Монгол хүүхдийн оюун ухаан бусад үндэстнийхээс давуу, нотолгоо нь олон улсын оюуны спортод үзүүлж байгаа амжилтаас харж болно гэж омогшдог ч боловсролын чанарын үзүүлэлтээр Монгол Улс дэлхийд сүүл мушгисан хэвээр байна.
Дэлхийн Эдийн засгийн форумын “Дэлхийн өрсөлдөх чадвар 2019” судалгаагаар өндөр ур чадвартай мэргэжилтний олдоцоор 141 орныг эрэмбэлэхэд Монгол Улс 139-д жагссан бол 2017 онд гаргасан боловсролын чанарын үзүүлэлтээр 187 улсаас 101-д бичигдсэн нь холоо хаягдсаныг илтгэнэ. Технологийн үсрэнгүй хөгжлийг дагуулаад улс орнууд боловсролын тогтолцоогоо шинэчилж, Z” үеийнхэнтэйгээ хөл нийлүүлж, шинээр мэндэлж буй Alpha үеийнхэнд хандсан бодлого хэрэгжүүлж эхэлсэн бол Монгол хаана нь явна вэ?.
NEWS агентлаг "Нэг сэдэв, найман эх сурвалж" булангийн 2020 оны анхны дугаартаа энэ асуудлыг хөндөж, “Боловсролын чанар бага ангийн багшаас эхэлнэ” сэдвээр бэлтгэлээ.
Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 1-5 ангид 342.634 сурагч суралцаж байгаагийн 318.649 нь төрийн өмчит, 23.985 нь хувийн сургуульд суралцдаг. Бага ангийн /1-5 дугаар ангид/ 11030 багшийн 9853 нь төрийн өмчит сургуульд, 1177 нь хувийн өмчит сургуульд багшилж байна.
ЭХ СУРВАЛЖ 1
Улсын сургуулийн багш хөдөлмөрөө хоёр дахин багаар үнэлүүлдэг
Улсын болон хувийн сургуульд багшлах нь ачаалал, сэтгэл ханамж, цалин хөлс гээд олон талаараа газар тэнгэр шиг зөрүүтэй аж. Хувийн сургуулиуд багш нарыгаа хөгжүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд онцгой анхаардаг бол улсын сургуулийн багш нар тэднээс 3-6 дахин их ачаалалтай ажилладгаас өөрийгөө ч хөгжүүлэх цаг гардаггүй юм байна. Энэ тухай эх сурвалж дараах мэдээллийг өглөө.
Нийслэлийн гуравдугаар сургуулийн 1Б ангийн багш Б.Март
-Багшийн сургуулиа төгсөнгүүтээ багшлах эрхийн шалгалт өгч тэнцсэнээр мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн. Одоо найм дахь жилдээ багшилж байна. Дуртай мэргэжлээрээ ажиллаж байгаа нь давуу тал. Харин хувийн сургуулийн багш нартай харьцуулахад ачаалал 3-6 дахин их, хөдөлмөрөө хоёр дахин бага үнэлүүлэн ажиллаж байна. Тухайлбал, манай анги 50 сурагчтай. Ер нь улсын сургуулийн нэг анги 50-60 сурагчтай байдаг. Манай ангийн хичээл 13.30 цагт эхэлдэг ч түүнээс өмнө буюу 09.00 цагт сургуульдаа ирж дэвтрээ засч, хичээлийн бэлтгэлээ хангадаг. Хичээлийн дараа нэмэлт ажиллагаа шаардлагатай байгаа хүүхдүүдтэй ажиллаж, зарим сурагчийн дэвтрийг зассаар суутал орой болж, 21.00 цагт сургуулиасаа гардаг. Сүүлийн автобустай уралдаад 22.00 цагт гэртээ харьдаг даа. Маш их ядардаг болохоор шууд амрахыг урьтал болгодог. Олон хүүхэдтэй ажилладаг болохоор өөрийгөө хөгжүүлэх цаг огт гардаггүй. Ар гэрийн ажил, амьдрал орхигддог ч гэр бүлийн хүн маань эдгээр асуудлыг зохицуулж байгаа. Цалин маань амьдралд хүрдэггүй болохоор цалингийн зээл авдаг. Манай сургуулийн бүх багш нар цалингийн зээлтэй. Улсын сургуулийн багш нар бүгд л зээлтэй байдаг байх.
Би багшийн ур чадвараараа хаана ч гологдохгүй гэж боддог. Цалингаа бодоод хувийн сургуульд багшилж болно. Нэг анги авсан л бол тэр сурагчдаа бага ангийг нь төгсгөхийг боддог юм байна. Өмнө нь нэг анги төгсгөсөн бол одоо энэ ангиа бас төгсгөчихмөөр санагдаад эндээ ажиллаад л байна. Гэхдээ надад бодож, төлөвлөсөн зүйл бий.
Цалин 2-3 дахин их, нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг
“Hobby” сургуулийн 3А ангийн багш Л.Энх-Отгон
-Миний хувьд бага ангийн багшаар 30 дахь жилдээ ажиллаж байна. Анх улсын сургуульд багшилж байсан. Тэр үед “Hobby” сургуульд ажиллах урилга ирж, цалин нь өндөр, бас залуу байсан болохоор шинэ орчинд ажиллаж, үзмээр санагдаад урилгыг хүлээж авсан. Түүнээс хойш 22 жил болсон байна. Хувийн сургуульд багшлах нь улсын сургуульд багшлахаас олон талаараа ялгаатай. Ачаалал харьцангуй бага. Манай анги 28 сурагчтай. 08.00 цагт хичээл эхэлж 13.00 цагт тардаг. Тарсных нь дараа сурагчидтай тулж ажиллана, зарим нь дугуйландаа явдаг. Ингээд миний ажил 16.00 цагт тардаг. Зураг, дуу хөгжим, болон англи хэл зэрэг хичээлийг энэ чиглэлийн мэргэжлийн багш нар ордог болохоор тэр хичээлийн цагт нь сурагчдын дэвтрийг засч амждаг. Миний хувьд гурван цаг л хичээл зааж байна гэсэн үг.
Манай ангид улсын сургуульд сурч байсан нэг хүүхэд орж ирсэн юм. Ээж нь “Багш аа, та манай хүүхэдтэй маш сайн тулж ажиллаж байна. Өдөр бүр даалгаврыг нь шалгаж, хичээл бүр дээр нь анхаарч байна. Сурлага нь эрс ахиж байна. Баярлалаа” гэж талархал илэрхийлж байсан.
Мөн өөрийгөө хөгжүүлэх боломж, цаг хангалттай гардаг. Гадаад багш нар ажилладаг болохоор хэл сурах боломж нээлттэйгээс гадна багш нарийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэдгээрээ давуу талтай. Улсын сургуульд ажилласан багш тэтгэвэрт гарахаараа 36 сар ажилласантай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг. Манай сургууль энэ урамшууллыг олгодог. Бас багш нарынхаа нэг сурагчийг сургуульдаа үнэгүй сургадаг. Сайн ажилласан багш нараа гадаадад амраана, байрны урьдчилгаа, урамшуулал олгоно. Манай багш нарын бараг 50 хувь нь энэ сургуульд 10-аас илүү жил ажилласан байна.
Түүнчлэн ажилласан жилээсээ шалтгаалан цалингийн хэмжээ өөр байдаг ч улсын сургуулийнхаас 2-3 дахин их цалин авдаг.
Р.РЕНЧИНДУЛАМ
ЭХ СУРВАЛЖ 2
“Оюутнуудын 80 гаруй хувь нь орон нутгаас суралцдаг”
Улсын хэмжээнд бага ангийн багшаар мэргэжилтэн бэлтгэдэг 20 гаруй сургууль байдгийн нэг нь Монгол Улсын Боловсролын Их Сургууль /МУБИС/-ийн Багшийн сургууль юм. Тус сургуульд суралцдаг оюутнууд эзэмшиж байгаа мэргэжлийнхээ талаар дараах байр суурийг илэрхийллээ.
МУБИС-ийн Багшийн сургуулийн оюутан Б.Ганчимэг:
Ирэх хавар МУБИС-ийн Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгсөнө. Багаасаа л бага ангийн багш болохыг хүсдэг байсан учраас дуртай мэргэжлээрээ суралцаж байгаадаа баяртай байдаг. Бага ангийн багш мэргэжлээр суралцахад математик, монгол хэлний хичээл 50, 50 хувьтайгаар элсэлтийн ерөнхий шалгалт өгдөг. Тухайн үед би монгол хэлний шалгалтаа 600, математикийн шалгалтаа 500 гаруй оноотой өгч байсан.
Өмнөх семистерт багшлах дадлагаа нийслэлийн 53 дугаар сургуулийн нэгдүгээр ангид хийсэн. Дадлага хариуцсан багш нар нь зөвлөгөө өгч, өөрөө хичээлийнхээ төлөвлөгөөг гарган хүүхдүүдэд хичээлээ заадаг. Нэг сарын хугацаанд нэг ангийн 60 хүүхэдтэй ажиллаж дадлага хийснээр ажлын ачаалал дааж сурсан. Бараг хоёр ангийн хүүхдийн тоо шүү дээ.
Мөн багш хүн цагаа маш сайн төлөвлөх шаардлагатай. Бага ангийн хүүхдүүдийг гараас гарт эцэг, эхчүүдэд нь өгөх ёстой учраас хамтран ажиллах хэрэгтэй болдог. Оюутнууд их сургуульд хүүхдийн сэтгэл зүй, багшлах арга зүйн хичээлүүдээ судлаад, дадлагаараа сурсан мэдлэгээ баталгаажуулж чаддаг гэж боддог. Манай анги нийт 37 оюутантай. Ангид ганцхан эрэгтэй оюутан бий. Оюутнуудын 80 гаруй хувь нь орон нутгаас хотод ирж, суралцдаг. Миний хувьд их сургуулиа төгсөөд Налайх дүүрэгтээ юм уу, дадлага хийсэн 53 дугаар дунд сургуульдаа багшлах хүсэлтэй байна.
“Зургаан настантай ажиллахад их хүч хөдөлмөр шаардана”
МУБИС-ийн Багшийн сургуулийн бага ангийн багшийн эчнээ ангийн оюутан Б.Золзаяа
-Би одоо Төв аймгийн сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангид багшилдаг. Миний үндсэн мэргэжил монгол хэл, уран зохиолын багш, Монгол Улсын Их Сургууль /МУИС/-ийг өмнө нь төгссөн. Суманд мэргэжлээрээ ажиллах орон тоо байхгүйгээс бага ангийн багш болсон. Энэ жил 10 дахь жилдээ багшилж байна.
Бага ангид багшлахад мэргэжил чухал учраас МУБИС-ийн Багшийн сургуульд бага ангийн багш мэргэжлээр эчнээгээр суралцдаг. Багшийн мэргэжилтэй учраас 1.5 жил эчнээгээр суралцана. Хэрвээ их сургуулиа өөр мэргэжлээр төгссөн бол хоёр жил эчнээгээр суралцдаг юм.
Олон жил бага ангид багшлахаар үндсэн мэргэжлээрээ ажиллах сонирхолгүй болчихдог юм билээ. Бага ангийн хүүхдүүдтэй ажиллахад ачаалалтай хэдий ч их сайхан байдаг. Ялангуяа зургаан настай хүүхдүүдтэй ажиллахад багшаас их хүч хөдөлмөр шаардана.
Бага ангийн багш нарын авч буй цалин мөнгө нь амьдралд хүрэлцээтэй байж чаддаггүй. Ихэнх багш зээлээс зээлийн хооронд л амьдардаг. Багшийн сарын дундаж цалин 600 гаруй мянган төгрөг. Их сургуулиа төгсөөд таван жил орон нутагт ажиллавал улсаас урамшуулал өгдөг. Их сургуулиа төгссөн төгсөгчдийн хувьд орон нутагт ажиллахаасаа илүүтэй хот суурин газар ажиллах хүсэлтэй байдаг. Хот суурин газар хүүхдийн өдөр өнжүүлэх төв олноор үйл ажиллагаа явуулдаг болсноор бага ангийн багшийн хэрэгцээ нэмэгдэж, үндсэн ажлынхаа хажуугаар өдөр өнжүүлэх төвд багшлах багш олон болж байна.
А.ЦЭЭСҮРЭН
ЭХ СУРВАЛЖ 3
“Хувийн сургуулиуд багш бэлтгэж чадахгүй байна”
Багшийн сургууль чанартай боловсон хүчин бэлтгэж чадаж байгаа юу, багш хүн ямар байх ёстой вэ гэдэг асуудлыг хөндөж МУБИС-ийн Багшийн сургуулийн багш, доктор, профессор Б.Балдуламаатай уулзаж, тодрууллаа.
-Бага ангийн багш өндөр ёс суртахуун, маш сайн мэдлэг, боловсрол, ур чадвартай байх ёстой ч Элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн бага оноо авсан нь УБИС-д элсч, төгсч байна гэдэг шүүмжлэлийг иргэд хэлдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Манай Багшийн сургуульд энэ хичээлийн жил нийт 1024 оюутан суралцаж байна. Жил бүр 200-300 орчим оюутан шинээр элсүүлдэг.
Сүүлийн жилүүдэд манай сургуулийн бага ангийн багшийн мэргэжлийг сонгон элссэн оюутнууд босго оноо их өндөртэй орж ирдэг болсон. Нэг хэсэг хамгийн бага оноо авсан оюутнууд суралцдаг байсан нь үнэн. Сая хэлсэнчлэн сүүлийн хэдэн жил бага ангийн багш бэлтгэхэд анхаарч, мэргэжилдээ дуртай хүүхдүүд суралцдаг болсон. Өөрөөр хэлбэл, эцэг, эх нь хүүхдээ хүчээр багш болгоно гэж суралцуулдаг байсан бол одоо хүүхдүүд өөрийн хүсэлтээр энэ мэргэжлээр суралцаж байна.
Зарим оюутан их сургуульд элсэхдээ учраа мэдэхгүй орж ирдэг ч мэргэжлийн ёс зүйн хичээлээ судлаад ирэхээр мэргэжилдээ дурлаж эхэлдэг. Бага ангийн багш хүүхдийн амьдралынх нь эх суурийг тавьж өгдөг чухал мэргэжил. Тийм учраас бага ангийн багшаа хүн бүр насан туршдаа санаж бодож явдаг юм.
-МУБИС-ийн Багшийн сургуульд оюутан элсүүлэхэд ямар шалгуур тавьдаг юм бэ. Босго оноо хэд байж, элсэх шаардлага хангах вэ?
-Манай сургуулийн хувьд улсаас тогтоосон элсэлтийн журмын дагуу 400 онооноос дээш оноотой элсэгч бүртгэж, сонгон авдаг.
Сүүлийн жилүүдэд ихэвчлэн 600 онооноос дээш оноотой оюутнууд суралцах болсон. Сургуулийн захиргаанаас өндөр оноотой элсч буй оюутны сургалтын төлбөрийг 70, 100 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Мөн багш мэргэжлээр суралцах хүсэлтэй эрэгтэй оюутнуудыг их дэмждэг.
-Багш мэргэжлээр суралцдаг оюутнуудын олонх нь орон нутгаас элсдэг гэсэн үү?
-Тийм. Багшийн сургуулийн оюутнуудын 70 гаруй хувь нь хөдөө орон нутгаас элсэн суралцдаг. Оюутнууд маань суралцах хугацаандаа маш хурдан хотын амьдралд дасан зохицдог.
Манай сургууль бүх чиглэлээр багш мэргэжилтэн бэлтгэж, ур чадвартай багш бэлтгэдгээрээ давуу талтай. Жилд ойролцоогоор 200-300 оюутан төгсгөхдөө ажлын байрын судалгааг хийж, төгсөгчидтэйгөө эргэх холбоотой байдаг. Зарим нь их сургуулиа төгссөний дараа эргээд магистр хамгаалахаар ирдэг.
-Сургуулийн зүгээс төгсөгчдийн ажлын байрны судалгааг хийдэг гэлээ. Бага ангийн багшийн ажлын байр хэр эрэлттэй байна вэ?
-Хөдөө орон нутгийн сурлага сайн оюутныг нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулиуд багшаар ажиллуулах сонирхолтой байгаагаа илэрхийлдэг. Мөн их сургуулиа сайн суралцаж, төгссөн оюутнууд их сургуульдаа багшлахаар үлдэж, судалгааны чиглэлээр ажиллах боломжтой.
Хүн амын өсөлттэй холбоотойгоор өнөөгийн нийгэмд бага ангийн багшийн мэргэжил их эрэлттэй болсон. Нэг үе багш мэргэжлээр их сургууль төгсөөд ажилд орох гэж арын хаалга ярьдаг байсан бол одоо баталгаатай ажлын байр олноор бий болжээ.
Багшийн сургууль эчнээгээр жилд 2-3 бүлэг төгсгөдөг. Социализмын үед бага ангийн багш мэргэжлээр таван жилээр суралцаж, эчнээгээр бэлддэг байсан бол одоо 1.5-2 жил эчнээгээр суралцаж төгсч байна.
-Социализмын үед бага ангийн багш нарыг их сургуульд хэрхэн бэлтгэж, ямар шалгуур тавьдаг байсан талаар ярьж өгөөч?
-Намайг анх 1974 онд Улсын багшийн дээд сургуульд сурахаар ирж байхад наймдугаар анги төгссөн хүүхдийг бага ангийн багшаар бэлтгэхээр элсүүлж, өндөр оноотой хүүхдүүдээс шалгаруулж авдаг бодлого хэрэгждэг байсан. Тиймээс ч хуучны багш нар мундаг ур чадвартай байсан гэх яриа бий.
Боловсролын тогтолцоогоо шинэчилснээр ерөнхий боловсролын 10, 12 дугаар анги төгссөн хүүхдүүдийг багш мэргэжлээр суралцуулдаг болсон. УБИС-ийн Бага ангийн багшийн сургуульд бага оноотой хүүхдүүд элсэн суралцдаг байхад төгсөгчид бас тааруу л байсан. Учир нь суурь мэдлэг тааруу оюутанд яаж ч заагаад багш мэргэжил эзэмшүүлсэн ч чанартай боловсрол эзэмшсэн боловсон хүчин болж чаддаггүй л дээ. Гэхдээ одоо бол УБИС-д элсэн суралцсан төгсөгчид ур чадвараараа хувийн сургуулиудад бэлдсэн бага ангийн багш нараас илүү, эрс ялгарна. Учир нь хувийн их, дээд сургуулиудад багш мэргэжилтэн бэлтгэхдээ онолын түвшиний сургалтуудыг бага хэмжээгээр заадаг учраас сургалтын чанар нь дутмаг юм шиг санагддаг. Үүнээс үүдэн бага ангийн багшийн мэдлэг, боловсрол, ур чадвар муу байна гэх яриа гардаг.
А.СҮРЭН
ЭХ СУРВАЛЖ 4
М.Энхээ: Бага ангийн багш бэлтгэж байгаа сургуулиуд сайн үнэлгээ аваагүй
Бага ангийн багш бэлтгэж байгаа хэчнээн сургууль байгаа, сайн багш бэлтгэхийн тулд ямар бодлого баримталж буйг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ) –ны Дээд боловсролын бодлогын газрын мэргэжилтэн М.Энхээгээс тодрууллаа.
-Монголд Улсын болон хувийн хэчнээн сургуульд бага ангийн багш нарыг бэлтгэж байна вэ?
-Монгол Улсад 21 сургууль багш, бага ангийн багш хөтөлбөрийг хэрэгжүүлж, 3224 оюутан суралцаж байна. Төрийн өмчийн сургууль нь УБИС, Дорнод их сургууль, Ховд их сургууль, Ховд их сургуулийн Баян-Өлгий салбар сургууль, МУБИС-Архангайн багшийн сургууль. Бусад нь хувийн сургуулиуд байна.
-Эдгээр сургуульд бага ангийн сайн багш бэлтгэж чадаж байгаа юу. Үнэлгээ хийдэг үү?
-Боловсролын үнэлгээний төвөөс бага ангийн багш болон цэцэрлэгийн багш бэлтгэж байгаа сургуулийн 2-3 дугаар курст суралцаж байгаа оюутнуудаас 2018-2019 оны хичээлийн жилд хөндлөнгийн шалгалт авсан. Шалгалтаар сайн үнэлгээ аваагүй. Тиймээс сургуулиудад хөтөлбөрөө сайжруулах, сургалтын чанараа дээшлүүлэх чиглэл өгсөн.
Мөн Монгол Улсын их, дээд сургуулиудын хөтөлбөрт 2019 оны зургаа, долдугаар сард сургалтын хөтөлбөрийн боловсруулалтад үнэлгээ хийсэн. Одоогоор оюутныг сургуулиа төгсөөд ажил олгогчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, чанартай боловсон хүчин болгон төгсгөх бодлогыг хэрэгжүүлээд явж байна. Энэ нь 2018 онд батлагдсан Үр дүнд суурилсан боловсролын бодлого юм. Бодлогын хүрээнд сургуулиудад одоо хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийнхөө чанарыг сайжруулан ажиллаж байна. Үүнд бүх салбарын сургууль багтаж байгаа. Өөрөөр хэлбэл, бүх их, дээд сургууль чанараа сайжруулахаар ажиллаж байна.
-Гэхдээ Z, Alpha ч юм уу шинэ үеийнхэнд бол одоогийн арга барилаас арай өөрөөр хичээл зааж, ойлгуулах шаардлагатай байх. Яг энэ чиглэлд ямар бодлого баримталж байна вэ?
-Сайн хөтөлбөрийг баталснаар сайн сургалтын орчныг бүрдүүлэх учиртай. Цаг үеэ дагаад онлайн сургалт ашиглан оюутнуудад мэдээлэл өгөх, профессор багш нарын чадавхыг сайжруулах, англи хэл дээр хичээл заах чадварыг нэмэгдүүлж, судалгаа, сургалтын арга зүйг сайжруулах бодлого хэрэгжүүлэх болно. Сургалтын арга зүйд зөвхөн лекц уншихаас илүүгээр мэдээллийн технологийг сургалтдаа ашиглах чадварыг чухалчилж байгаа.
Z, alpha үеийнхэнд хичээл заахад багш өөрөө хөгжих шаардлага тулгарч байгаа. Тэдэнд зөвхөн лекц унших нь хангалтгүй тул багш өөрөө хөгжих, технологийн сайн мэдлэгтэй байх шаардлага тулгарч байгаа. Энэ нь багш болон багш болохоор суралцаж байгаа оюутнуудад хамааралтай.
-Зөвхөн хичээлийн танхимд сууж суралцалгүй, онлайнаар хичээлээ явуулна гэсэн үг үү. Яг хэзээ энэ бүхэн хэрэгжих вэ?
-Хөтөлбөрт үнэлгээ хийх, суралцагчдыг нь үнэлэх энэ ажлыг 2020 онд ч үргэлжлүүлнэ. ЮНЕСКО ч манай бодлого ч тэр мэдээллийн технологийг ашиглан зайнаас, нийгмийн нээлттэй сургалтын материалуудыг авч ашиглах боломжтой. Мэдлэг, чадвар олгох олон сургалт онлайнд тавигдсан байдаг. Тиймээс эхний ээлжинд ерөнхий боловсролын салбарт ажиллаж байгаа 40 мянга гаруй багш нарыг энэ загвараар ажиллах, өөрийгөө хөгжүүлэх чиглэлд түлхүү анхаарч байгаа юм.
Мөн одоо суралцаж байгаа оюутнуудын сургалтын хөтөлбөрт ч энэ талаар тусгасан. Харин одоо ажиллаж байгаа багш нарын энэ чадварыг хөгжүүлэхээр Багшийн мэргэжил дээшлүүлэх институт ажиллаж байгаа.
-Жилд хэчнээн бага ангийн багш бэлтгэгдэн гарч байна вэ. Энэ нь эрэлтээ хангаж чадаж байна уу?
-Өнгөрсөн жил буюу 2018-2019 оны хичээлийн жилд Монгол Улсад 29 мянган оюутан их, дээд сургуулийг төгссөн байна. Үүний 4734 нь багш мэргэжил эзэмшсэн байдаг. Харин бага ангийн багш мэргэжлээр 470 гаруй оюутан төгссөн. Монгол Улсад 11030 бага ангийн багш ажиллаж байна. Үүний 9853 нь төрийн өмчийн сургуульд, 1177 нь хувийн өмчийн сургуульд ажиллаж байгаа.
Монгол Улсын хүн амын төрөлт сүүлийн жилүүдэд өндөр байгаа. Үүнтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ ихэсч байна. Жилд 40-50 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд элсдэг байсан бол одоо 60-80 мянган хүүхэд шинээр элсч байна. Гэхдээ мэргэжлийн багш, бага ангийн багш дутагдсан зүйл байхгүй. Тухайн орон нутаг, сургуульд хэчнээн хүүхэд суралцах, хэдэн бүлэгт хуваагдах зэргээс шалтгаалан шаардлагатай багшийн орон тоог батлаад, нөхөөд явж байгаа.
-Элсэлтийн ерөнхий шалгалтаар дээгүүр оноо авсан нь уул уурхай ч юм уу бусдаас цалин нь арай өндөр салбарыг сонгож байна. Тиймээс онц сурч байгаа, ЭЕШ-д дээгүүр оноо авсан хүмүүсээ бага боловсролын салбарт ажиллуулахын тулд бага ангийн багш нарын цалинг тусгайлан нэмэх асуудлыг холбогдох газруудад нь хүргүүлж байв уу?
-Бид ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн чанарыг сайжруулахаар ажиллаж байгаа. Харин ямар их сургууль сонгох нь хүний эрхийн асуудал. Багшийн мэргэжилд дуртай, ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчийг Засгийн газрын 71 дүгээр тогтоолоор тэтгэлэг олгодог. Яамны зүгээс бага ангийн багш нарт хамгийн өндөр цалинг олгох сонирхолтой байдаг. Гэхдээ Монгол Улсын төрийн албан хаагчийн цалинг Засгийн газар тогтоодог.
Р.РЕНЧИНДУЛАМ
ЭХ СУРВАЛЖ 5
“Нэг багшид 60 хүүхэд ногдож байгаа нь гажуудал”
Ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоог 12 жилд шилжүүлснээр зургаан настнуудыг нэгдүгээр ангид элсүүлдэг болсон. Эцэг, эхийнхээ өврөөс гараагүй шахам байхдаа сургуулийн босго алхсан бяцхан үрсийг сургахад чанартай боловсролыг хүргэхтэй зэрэгцэн арга барил чухлаар тавигдаж буй. Иймээс бага ангийн багш сэтгэл зүйн хувьд хэрхэн өөрийгөө бэлтгэсэн байх шаардлагатай, эцэг, эхчүүд мөн ямар үүрэг хүлээх ёстой вэ гэдэг асуудлыг хөндөж, МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн /БоСС-ын/ Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн сэтгэл зүйч, багш /Ph.D/, Б.Энхмаатай ярилцлаа.
-Бага ангийн багшийн сэтгэл зүй, харилцаа, заах арга барил хүүхдийн сурах хүсэл эрмэлзэлд хэрхэн нөлөөлдөг вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Боловсролын тулгын гурван чулууг хүүхэд, эцэг эх, багш буюу сургууль гэж үздэг. Энэ гурвалсан дотно харилцаа нь сурагчийн сурах, хүмүүжих, төлөвших үйлд чухал нөлөөтэй.
Бага ангийн сурагчид нь сурч танин мэдэх эрмэлзэл ихтэй, сониуч, уриалгахан, итгэмтгий зантай, цайлган, өөдрөг сэтгэлтэй, амархан баярлаж гомддог мөн өөрийгөө удирдан жолоодох чадвар, зориг тэвчээр бага, тогтворгүй, хувьсамтгай зантай байдаг. Иймээс насанд хүрэгчдийн зүгээс сургуулийн бага насны хүүхдийн хөгжлийн шавхагдашгүй нөөц боломжийг нээж өгөх тал дээр анхаарч, зөв удирдан чиглүүлэх нь хүүхдийн хүмүүжил, төлөвшил, сурах арга барил эзэмшихэд ихээхэн тустай.
Аливаа хүн хийж байгаа ажлаасаа таашаал авч, сэтгэл хангалуун ажиллах нь чухал. Гэтэл өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хувьд ачаалал ихтэй, нэг багш 50-60 хүүхэдтэй ажиллаж байгаа нь боловсролын салбарын нэг том гажуудал. 30-35 сурагчтай ажиллаж байгаа багш 50-60 хүүхэдтэй ажиллах нөхцөл харилцан адилгүй нь ойлгомжтой.
Ялангуяа бага ангийн багш нар 50-иас дээш хүүхэдтэй ажиллаж байгаа нь завхарсан тогтолцоо. Тэр багшаас юун заах арга, юун хүүхдүүдийг сайн зүйлд сургахыг шаардах зүгээр л сургууль нэртэй “Боловсон хорих”-д хүүхдүүдээ аваачиж өгч байгааг эцэг эхчүүд ч өөрсдөө анхаарах л ёстой асуудал.
Ажиллах орчин тааруу, сургалтын хэрэглэгдэхүүн дутуу, байнгийн дээрээс янз бүрийн бичиг цаас нэхээстэй орчинд энэ хэдэн багш нар чинь яаж тайван сургалтыг зохион байгуулах билээ дээ. Мөн санхүүгийн асуудал нэмэгдвэл бүүр дуусаа.
Байнгийн бухимдалтай, тал бүрээсээ дарамттай орчинд ажиллаж байгаа хүмүүс яаж ч бодсон сэтгэл зүйн хувьд тогтворгүй болно. Энэ нь даамжирсаар сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай болохыг үгүйсгэхгүй.
-Тэгвэл өнөөдөр бага ангийн багш нарын сэтгэцийн эрүүл мэнд, харилцаа, заах арга барил ямар түвшинд байна вэ?
-Багш нар ажилд орохдоо Сэтгэцийн эрүүл мэндийн төв /СЭМҮТ/-өөс сэтгэцээ тодорхойлуулсны дараа ажилд ордог.
Сэтгэл судлаачид сэтгэцийн эрүүл мэндийн асуудлын талаар тийм, ийм гэж тодорхойлон ярих нь учир дутагдалтай, бид эмч биш. Сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд (психологические проблемы) болон сэтгэцийн тулгамдсан асуудлууд нь (психические проблемы) хоёр өөр ойлголт.
Өдөр бүр бидэнд гадны нөлөөллөөс болж сэтгэл санаагаар хямрах улмаар бие махбодь маш ихээр ядрах тохиолдол элбэг. Үүнээс л өөрсдийгөө хамгаалж тайван байдлаа хадгалж чадна гэдэг нь хүн бухимдалд /олонхын ярьдагаар стресст/ өртөхгүй, сэтгэлийн хөдөлгөөнөө удирдан зохицуулж амар амгалан, тайван сайхан амьдарч болох юм.
-Бага боловсролын чанарыг дээшлүүлэхэд анхаарах ёстой чухал асуудал юу вэ?
-Ерөнхий боловсролын сургуулийн багш нар хичээлийн ганцхан цагийн хугацаанд сурагчдыг идэвхтэй бүгдийг тэгш хамруулан сургалтаа зохион байгуулах чадвартай, харилцааны өндөр соёлтой, мэдлэгтэй, шинийг байнга эрэлхийлсэн хүмүүс байдаг.
Төрөөс анги дүүргэлтийг тохируулах, багшийн үндсэн ажлыг нь л хийлгэдэг болмоор байна. Хүүхдээ судалж, тэдэнд тохирсон сургалтыг зохион байгуулах боломжийг олгох хэрэгтэй. Тэгж байж сургалт хүндээ хүрнэ.
-Багшаас гадна эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлага бас өндөрт тавигдах шаардлага тулгарч байх шиг. Энэ асуудалд та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Эцэг эхчүүд хүүхдийг сургуульд суралцах сэтгэл зүйн бэлтгэлийг сайн хийснээр ачаалал ихтэй ч багш нарын заах арга, ур чадварыг ашиглан хүүхдээ хүссэнээрээ хүмүүжүүлэн, төлөвшүүлж, сургах боломжтой. Хүүхдийг сургах нь ганц багшийн биш, ээж аав таны хамгийн том үүрэг. Багш бол зөвхөн чиглүүлэгч л байх ёстой.
Сургуулийн сэтгэл зүйн бэлтгэл гэдэгт тухайн хүүхдийн нийгэм-сэтгэл зүй (бусадтай харилцах харилцаагаар тодорхойлогдоно, хамтарч ажиллах, бусдыг ойлгох, өөрийгөө хамгаалах, буулт хийх гэх мэт), танин мэдэхүйн (бодит дүрслэлийн сэтгэхүй бүрэлдсэн байна, өөрөөр хэлбэл аливааг бодох, анализ хийх, дүгнэлт гаргах чадвартай...), сэтгэл хөдлөл болон зоригийн бэлтгэгдсэн байдал (зоригийн чанаруудаар/-аар тодорхойлогдоно. Жишээлбэл, сургуульд суралцах хүсэл хүүхэд бүрт харилцан адилгүй байдаг. Нэг нь эрдэмтэй хүн болно гэж бодож байхад нөгөө нь өөрсдийгөө том болсон гэж боддог. Энэ бүгдийг харгалзан үзэх нь чухал.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ сургуульд суралцах сэтгэл зүйн бэлтгэлийг хангаснаар бага ангийн багшийн хөдөлмөр үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөхөөс гадна сурагчдын сурах хүсэл, сонирхолд нийцсэн мэдлэгийг бүтээх боломжийг олгоно.
Э.УРАНЦЭЦЭГ
ЭХ СУРВАЛЖ 6
Ө.Ганзориг: Сэтгэл зүйд суурилсан боловсролд дэлхий даяараа шилжиж байна
Монголын боловсролын салбарыг шинэчлэх “Боловсролын реформ хөдөлгөөн” төрийн бус байгууллага байгуулагдаад буй. Тус хөдөлгөөнийг санаачлагчдын нэг “Голомт” банкны гүйцэтгэх захирал асан, эдийн засагч Ө.Ганзоригоос зарим зүйлийг тодрууллаа.
-Манай улсын бага, дунд боловсролын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Бид Монголын боловсролын чанар дэлхийтэй харьцуулахад ямар байгааг олон статистикаас харж болно. Өрсөлдөх чадвар, боловсон хүчин, голч дүн гэх мэт бүхий л статистикаар боловсролын салбар тун тааруу, дэлхийд хойгуур жагсаж байгааг харж болно.
Сэтгэл зүйчид хүний төлөвшлийн ихэнх нь бага насанд явагддаг болохыг тогтоосон. Бид өөрсдөө л сайн дураараа, тэнгэрээс авсан юм уу гэмээр баахан ойлголт бий болгочихоод тэрэндээ итгэцгээгээд яваад байна. Гэтэл сэтгэл зүйн шинжлэх ухаан дэлхий даяар маш олон нээлтүүдийг хийж байна. Бид энэ ухаанаас дэндүү хол хоцрогдсон нь ийм гажиг ойлголтууд одоо болтол амь бөхтэй оршсоор байгаагийн шалтгаан мөн.
“Жаахан хүүхэд энийг ойлгож чадахгүй”,“Хүн 25 нас хүрч төлөвшдөг” гэх мэт буруу, гажиг ойлголтуудаас болж эцэг эхчүүд хүүхдүүдээ яг ид төлөвшиж байхад нь буюу бага насанд нь анхаарахгүй орхигдуулдаг. Ингээд том болсон хойно буюу бидний буруу ойлголтоор бол “юм ойлгодог” болсон үед нь ярилцаад асуудлыг шийднэ гэж боддог боловч энэ үед мэдээж хэтэрхий оройтсон байдаг. Ийм учраас бага, дунд боловсролд эцэг эхчүүд, төр засгаас онцгой анхаарал хандуулах ёстой. Энэ үед л хүн шударга, зөв, хүнлэг, хөдөлмөрч болох эсэх нь шийдэгдэж байдаг. Гэтэл бид унших, бичих, тооны хичээлдээ л болж байвал боллоо гээд багшид даатгаад хаядаг нь дэндүү өрөөсгөл.
-Хүүхдэд суурь боловсрол олгоход бага ангийн багш нарын оролцоо хамгаас чухал. Тэгвэл бага ангийн багш нар суурь боловсролыг хангалттай олгож чадаж байна уу?
-Багш нар чадлаараа л хичээж байгаа. Харин багш нарт зохих багаж хэрэгслийг олгож байна уу, цалин хөлс, нийгмийн халамж нь болж байна уу. Эцэг эхчүүд багш нарыг идэвхи санаачилга гарган дэмжиж байна уу гэдэг асуудлыг ярих ёстой. Мэдээж манай багш нарыг бэлтгэж байгаа сургууль өнгөрсөн зууны арга барилтай, хоцрогдсон гэдэгтэй хэн ч маргахгүй байх аа. Орчин үед мэдлэг, мэдээлэл дижитал орчинд бүрэн шилжчихлээ. Үүнд багш нараа бэлтгэж чадсан уу. Сэтгэл зүйд суурилсан боловсролд дэлхий даяараа шилжиж байна, хүнийг хүн болгоход анхаарч байна. Хүнийг математикч биш харин хүн болгоодохвол тэр хүн дуучин болох уу, математикч болох уу, зураач болох уу гэдгээ өөрөө шийдээд нийгэмдээ нэр хүндтэй байр суурь эзлээд амьдарч чадна. Хүсэл эрмэлзэлтэй, хатуужилтай, зорилготой хүн өнөөдөр интернетээс математикийн ухааныг бүрэн суралцчих боломжтой болчихлоо шүү дээ. Гэтэл бид 1980 онд байгаа мэт сэтгэж, хөдөлж байгаа нь бидний эмгэнэл юм.
Аз жаргалаа өөрөө олж чаддаг, амьдралын утга учрыг бий болгож чаддаг тийм хүмүүсийг боловсролын систем бэлтгэж эхэлж байна. Гэтэл манайд өнөөх л 20-р зууны арга барилаараа ноцолдож байгаа нь мэдээж бодлогын алдаа, засаглалын алдаа шүү дээ.
-Боловсролын салбарын дампуурал юунаас эхлэлтэй вэ?
-Юуны өмнө Монгол Улсын боловсролын салбарт хэзээ ч зорилго тавигдаж байсангүй. Менежментийн ухааны анхан шатны ойлголтгүй хүмүүс энэ салбарыг удирдаж ирлээ. Менежментийн ухаанд аливаа систем, байгуулалт заавал өмнөө зорилго тавьдаг. Энэ нь заавал тоогоор хэмжигдэхүйц байдаг. Жишээлбэл Монголын боловсролын системийг 30 жилийн дотор дэлхийд эхний тавд орох систем болгоё гэж зорилго тавьж болж байна.
Хамгийн харамсалтай, аймшигтай нь бид ийм зорилго тавихаас айж байна. Бидний төсөөлөлд ч багтахгүй байна шүү дээ. Энэ бол үндэсний эмгэнэл мөн.
Сингапур, Финлянд, Өмнөд Солонгос гээд саяхан л хоцрогдсон байсан улс орнууд амбицтай, зоригтой зорилго тавьж зүтгээд өнөөдөр дэлхийд тэргүүлэх системтэй болчихоод сууж байна. Тэд дэлхийд гайхуулж байна. Гэтэл Монголын дарга нар эдгээр улсуудад аялж, зугаалж, казинод нь тоглох боловч энэ улсуудаас сурах, ядаж барьцах тал дээр өнгөрсөн 30 жилд бодолхийлээгүйг бодоход үнэхээр ухамсрын доройтолд оржээ.
Монголын боловсролын систем өнөөдөр дэлхийд адагт жагсаж байгаа нь Монголын лидерүүд, элитүүд, сэхээтнүүд бүгд “бүтэхгүй, чадахгүй, боломжгүй” гэх айдаст автаж, ухамсрын доройтолд ороод байгаатай шууд холбоотой. Хэрэв бид зориглоод хамтдаа хөдөлвөл болохгүй бүтэхгүй юм гэж юу байх билээ дээ.
-Бага, дунд боловсролыг чанартай, хүртээмжтэй болгохын тулд хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай вэ?
-Манай “Боловсролын реформ” хөдөлгөөнд маш олон хүн нэгдэж байна. Салбарын эрдэмтэд, эдийн засагчид, менежерүүд, эцэг эхчүүд бид хамтдаа дэлхийд тэргүүлэх боловсролын систем байгуулахыг мөрөөдөж байна. Энэ бол хоосон мөрөөдөл биш харин бодитой судалгаа, шинжилгээ, тооцоотой төлөвлөгөө гэж хэлвэл зохино.
Бид юуны өмнө дижитал технологийг ашиглаж хүүхэд бүрийг алдалгүй боловсруулах боломж орчин үед бий боллоо. Үүн дээр нэмээд бид сэтгэл зүйн ухааны нээлтүүдийг ашиглаж Монгол хүнийг дэлхийд зохих ёсны байр суурьт нь эгүүлэн аваачих аргачлалуудыг цуглуулж байгаа юм. Боловсролын системд өмнө нь шинэчлэл нэрээр маш их алдаа завхарал, эцсийг нь үзээгүй төслүүд явагджээ. Дэлхийн донор байгууллагуудын санхүүжилт, зээлээр олон тэрбум төгрөг салхинд цацах мэт үр дүнгүй зарцуулжээ.
Энэ бүгд богино настай, улс төрийн томилгоочид ба намын цүнх баригч нарын харгай юм. Энэ ард түмний итгэлийг тээж сонгогдсон их удирдагч нар маань ядаж нэг удаа үр хүүхдээ, ирээдүйгээ бодоод салбарыг мэргэжлийн хүмүүсээр удирдуулмаар байна. Засаглал зөв болоод, УИХ-аар реформ хийх хуулийн төслийг хэлэлцэж батлаад явбал бид богино хугацаанд дэлхийд өрсөлдөх хүмүүсийг бэлтгэж гаргадаг системийг угсарч чадна.
Ш.АДЪЯАМАА
ЭХ СУРВАЛЖ 7
Японд бага ангийн багшийн нэг жилийн цалин 47600 ам.доллар
“UNESCO” байгууллагын судалгаагаар 2030 он гэхэд бага болон дунд боловсролын сургуульд 70 сая орчим багш ажиллах шаардлагатай болох ба ирэх жилүүдэд багшийн хомсдол үүсэхийг анхааруулжээ. Ирээдүйн өмнө хариуцлага хүлээдэг багшийн чанарыг шууд үнэлэхэд хүндрэлтэй байдаг. Олон улсад багшийн чанарыг ихэвчлэн заах арга барил, мэргэжил дээшлүүлэлт, ажилласан жил, сурагчдын амжилт зэрэгт тулгуурлан үнэлдэг.
Жил бүр Дэлхийн эдийн засгийн чуулганаас гаргадаг олон улсын өрсөлдөх чадварын тайлангаар Япон улс боловсролын чанар, хүртээмжээр дээгүүрт ордог. Япон нь шинжлэх ухаан, уран зохиол, тооны чиглэлээр бусад орныг хошуучилдаг байна. Японд бага сургуулийн боловсрол нь зургаан жилийн тогтолцоотой ба дунд болон ахлах анги нь тус бүр гурван жил байдаг. Сурагчдын 98 хувь нь их сургуульд элсдэг аж.
Японы бага ангийн багш нар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнууд дотроос илүү олон цагаар ажилладаг ч голдуу хичээлийн бэлтгэл, сургалт хүмүүжлийн ажилд төвлөрдөг. Ингэснээр хичээл заах хугацаа нь бусад орныхоос бага байдаг аж. Судалгаагаар 2015 оны байдлаар Японы бага ангийн багш нар жилд 1891 цагийг сургууль дээр өнгөрөөдөг нь бусад орныхоос 200 гаруй цагаар илүү гарчээ. Японд багш нь хүндтэй мэргэжил бөгөөд бусад төрийн албан хаагчдаас өндөр цалин авдаг. Нийтдээ 15 жил ажилласан бага ангийн багшийн цалин нэг жилийнх нь 47600 ам.доллар байдаг бол Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудынх дунджаар 40600 ам.доллар байдаг аж.
Японд багшийг сургууль биш мужаас ажилд сонгон шалгаруулж авдаг ба эхний хэдэн жил шинэ багш нарыг дадлагажигч байдлаар ажиллуулдаг байна.
Харин Европын тухайд Люксембургт бага ангийн багшийн жилийн цалин 101,500 евро бол Болгарт багшийн жилийн цалин нь 4300 ам.доллар байна.
Боловсролын системийн чанараар дэлхийд дээгүүр үнэлэгддэг Германд 1-4 жил ажилласан бага ангийн багш жилд дунджаар 38,200 евро, 10-19 жил бол 51200 еврогийн цалин, урамшуулал авдаг байна. Боловсролын системийн чанараар дэлхийд дээгүүрт ордог Германы бага ангийн багш болохын тулд 5.5-6.5 жил суралцдаг.
Германд Абитурын шалгалт давахгүйгээр багш болж чаддаггүй. “Абитурын шалгалт өгч Гимназ дүүргэсний дараа ирээдүйн багш нар их сургуульд явна. Тэнд тэд хоёр судлагдахууныг бусад их сургуулийн оюутнуудтай өрсөлдөх хэмжээний түвшинд тусгайлан сонирхон судалж, мэргэших хэрэгтэй болдог. Их сургууль дүүргэсний дараа тэд судлагдахуунаа заахаар төлөвлөжээ. Багш болохын тулд тэд урьдаар өөрийн судлагдахууны сургах зүйгээр багшийн дадлага ба түүнтэй холбоотой курсын ажлыг хамтатгасан хоёр жилийн хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй ба тэгээд ч зогсохгүй жинхэнэ мэргэжлийн багшийн үүрэг хүлээхийн өмнө зөвлөгөө, хяналт дор наад зах нь нэг жил болж, бас нэг өөр шалгалт өгнө. Тэд тодорхой хугацаанд нэгээс дээш жилийн дадлага бүхий багшлах мэргэжлийн боловсрол эзэмшээд хичээлээ заадаг.”
Манай хөрш Хятадад 5-9 жил ажилласан бага ангийн багшийн цалин, урамшуулал нийлээд жилд 284 мянган юань байдаг бол ОХУ-д сард багадаа 44721 рубль, ихдээ 158,000 рублийн цалинтай.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ 8
Сургалтын чанараар тэргүүлсэн 40 сургууль
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Боловсролын үнэлгээний төвөөс өнгөрсөн 2019 оны аравдугаар сард боловсролын чанарын үнэлгээний судалгаагаар тэргүүлэх амжилт үзүүлсэн 40 ерөнхий боловсролын сургуулийг эрэмбэлж жагсаасан.
Уг судалгаанд бага ангийн бүлэг хамрагдаагүй боловч есдүгээр ангийн суралцагчдыг 100 хувь хамруулсан байдаг. Сурган хүмүүжүүлэгчид бага ангид сайн боловсрол олгож, суурийг нь зөв тавьж өгсөн нөхцөлд дунд, ахлах ангидаа сайн суралцаж, ирээдүйгээ тодорхойлдог гэх нь бий.
Боловсролын чанарын үнэлгээний судалгааны дүнгээр тэргүүлсэн улсын 20 сургууль.
- Нийслэлийн ерөнхий боловсролын 11-р сургууль
- Өвөрхангай аймгийн Хар-Хорин сумын ерөнхий боловсролын сургууль
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын 1-р сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын 93-р сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын 84-р сургууль
- Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын "Эрдмийн далай" цогцолбор сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын 23-р сургууль
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын ерөнхий боловсролын сургууль
- Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын 3-р сургууль
- Дундговь аймгийн ерөнхий боловсролын "Цэгц билэг" сургууль
- Завхан аймгийн ерөнхий боловсролын "Дэвшил" сургууль
- Сэлэнгэ аймгийн Орхон сумын ерөнхий боловсролын сургууль
- Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын "Мэргэд" сургууль
- Хөгжим бүжгийн коллеж
- Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын "Номун далай" цогцолбор сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын 133-р сургууль
- Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын 1-р сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын 52-р сургууль
- Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын "Оюуны ирээдүй" цогцолбор сургууль
Боловсролын чанарын үнэлгээний судалгааны дүнгээр тэргүүлсэн хувийн 20 сургууль.
- Нийслэлийн ерөнхий боловсролын "Оюунлаг" сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын "Шинэ Монгол" сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын "Хобби" сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын "Эрхэт эрдэм" сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын "Сант" сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын "Үй цай" сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын "Сакура" сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын "Сод" сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын "Радуга" ахлах сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын "Олонлог" сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын "Олонлог эгзэ" сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын "Олонлог" академи сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын "Логарифм" сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын "Орчлон" сургууль
- Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын "Билиг ДБ" сургууль
- Орхон аймгийн ерөнхий боловсролын "Орхон эмпати" сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын "Шинэ үе" сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын "Төгсдэлгэрэх" сургууль
- Дархан-уул аймгийн ерөнхий боловсролын "Дархан эмпати" сургууль
- Нийслэлийн ерөнхий боловсролын "Дойче шуле" сургууль
Л.ОЮУ
Холбоотой мэдээ