НЭМЭЛТ: 16.05
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дууслаа. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:
-Хуулийн дагуу хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгууль явуулах тов, тойргийн хуваарилалтыг УИХ шийдэх ёстой. МАН-ын Удирдах зөвлөл энэ асуудлаар хуралдсан, улсын хэмжээнд 29 тойрог, 76 мандат байхаар шийдвэрлэсэн. Аймгуудад 20 тойрог, 52 мандат байхаар болсон. Нэг тойрогтой байсан аймгуудын тойргийг хоёр болгосон. Дундговь, Говь-Алтай, Булган, Сүхбаатар дөрвөн аймгийг хоёр мандаттай болгосон, Говьсүмбэр аймгийг Дундговь аймагтай нэгтгэж буй. Харин нийслэлийн хувьд 9 тойрог, 24 мандаттай байхаар шийдэж буй. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр таван мандаттай, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг тус бүр гурван мандаттай, Налайх, Багануур, Багахангай дүүрэг нийлээд хоёр мандаттай нэг тойрог байна. Аймаг, нийслэл дүүргийн хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан нэгдсэн байр суурьт хүрэх шаардлагатай байсан учраас бүлэг мэдээлэл сонссон.
Түүнээс гадна зарим Элчин сайд нарыг эгүүлэн татах, шинээр томилох 11 хүний саналууд орж ирснийг 9 Элчин сайдыг дэмжиж, хоёр Элчин сайдыг дэмжээгүй байна. Энэтхэг улсад суух Элчин сайдын нас өндөр учраас дэмжээгүй бол БНСУ-д Элчин сайдад нэр дэвшсэн Ц.Өнөрзаяа нь мэргэжлийн бус хүн учраас дэмжээгүй байна. Бусад есөн хүнийг бүлэг дэмжсэн учраас энэ долоо хоногтоо хэлэлцээд явах юм байна.
Мөн Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны шийдвэрийг сонссон бөгөөд энэ асуудлаар дахин ярилцахаар болсон байна.
МАН-ЫН БҮЛЭГ Н.НОМТОЙБАЯР, СОНГУУЛИЙН ТОЙРОГ ХЭЛЭЛЦЭНЭ
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.01.27/ хуралдах гэж байна. Хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлэцэхээр товложээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:
-Бүлгийн хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэнэ. Нэгдүгээрт, тойрог байгуулах мандат хуваарилахтай холбоотой асуудлыг нэгдсэн журмаар хэлэлцэнэ. Хоёрдугаарт, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг зөвшилцөх эсэхийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Гуравдугаарт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлт гарсан. Үүнийг бүлгийн хуралдаанаар сонсоно. Өмнө нь хэлэлцүүлэг явуулчихсан. Одоо бол эцсийн шийдвэрийг гаргана гэж ойлгож болно. Дөрөвдүгээрт, Аймаг нийслэл ИТХ-ын Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан бүлгээр нэгдсэн байр суурьт хүрэх шаардлагатай зүйл байна. Тухайлбал, хотын тойргоос дөрвөн мандатыг хасна. Хот 28 мандаттай байна. Үүнийг 24 болгохоор ярьж байна. Сонгуулийн тухай хуульдаа олон мандат бүхий томсгосон тойргоор явуулна гэж заасан. Тэгэхээр нэг тойрог хоёр ба түүнээс дээш мандаттай байх зайлшгүй шаардлага бий болсон. Тиймээс хотоос дөрвөн мандатыг авч Дундговь, Булган, Сүхбаатар, Говь-Алтай аймагт нэмж байна. Говьсүмбэр аймгийг Дундговь аймагтай нэгтгэнэ. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хоёр тойрог болгох асуудал яригдаж байгаа. Бүлгийн хуралдаанаар эцэслэнэ. Ер нь, хоёулаа таван мандаттай болчхоод байгаа юм. Баянзүрх дүүрэг 361 мянган хүн амтай. Сонгинохайрхан дүүрэг 330 орчим хүн амтай байна. Нэг нэр дэвшигч 300 мянган хүнд хүрч ажиллана гэдэг бол хэцүү. Тиймээс сонгогчдод хүрч ажиллах байдлыг нь харгалзан үзнэ. Энэ бүхнийг бодож үзээд 2-3 мандаттай хоёр тойрог болгох асуудлыг ярьж байна. Бүлгийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ