэг, эхчүүд маань “Манай аймагт “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн шалгаруулалт болж, бид дур мэдэн хамтлагаа бүртгүүлчихлээ. Багшаа та орохгүй байсан ч болно. Яах уу багшаа” гэсэн. Миний хувьд татгалзах шалтгаан байгаагүй. Хүүхдүүд маань хөгжмөө тоглож, эцэг, эхчүүд нь санаа тавьж байгаа учраас дэмжсэн.

Аймгийн театрын тайз зай багатай учраас манай сургуулийн урлагийн зааланд үзүүлбэрээ үзүүлж, “Авьяаслаг монголчууд” шоуны эхний шатанд тэнцсэн. Би тэр шоунд оролцоод, түрүүлнэ гэж санасангүй, анхны ялагч болсон. Энэ бол хүүхдийн л буян шүү дээ.

-Шоуны дараагаар танд нэг иргэн хувиасаа 60 сая төгрөг өгнө гэх мэдээлэл цацагдаж байсан. Энэ үнэн үү?

-Шоу нэвтрүүлгийн дараа ялагчийн 100 сая төгрөгийг гардуулан өгдөг юм билээ. Тухайн үед зарим хүмүүс надад заагаад л, миний өмнөөс шагналын мөнгө хуваагаад л, янз бүрээр л бичиж, хэлж байсан. Бүр нэг хүн надад 60 сая төгрөг өгсөн гэх яриа гарч байсан. Худлаа л байдаг юм билээ. Зарим нь намайг 160 сая төгрөг аваад алга болсон гэж хүртэл бичиж байсан.

Тэр үедээ хамтлагийнхаа 35 хүүхдүүдэд 18 нас хүртлээ 50 сая төгрөгтэй болох хадгаламж нээлгэж, ар гэрт нь тус бүр 100 мянган төгрөг өгсөн.

Мөн бидэндтэй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Боловсролын сайд хүлээн авч уулзахад Дархан-Уул аймгаас хүүхдүүдтэйгээ нэг том автобусанд суугаад хотод ирсэн.

Хотод ирээд айлын хүүхдүүдийг хоосон хонуулж болохгүй шүү дээ. Хотод ирээд гурван өрөө байр долоо хоног хөлсөлж, хоолонд оруулна. Шоуны ялагчийн шагнал авчихаад эцэг, эхээс нь зардал гаргуулж болохгүй шүү дээ. Тэгсэн гэнэт л нэг өдөр танихгүй дугаараас “Та 2015 оны арванхоёрдугаар сарын 28-нд Засгийн газрын ордонд бэлэн байгаарай” гэсэн. Юу болоод явчихав гэсэн “Монгол Улсын Гавьяат багш цол тэмдгээр энгэрээ мялаах болсон. Төрөөсөө цол тэмдгээ авсны дараагаар хүүхдүүдтэйгээ баяр цэнгэлээ хуваалцаж, цайллагаа хийсэн. Хамгийн сүүлд гэр бүлийн хүн маань цалингийн зээл авч, цайллагын маань зардлыг төлж дууссан даа.

Анхны хөглөсөн хөгжмийн зэмсэг юу байв. Хөнгөн цагаан шиддэг төмрөн хөгжмийн санаагаа анх юунаас авсан тухайгаа яриач?

-Энэ хөгжмийнхөө санааг 1980 хэдэн онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын модны үйлдвэрийн урд тамхи татаад сууж байхдаа олсон. Тэгсэн тэр үед дүүрэн ачаатай “Зил 130” машинтай аав, хүү хоёр машиныхаа дугуйн хагарчихсан сольж байна. Тэгээд том дугуйн дорцовоо турбагаар эргүүлээд л чангалж байна. Тэгээд л хүүдээ хоёр турбагаа шидээд өгсөн чинь цементэнд дээр унагаахад хөг дугарсан. Тэр чимээг сонсоод л шууд цээжиндээ хадгалаад авсан.

Үдээс хойш гүйхээрээ гэртээ очоод л гарт таарсан төмрөө шидсэн чинь дугардаггүй ээ. Үүднийхээ цемент дээр шидсэн чинь яг дугарч байна. Тэрнээс санаагаа аваад хөнгөн цагаан турбагаар хөгжмөө хийсэн байдаг. Ер нь хөгжмөө цохиж тоглохоос гадна үрж, унагааж, шигшиж, тогших гэх мэт төрөл бүрээр тоглож болно.

-Анх бүтээсэн хөгжмөөс тань хадгалагдаж үлдсэн хөгжим бий юу?

-Ардын циркт ажиллаж байх үеийн төмрөн хонхон хөгжим одоо ч надад байдаг. Энэ хөгжим Монголд ганцхан бий. Харахад жирийн нэг хар төмөр шиг харагдана. Тэр хөгжмийг хийхдээ төмрийг нь бус аялгууг нь тааруулж, хийсэн юм. Хүмүүс төмрийг тайрахаас хөг аялгуу гаргаж чаддаггүй.

Бас хамгийн анх дөрвөн хуруу өргөнтэй модон хөгжим хийж байсан. Гэхдээ хөгтэй. Сүүлдээ олон жил хөгжим хийгээд ирэхээр илүү боловсронгуй болгож, зузаан нимгэнийг нь тааруулж хийнэ. Хэрвээ салхи, бороонд хөгжмөө тавьбал амархан хөг нь гарчихдаг. Жишээлбэл, үхрийн хавирганы ясаар хийсэн хөгжмийн хөг нь маш хурдан гарчихдаг. Тиймээс хөгжмүүдээ хэрхэн хадгалахаа маш сайн мэднэ. Болдогсон бол зааны ясаар хөгжим хийх юмсан гэж боддог юм.

-Цаашид сургалтын төвөөс гадна юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?

-Би саяхан телевиз хараад сууж байхад шинээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн том төв байгуулагдсан юм байна. Тэр төвийн хүүхдүүдийг заавал төгөлдөр хуур хөгжим дээр суулгах бус гар аргаар хийсэн хөгжим зориулан хийж болохоор харагдлаа.

Миний хөгжим заавал ширээ гэлтгүй саажилттай хүүхдүүдэд зориулан газар дээр ч хэвтээд тоглож болох л юм байна гэж харж суулаа. Тэр дунд хөгжмийн мэдрэмжтэй, хүсэл сонирхолтой хүүхдүүд байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ өөрөө сайн судлаагүй, орчин нөхцөлийг нь очиж үзээгүй болохоор хэлж мэдэхгүй юм.

Гэрэл зургийг Д.БҮЖИН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж