УИХ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид нээлттэй арилжаалах шийдвэр гаргаж, тогтоол баталснаас хойш багагүй хугацаа өнгөрч буй юм. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг цэгцлэх нь IPO гаргах бэлтгэл ажлын чухал хэсэг. Өнөөдрийн байдлаар тус компанийн 1072 хувьцаа эзэмшигч нэг сая гаруй иргэн үнэт цаасны дансаа нээлгээгүй хэвээр байгаа талаар албаны эх сурвалж мэдээлэв.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар саяхан “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гаргах бэлтгэл ажил маш сайн явагдаж байна. Тодорхой мэдээллүүдийг ярьж болохгүй. Олон улсын хөрөнгийн бирж, санхүүгийн зөвлөхүүдийн зөвлөмжүүдийн хүрээнд дотоод мэдээллийг санаатай болон санаатай бус байдлаар гаргаснаар биржийн үйл ажиллагаа хоёр сараар хойшлох эрсдэлтэй учраас мэдээлэл өгөх зааврыг танилцуулсан. Тухайн бирж гадны компаниудаас хөрөнгө босгож буй тул бид мэдээллийг ярьж болохгүй байна. Ерөнхийд нь хэлэхэд маш сайн байгаа, сонгуулийн өмнө IPO гаргах нөхцөл бий болгох чиглэлээр ажиллаж байна” гэж мэдэгдсэн юм.
Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ ханш бага зэрэг буурч буй учраас импорт буурсан үзүүлэлттэй байгаа ч одоогийн түвшнээ хадгална гэсэн мэдээллийг шинжээчид өгчээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нийт дүнгээр 2,2 тэрбум орчим төгрөг болсон дүнтэй байна.
Салбарын сайд өмнө нь буюу өнгөрсөн оны сүүлээр “Одоо байгаа компаниараа хөрөнгийн бирж дээр гарна гэхээр зургаан орд дээр найман тусгай зөвшөөрөл байна. Түүний хоёр тусгай зөвшөөрөлтэй орд буюу баруун, зүүн Цанхид үйлдвэрлэлийн нөөцүүдээ тооцоолоод, ТЭЗҮ-ээ үндэслэн олборлолт хийж байна. Бусад ордын хувьд хайгуул дахин хийх, нөөцийг дахин баталгаажуулах шаардлагатай. Тэгэхгүйгээр бөөнөөр нь хөрөнгийн бирж дээр гаргах нь эрсдэлтэй. Баруун, зүүн Цанхийн аль нэгийг охин компанийн хэлбэрт оруулж байж хөрөнгийн биржид гаргах нь зүйтэй” гэсэн.
Мөн тэрбээр зөвхөн зүүн Цанхийн 30 хувийг хөрөнгийн бирж дээр гаргах байр сууриа Засгийн газарт танилцуулсан. Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг олон улсын зах зээл дээр нээлттэй арилжих ажлыг эрчимжүүлэх үүднээс охин компани байгуулагдсан. Ийнхүү IPO гаргах “Эрдэнэс Тавантолгой майнинг” компанитай болсноор үйл ажиллагаа нь улам өргөжин, иргэн бүрийн халаасан дахь 1072 ширхэг хувьцаа амилж, байгалийн баялгаасаа ашиг хүртэх боломж нээгдэх билээ. Уг охин компани толгой компанийнхаа шууд удирдлага буюу Б.Ганхуяг захирлын удирдлага дор мэргэжлийн чадварлаг багтайгаар ажиллахыг салбарын сайд онцолсон.
Сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой”-н IPO гаргах асуудал саатаж болзошгүй мэдээлэл тархсантай холбоотойгоор тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийх тогтсон стандартын дагуу ажиллаж байна. IPO хийх бэлтгэл ажил 80 гаруй хувьтай яваа” хэмээн мэдэгдсэн юм.
Охин компанийн хувьцааг Монголын хөрөнгийн биржид шинэ он гарахаас өмнө бүртгэх мэдээлэл байсан ч ажил хэрэг болоогүй байгааг эх сурвалж мэдээлэв. Иргэдийн үнэт цаасны дансыг нээж, хөрөнгийн биржид хувьцааг нь бүртгэчихвэл олон жил анхаарал татаж, найдлага төрүүлсэн 1072 арилжаанд орох зам нээгдэнэ.
Зарим эдийн засагчийн үзэж буйгаар, “Эрдэнэс Тавантолгой” хувьцааны 30 хүртэлх хувийг сонгуулиас өмнө гадаад, дотоодын Хөрөнгийн биржид нээлттэй арилжаалж амжихгүй бололтой. Учир нь, “Эрдэнэс Тавантолгой”-н охин компанийн хувьцааны ханшийг олон улсын зах зээл дээр тогтоосны дараа Засгийн газар хувьцааг дотоодын биржид арилжих зөвшөөрөл олгоно. Мөн бичиг цаасны ажлаас эхлээд, оффшор компани байгуулж, хувьцааных нь 30%-ийг олон улсын хөрөнгийн зах зээлд борлуулах зэрэг цаг хугацаа шаардсан багагүй ажил ундарч буй аж.
Өнгөрсөн жил тус компанийн ногдол ашгийг Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалт буюу экспортыг дэмжсэн төсөл рүү оруулж, УИХ-д танилцуулсан. БНХАУ-тай жилд 30 сая тонн нүүрс борлуулах зах зээлээ хамгаалсан шийдвэр гаргасан зэрэгтэй холбогдоод экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх боломж бүрдэх билээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК ашигтай ажиллаж буй учраас ногдол ашиг олгож болох эсэх тооцооллыг судлах ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг ирэх хоёрдугаар сарын 15-ны дотор 1072 хувьцаанд ногдол ашиг олгох асуудлаар тодорхой шийдвэр гаргах юм байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ