УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр /2020.01.27/ гурван асуудал хэлэлцжээ. Үүнд, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжсэн Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийн талаар энэ долоо хоногт УИХ-ын сонгуулийн тойргийн хувиарлалтын асуудлаарх байр сууриа илэрхийлсэн байна. Мөн Коронавирусийн өвчлөлийн асуудлаар иргэдийн санал бодлыг төр засагт уламжлах зэрэг асуудлыг хэлэлцжээ.
АН-ын зөвлөлийн дарга Д.ЭРДЭНЭБАТ:
– Улсын Ерөнхий прокуророос энэ сарын 15-ны өдөр гаргасан саналын дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хурлын хугацаа удааширч байгаа тул яаралтай хуралдах шаардлагыг тэд хүргүүлж байсан. Тэд өнгөрсөн баасан гарагт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дэмжсэн саналыг байнгын хороо болон УИХ-ын чуулганд дэмжсэн байр суурьтай ажиллана. Түүнээс гадна УИХ-ын сонгуулийн тойргийн асуудалд нийслэлийн тойргийг багасгаж байгааг эсэргүүцэж байна. Аймгуудад тойрог нэмэх нэрийдлээр нийслэлийн тойргийг хасч байгааг эсэргүүцэж, энэ байр сууриа хадгална. Мөн бүлгийн хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан коронавирустай холбоотой элдэв мэдээлэл гарч байгаад холбогдох газрууд иргэдэд мэдээлэл өгөхдөө удаашралтай байгаа нь нуун далдалж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байгааг онцломоор байна. Оюутнуудын хичээлийг хаасантай холбоотойгоор орон нутгийн оюутнуудыг хөдөө орон нутаг руу явуулах ажлыг зохион байгуулах, оюутны байруудыг хааж, халдваргүйжүүлэх хэрэгтэй. Мөн баар, цэнгээний газруудыг хаах нь зүйтэй бөгөөд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор урьдчилан сэргийлэх амны хаалт болон ариутгах хэрэгслийн хүртээмж хомс, үнэ хөөрөгдөж байгаа асуудлыг ч анхаарах нь зүйтэйг гэв.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ