НӨАТ-ын 2019 оны буцаан олголтын мөнгийг ирэх хоёрдугаар сард багтаан олгохоор тооцож буй. Цахим хуудсаар зарим иргэдийн 2019 оны НӨАТ-ын буцаан олголтын тал мөнгө дансанд нь орсон талаар мэдээлжээ. Энэ талаар Татварын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Галбадрахаас тодруулахад “ Одоогоор НӨАТ-ын 2019 оны буцаан олголтыг өгч эхэлсэн нь ташаа мэдээлэл. Буцаан олголт авах иргэдийн мэдээллийг хянаж, баталгаажуулах ажил үргэлжилж байна. Баталгаажсан иргэдийн мэдээллийг Сангийн яамд нэгдүгээр сарын 30-ны өдрийн дотор багтаан хүргүүлнэ. НӨАТ-ын хуулийн дагуу Сангийн яамнаас иргэдийн баталгаажсан мэдээллийг 30 хоногийн дотор хянаж, шийдвэрээ гаргана. Тэгэхээр Сангийн яамнаас тодорхой шийд гаргана” гэлээ.
Урьдчилсан тооцооллоор 2019 оны НӨАТ-ын буцаан олголт болгон 900 мянга орчим иргэнд 139 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно гэх тооцоол байна.
Б.ЦЭЦЭГ