Сүүлийн үед хиймэл дагуулаас авсан зурагт БНАСАУ-ын пуужингийн үйлдвэрт хөл хөдөлгөөнтэй байгаа нь харагдаж, мэргэжилтнүүд БНАСАУ пуужин үйлдвэрлэж, эсвэл пуужингийн хөдөлгүүр турших үйл ажиллагаа явуулж байгаагийн шинж хэмээн үзэж байна.
Пёньян хотын ойролцоох Санумдун пуужингийн судалгааны төвд машинууд ирж байгаа нь хиймэл дагуулаас авсан зурагт тодорхой харагдаж байна. Ирсэн машинууд нь түлшний машин биш нь ойлгомжтой бөгөөд АНУ-ын мэргэжилтнүүд БНАСАУ богино эсвэл дунд зайн пуужин юм уу хөдөлгүүр турших гэж буй хэмээн таамаглаж байгаа ажээ. АНУ-ын нэгэн өндөр албан тушаалтны хэлснээр уг зураг дээрх шинж тэмдэг нь өмнөх пуужингийн туршилтуудын өмнө үзэгдэж байсантай төстэй байгаа гэнэ. Гэвч нарийн тодорхой мэдээлэл байхгүй байгаа учир энэ бүхэн одоохондоо таамаг хэвээр байгаа гэжээ.
Тагнуулын шинжээчид энэхүү мэдээллээс БНАСАУ ойрын хугацаанд туршилт хийх эсэхийг хэлж мэдэхгүй байгаа ч, хэрвээ Ким алсын зайн пуужин хөөргөхөөр бол пуужингаа түлшээр цэнэглэх гэх мэт хэд хэдэн илт мэдэгдэхүйц алхам хийх нь дамжиггүй гэв. Мидлбюри институт Санумдун хэсгийг 2017 оноос хойш ажиглаж байгаа бөгөөд өнгөрсөн хэдэн сард тус үйлдвэрт машин ихээр ирж, буцах болсон гэнэ. Мөн тэдний хэлж буйгаар БНАСАУ хиймэл дагуулд чухал цэгүүдэд очиж буйгаа аль болох харагдуулахгүй байхыг маш их хичээх болсон нь тагнуулын ажиллагаанд хүндрэл учруулж байгаа гэнэ.
"Иймэрхүү энгийн бус идэвхжил нь тайлбарлахад хэцүү. Хэрвээ үйлдвэрт удирдагчид ирж байгаа хэмээн үзвэл алсын зайн пуужин бүтээх ажлын эхлэл юм уу төгсгөл байж болзошгүй. Хамгийн чухал нь Соае болон бусад байгууламжийнхтай ижил энэ үйлдвэрийн үйл ажиллагаа эрчимжиж байна" хэмээн зүүн Азийг зэвсэггүйжүүлэх төслийн институтын захирал Жеффри Льюис хэлжээ.
Planet Labs-ийн авсан сүүлийн үеийн хиймэл дагуулын зургуудыг Мидлбюри институт судалж үзээд маш том цэнхэр чингэлэгийг анзаарчээ. Чингэлэгийн доторх нь тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд энэхүү чингэлэг анх нэгдүгээр сарын 9-нд гарч ирээд, 10-нд байрандаа байсан боловч дөрвөн хоногийн дараах зурган дээр алга болоод, 16-нд дахин гарч ирээд, 19-нд эргэн алга болсон байна.
Энэ бүх үйл ажиллагаа Ким Жон Ун АНУ-тай дайсагналцаж, шинэ стратегийн зэвсэг тун удахгүй хэмээн мэдэгдэл хийснээс хэдхэн хоногийн дотор эхэлсэн байна.
Эх сурвалж: cnn.com