Оюутолгойн төсөлд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа 140 гаруй гэрээт компани байдгийн нэг болох SSM ХХК-ийн хууль бус үйл ажиллагаа, үндэслэлгүй ажлаас халах байдлаас болж хохирсон ажилтнууд мэдээлэл хийлээ. Тухайн байгууллага нь Оюутолгой компанийн туслан гүйцэтгэгч компани болсон бөгөөд хоол үйлдвэрлэл, угаалга, ус түгээлт зэрэг үйлчилгээний ажлыг гүйцэтгэдэг аж. Тэдний хөдөлмөрлөх нөхцөлийг хангаагүй, үндэслэлгүйгээр ажлаас халах үйлдэл нэмэгдэж, одоогийн байдлаар 20 хүн ажлаас чөлөөлөгдсөн байна.
Энэ талаар SSM ХХК-ий ҮЭХ-ны дарга Б.Ононхангай хэлэхдээ “Манай компани 1200 гаруй ажилтантай. ихэнх нь Өмнөговь аймгийн орон нутгийн ажилчид. Уурхайн нөхцөлд гэрээсээ хол ажилладаг бидний хувьд ажиллах хөдөлмөрийн орчин алдагдаж, цалинг нугалж хасах, үг үзэл бодлоо илэрхийлэх оролдлого бүрийд ажлаас халах тушаалаар айлган, дарамт учруулж байна. Үүссэн нөхцөл байдлыг тухайн аймаг болон компанийн удирдлагуудад удаа дараа мэдээлсэн хэдий ч бидний талд дорвитой шийдвэр гаргаж өгөхгүй байгаа” гэсэн юм.
Ажлаас халагдсан ажилчдад халсан талаарх мэдээллийг утсаар хүргэдэг ч яг ямар зөрчил, үндэслэлтэй халсан талаарх бүрэн гүйцэд мэдээлэл, шийдвэрийг харуулахгүй байгаа нь танил тал, хамаатан саднаа ажилд авахаар бэлдэж байна гэх хардлагыг ч үүсгэж байгаа аж. SSM ХХК-ий толгой компани болох 51 хувийг эзэмшдэг “Таванбогд ХХК”, 49 хувийг эзэмшдэг SIC ХХК зэрэг удирдлагуудад энэ байдлыг мэдэгдэхээр яаралтай уулзах хүсэлтийг 2019 оны аравдугаар сард тавьсан хэдий ч хүлээн авч уулзаагүй байна. Иймд тухайн хохирсон ажилчид хариуцагч компанийг Оюутолгой ХХК-тай хийсэн гэрээг цуцалж, дараагийн үйлчилгээ үзүүлэх компанид хохирсон ажилчдыг эргүүлэн татах талаар зохих арга хэмжээ авч ажиллах талаарх шаардлагыг хүргүүлж байгааг дурдлаа.
Үндсэн ажилчид болон гэрээт ажилчны уурхайд ажиллах ажил адил байдаг. Гэвч гэрээт ажилчид үндсэн ажилчдаас доогуур цалинтай, хүйтэн тоггүй өрөөнд хувцсаа сольдог, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх бус гэрээний ажлаа дуусгахыг шаарддаг, хангамж бага гэх мэтчилэн олон асуудал байгааг хэлж байв.
Ц.ЯНЖИНДУЛАМ