АНУ, Хятадын ашиг сонирхлын зөрчил “5G” сүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.28-нд нийтлэгдсэн

АНУ, Хятадын ашиг сонирхлын зөрчил “5G” сүлжээ

АНУ, Хятадын ашиг сонирхлын зөрчил “5G” сүлжээ

Их Британид “5G” технологийг нэвтрүүлэх асуудалд их гүрнүүдийн ашиг сонирхол зөрчилдөв. Их Британи нь “5G” технологийг нэвтрүүлэхийн тулд Хятадын харилцаа холбооны “Huawei” компанийг зөвшөөрөх болж байна. Гэтэл АНУ болон Европын бусад орнууд “Huawei” компанийг Хятадын тагнуулын хэрэгсэл, үндэсний аюулгүй байдалд заналхийлэгч хэмээн зарлаад буй. Европын холбооноос энэ нэгдүгээр сарын сүүл гэхэд албан ёсоор гарах гэж буй Их Британи нь дэлхийн хоёр том эдийн засаг АНУ болон Хятадтай бие даасан улсын хувьд худалдааны харилцаа үүсгэж, гэрээ хэлцэл байгуулахыг зорьж буй.

Гэтэл АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийг хариуцсан захирал Матт Поттингер Даваа гаригт Их Британийн Засгийн газрын тэргүүн Борис Жонсонтой уулзахдаа “Huawei” компанийн технологийг ашиглах нь хоёр орны тагнуулын мэдээлэл солилцох харилцаанд сөргөөр нөлөөлж болохыг анхааруулжээ. Одоогийн байдлаар Их Британийн Засгийн газар эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа юм. АНУ болон Их Британи нь “Таван нүд” тагнуулын эвслийн гишүүн юм. Тус эвсэлд мөн Канад, Шинэ-Зеланд, Австрали улс багтдаг бөгөөд “Huawei” компанийн эсрэг хориг тавьжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн тавдугаар сард Huawei” компанийг Нэгдсэн Улсад үйл ажиллагаа явуулахыг хориглосон зарлигт гарын үсэг зурсан билээ.

Харин Хятадын талаас санаагаа маш тодорхой илэрхийлжээ. Хэрэв Хятадын эсрэг хориг тавивал эргүүлээд худалдаа, хөрөнгө оруулалтын тал дээр хохирол амсана гэдгийг Их Британийн технологийн мэргэжилтэн Стефани Хэйр мэдэгджээ. Энэ нөхцөл байдалд АНУ-тай ч, Хятадтай ч харилцаагаа хадгалж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хичээж буй Их Британи ацан шалаанд оржээ. “Huawei” компани аль эрт 2005 оноос хойш Их Британийн харилцаа холбооны системтэй холбогдож эхэлжээ. Тус компани нь өдгөө Их Британийн харилцаа холбооны бүх дөрвөн операторт “5G” сүлжээг нийлүүлж эхэлсэн боловч хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хадгалж буй үндэсний дэд бүтцийн цөмд хараахан холбогдоогүй байгаа аж.

“5G” технологийг нэвтрүүлэх нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой аж. Оксфордын их сургуулийн эдийн засгийн шинжээчдийн мэдээллээр “5G” технологийг нэвтрүүлэхгүй бол Их Британи нь 2035 он гэхэд 11.8 тэрбум фунт-стерлингийн ашгийг алдах гэнэ.

Судлаачдын зүгээс  “Huawei” компанийг тагнуулын хэрэгсэлд буруутгаж буй нь цаашлаад хоёр орны хоорондох худалдааны дайн нь дэлхий дахинд “5G” сүлжээний зах зээлд Хятад ноёрхлоо тогтоохын эсрэг АНУ-ын бодлого гэж дүгнэжээ. Учир нь харилцаа холбооны салбарын ирэх 20 гаруй жилийн хэтийн төлөв “5G” сүлжээнээс хамаарна. Үүнд тэргүүлсэн улс XXI зууны турш дэлхийн эдийн засагт тэргүүлэх нөлөөг тогтоож, чиг хандлагыг тодорхойлно гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолдог. Хятад нь өнөөдрийн байдлаар дэлхий дахинд “5G технологитой холбоотой нийт патент болон гэрээ хэлцлийн гуравны нэгийг эзэмшиж байна. “5G” буюу харилцаа холбооны тав дахь үеийн систем нь одоогийн “4G” технологийг бодвол илүү хямдаар өндөр хурдны интернэтэд холбогдож, гэр ахуй, албан байгууллага, жижиглэн худалдаа, тээврийн хэрэгслийн автомат төхөөрөмжүүдийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж