Албан тушаалд одтой ч азгүй нэгэн

Хуучирсан мэдээ: 2020.01.28-нд нийтлэгдсэн

76:1

Албан тушаалд одтой ч азгүй нэгэн

Албан тушаалд одтой ч азгүй нэгэн

"NEWS" агентлаг УИХ-ын гишүүдийг үсгийн дарааллаар "76:1" булангаараа танилцуулдаг. Бид энэ удаад УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбатыг танилцуулж байна.


Ж.Эрдэнэбат 2012 оноос хойш сэлэнгэчүүдийг төлөөлж байгаа төрийн түшээ.

Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр ажил, амьдралын гараагаа төрсөн нутгаасаа эхлүүлж, хувийн нэгэн компанид нягтлан бодогч, Хянан шалгах хороонд байцаагчаар ажиллаж, улмаар 2000-2004 он хүртэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн даргаар, 2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргаар тус тус ажилласан. Түүний улс төрийн карьер 2000 онд МАСЗХ гэж намын дэргэдэх залуучуудын холбоонд орон нутгаа төлөөлөх үеэс эхлэлтэй. Тэр үед тус холбооны даргаар нь өнөөгийн намын дарга нь ажиллаж байжээ.

Ж.Эрдэнэбат 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж, өдгөө УИХ-д хоёрдох удаагаа сонгогдон ажиллаж байна. Түүний хувьд албан тушаалд одтой гэмээр. Харамсалтай нь, очсон улс төрийн албан тушаал бүр нь дандаа богино настай. Өмнөх парламентын үед Сангийн сайдаар найман сар ажилласан. Дараа нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН олонх болсноор Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар томилсон. Түүний энэ албан тушаал мөн л нэг жилийн настай байв. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг гурван үндэслэлээр огцруулсан.

НЭГДҮГЭЭРТ. Засгийн газрын нэр бүхий гишүүдийн шууд болон шууд бус хамаарал бүхий компаниудтай концессын гэрээ хийсэн.

ХОЁРДУГААРТ. Хүүхдийн мөнгөний урт хугацаанд тогтвортой олгох нөхцөлийг хааж, иргэдийн итгэлийг алдсан. Засгийн газар нэг жилийн хугацаанд муу ажилласан.

ГУРАВДУГААРТ. Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялагдуулсан.

Харин үүнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газраас дараах тайлбарыг өгч байв. Тодруулбал, Концессын долоон гэрээний тухайд ихэнх нь энэ Засгийн газар байгуулагдахаас өмнө шийдэгдчихсэн байсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газар хэлбэржүүлсэн төдий. Харин Хүүхдийн мөнгөний олголт, татвар нэмж, хасах бол цэвэр УИХ-ын шийдвэр. Татвар нэмсэн, хүүхдийн мөнгийг бууруулсан гэдэг бол Засгийн газрын гаргасан шийдвэр биш. Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлгээр яриад эцсийн шийдвэрийг нь УИХ гаргасан. Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж яваа хүмүүсийн өөрсдийнх нь гаргасан шийдвэр. Тийм байж Засгийн газар муу ажилласан гэдэг бол шалтгаан биш ердөө шалтаг” хэмээн Ж.Эрдэнэбатын танхимын гишүүд нь тайлбар хийсэн.

Улстөрчийнхөө хувьд Ж.Эрдэнэбат төлөвшсөн, соёлтой улстөрчийн жишгийг харуулж чаддаг нэгэн. Гэхдээ тэр томилогдсон албан тушаалдаа зарчимтай, хатуу кандитат биш. Түүнийг намын зарим нөхөд нь Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд гэхээсээ илүүтэй аймгийн Засаг ноён гэх нь бий. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын сайшаах ганц зүйл нь эдийн засгийн хүнд үед ухаалаг бодлого гаргаж, ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах нь түүний Засгийн газарт хүнд шийдвэр байсан ч тэрбээр улсаа бодон эл сонголтыг гаргасан. Хэрэв тухайн үед Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаагүй байсан бол олон улсын өмнө дампуурлаа зарлах эсвэл маш өндөр хүүтэй зээл авч гаднын өр төлбөрүүдийг дарах ийм хоёр сонголт л байсан юм. Тэрбээр тухайн үед намын даргатайгаа зөвлөлдсөний эцэст ОУВС-гаас тавьсан хэд хэдэн шаардлагыг хүлээн зөвшөөрч зарим татварыг нэмэх зэрэг улс төрийн шийдвэр гаргасан нь мэдээж олон нийтэд таалагдаагүй. Үүгээр Ж.Эрдэнэбатын Засгийн газар танхимын нөхдөдөө ч тэр, гадна талд ч тэр баалуулж эхэлсэн.

Ж.Эрдэнэбат хувь улстөрчийнхөө характерийн хувьд төлөв, түвшин нэгэн. "Би би" гэж онцгойроод байхгүй жанжин шугам барьсан түшээ. Ерөнхийдөө М.Энхболдын “ хүн”.

УИХ-ын сул гишүүн болсноосоо хойш нам гүмхэн болж, хаа нэгтээ чуулган, байнгын хорооны хуралдаанууд дээр байр сууриа илэрхийлдэг. Үндсэндээ түүний санаачилсан автор гэж хамаатуулах хууль одоогоор алга.

АТГ УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлсэн билээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Улаан сайр-2 хэмээх 1462.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констрашкн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх асуудлыг шалгуулахаар АТГ-т өнгөрсөн хавар иргэд хандсан нь ийнхүү шалгагдаж байна.

Тэрбээр үүнд тайлбар хийж, “Би ямар нэгэн буруутай үйлдэл гаргаагүй. Хэрэв буруутай үйлдэл хийсэн бол УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж шалгуулахад бэлэн” хэмээн мэдэгдэж байв. Уг хэрэг хэрхэн шийдэгдсэн нь одоогоор тодорхой бус байна.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын ХОМ-ийг сонирхвол, түүний нийт орлого нь 137 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого 162 сая төгрөг, хоёр нийтийн орон сууцтай, нэг авто зогсоол, нэг Lexus 570-тай,  адуу-19, хонь-191, хурдан удмын адуу-1, үхэр-54
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нийлээд 71 сая төгрөг, хадгаламж /дотоод дахь данс/ 47 сая  төгрөг,
Хөрөнгө оруулалт: Гүн сан эрдэнэс ХХК, Талын агт ХХК, Сүүтэй ХХК, Хэрх-Илч ХХК, Хэрх-Өргөө ХХК.

Төгссөн сургууль, мэргэжил

-1981 – 1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль

-1992 – 1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль Эдийн засагч мэргэжлээр

-1997 – 1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт

-2002 – 2004 онд Удирдлагын академи

-2003 – 2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол: Эдийн засгийн ухааны магистр

Ажилласан байдал:

-1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХК -д нягтлан бодогч

-1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч

-2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга

-2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч

-2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

-2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга

-2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал:

-2005 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан

-2005 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан

-2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

-2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

-2010 онд Алтангадас одон

Гадаад хэл: Англи

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж