Коронавирус БНХАУ-ын эдийн засагт том цохилт өгнө

Хуучирсан мэдээ: 2020.01.28-нд нийтлэгдсэн

Коронавирус БНХАУ-ын эдийн засагт том цохилт өгнө

Коронавирус БНХАУ-ын эдийн засагт том цохилт өгнө

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт ихээр удаашрахын зэрэгцээ АНУ-тай хийсэн худалдааны дайны үр дагавар дуусаагүй энэ хэцүү цаг үед коронавирус бол БНХАУ-д чухам яг хэрэгтэй зүйл гэдгийг CNN агентлаг онцолжээ.

Үхань хотод анх дэлгэрсэн энэхүү вирус өдгөө 14 орны 80 хүний алтан амь, 2750 гаруй хүний эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учруулаад байгаа нь аль хэдийн БНХАУ-ын зах зээлийг бусниулж, цагаан сарын үйл ажиллагаануудыг цуцлахад хүргэж, олон сая хүнийг айдаст автуулж буй билээ.

Бээжин энэ өвчнийг даруй хяналтандаа авч чадахгүй бол хэрэглээний зардлыг танан барин ноцтой хямралаасаа гарахыг хичээж явсан улсын хувьд маш хүнд цаг үеийг авч ирэх болно. Гэхдээ бас эсрэгээрээ ч байж болох юм.

"Хэрвээ та БНХАУ-ын эдийн засгийг тэнцвэржүүлэхийг хичээж байгаа бол энэ бүхэн таны яг хүссэн зүйл мөн" хэмээн Родиум группын Хятад дахь зах зээлийн судалгааны захирал Логан Райт хэлжээ.

Дэлхийн хоёрдогч хамгийн том эдийн засагтай БНХАУ өнгөрсөн жил өрөндөө баригдаж, АНУ-д ялагдан өндөр үнэтэй бараануудыг нь хүчээр худалдан авч, дотоодын эрэлт буурснаас үүдэн сүүлийн 30 жилийн түүхэндээ хамгийн бага эдийн засгийн өсөлттэй байсан. Хажуугаар нь ажилгүйдэл Бээжингийн шүдний өвчин болж, сүүлийн хэдэн долоо хоног том ажил хаялтуудаас сэргийлэх олон арга хэмжээ авав.

"Олон тэрбум ам.долларын өртөгтэй Хятад бараа бүтээгдэхүүнд ногдуулсан Вашингтоны ихэнх татварын тариф арилаагүй. Бээжин ялагдлаа нөхөхийн тулд аль хэдийн бодлогын хэмжээнд хийж чадах бүхнээ хийсэн. БНХАУ-ын эдийн засаг одоо зүгээр л өөрийгөө зохицуулж байна" хэмээн ING эдийн засагч Роберт Карнелл ярьжээ.

Харин Райт вирус БНХАУ-ын цагаан сарын үеэр тархаж таарсан нь "онцгой харамсалтай" хэмээн тодорхойлжээ. Хятадын цагаан сар нь дэлхий дээрх хамгийн их шилжилт хөдөлгөөнтэй үе гэгддэг. Энэ үеэр зуу, зуун сая хятадууд гэр бүлтэйгээ уулзахын тулд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, галт тэрэг, автобус, онгоцны суудлыг дүүргэдэг.

Вирусын огцом тархалт Хятадын албаныхныг БНХАУ-ын төв хэсэг дэх, 11 сая хүн амтай, өвчний голомт Үхань хотыг карентилах хүртэл сандаргалаа. Улмаар Үханьд очих болон ирэх бүх нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон юм.

САРС-ТАЙ ИЖИЛ ҮЗЭГДЭЛ

БНХАУ цаашдаа ямар хүндрэл хүлээж буйг маш сайн мэдэж байгаа. 2003 онд САРС вирус 37 оронд тархаж, 8098 хүнд халдан, 774 хүний амийг авч одсон түүхтэй. Улмаар дэлхийн эдийн засаг 40 тэрбум ам.доллараар доройтсоныг эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс тооцоолсон. Тэд мөн Хятад, Хонгконгийн эдийн засаг тэр хэрээр хүнд ачаа үүрсэн хэмээсэн.

Яг л САРС шиг, коронавирусын дэгдэлт ч гэсэн олныг цочроож, гэрээс гарах, гадуур явахаас татгалзахад хүргэж байна. Энэ нь БНХАУ-ын эдийн засгийн 52 хувийг эзэлдэг гэх үйлчилгээний салбарт маш том цохилт болох нь ойлгомжтой.

"Та санаа зовохоос өөр зүйл хийж чадахгүй л болов уу. Тиймээс аль болох гэртээ бай, хоолны газарт бүү оч, нийтийн тээврээр бүү зорч, болж өгвөл гэрээсээ ажилла, битгий зугаа цэнгэл хөө, онгоцонд бүү суу, кинотеатрт очих хэрэггүй, болзоонд явахаа боль" хэмээн Карнелл хэлжээ.

САРС-ын дэгдэлт Майн нэгний баярын бүтэн долоо хоногийг цуцалж, ямар ч спорт, бизнес, соёлын арга хэмжээг үл зохиож, заримыг нь хойшлуулснаар тухайн үедээ Бээжин виртуал сүнсний хот болгож орхисон билээ.

Шинжээчид шинэ вирус сүүлийн үед өргөжөөд байсан БНХАУ-ын аялал жуулчлалын салбарыг хэрхэн баллах тал дээр маш их санаа зовниж байгаа ажээ. Хятадын хамгийн том иргэний нисэхийн байгууллага болох Эйр Чайна, Хятад өмнөд, Хятад дорнод нарын хувьцааны ханш Шанхай, Хонгконгод 2.5 хувь ба түүнээс илүүгээр унасан байна. Мөн Жеффэрис компанийн хувьцааны шинжээч Эндрью Лигийн хэлснээр агаарын тээврийн салбар энэ бүхэн үргэлжлэхийн хэрээр дарамтанд байсаар байх бололтой.

САРС вирус эдийн засагт ч маш том цохилт болсон. БНХАУ-ын эдийн засаг 2003 оны эхний улиралд 11.1 хувийн өсөлттэй байсан ч сүүлийн улиралд 9.1 хувь болтлоо буурч байсан хэмээн Макрокари групп брокерийн фирм мэдээлжээ.

Харин энэ удаа вирус Хятадын ДНБ-д улам ч дор цохилт болж магад. Учир нь вирусын шууд нөлөөлж буй салбарууд эдийн засгийн том хэсгүүдэд хамаарагдаж байна гэж Коммерзбанкны шинжээч Хао Жоу, эдийн засагч Марко Вагнер нар тэмдэглэжээ. Жишээ нь аялал жуулчлалын салбар БНХАУ-ын ДНБ-ий тав орчим хувийг бүрдүүлж байгаа нь 2003 оны хоёр хувьтай харьцуулашгүй юм.

"Түүхээс суралцах хэрэгтэй. Вирусыг хяналтандаа үр дүнтэй авч чадахгүй бол аль хэдийн аргаа барж буй БНХАУ-г улам хэцүүдүүлэх эрсдэлтэй" хэмээн Хао, Вагнер нар бичжээ.

ЭДИЙН ЗАСГИЙН ЦОХИЛТЫГ ХЯЗГААРЛАХ НЬ

Гэхдээ БНХАУ 2003 оны явдлаас сургамж авч, Үхань хотыг хэсэгчлэн хөл хорих замаар вирусын дэгдэлтийг хяналтандаа авах үр дүнтэй арга хэрэглэж байна.

"Тухайн үед эерэг, зөв мэдээлэл нь худал цуурхал болон муу муухай мэдээллүүдийн давалгаанд живцгээж байв. Үр дүнд нь хүмүүс дэндүү болгоомжтой байх болсон. Тиймдээ ч коронавирус САРС вирусаас бага хөнөөл тарьна гэж итгэж байна" хэмээн Райт ярьсан байна.

2003 оны вирус аймшигтай байсан ч БНХАУ-ын эдийн засаг дахь нөлөөлөл нь тун удалгүй арилчихсан хэмээн мэргэжилтнүүд үздэг.

САРС вирус үгүй болсны дараа БНХАУ-ын эдийн засаг маш хурдан сэргэж, 2003 оны гуравдугаар улиралд 10 хувь болтлоо өссөн хэмээн Коммерзбанкны Хао, Вагнер нар дурьдсан.

Зарим хүмүүс Бээжин ирээдүйд юу хийх талаар эргэлзэж байгаа. Жишээлбэл АНУ-ын Төрийн департментийн ахлах ажилтан БНХАУ-ын коронавирустай тэмцэх бодлогын ил тод байдалд санаа зовж байгаа ч Вашингтон Бээжин асуудлынхаа жинг сайн ойлгож байгаа эерэг шинж тэмдэг үзсэн хэмээн байр сууриа илэрхийлжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж