ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг Төрийн Дум өнгөрсөн Пүрэв гаригт /2020.01.23/ хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төслийг нэгдүгээр сарын 20-ны Даваа гаригт өргөн барьсан юм. Энэ өөрчлөлт нь Үндсэн хуулийн засаглалыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэгдэж байгааг төслийн үндэслэлд бичжээ.
ОХУ-д өндөр, дээд албан тушаал хашиж байгаа эрхмүүд нь гадаад орны байнга оршин суух эрхтэй байх, гадаад оронд оршин суух хаягтай байхыг хориглосон заалт уг нэмэлт өөрчлөлтөд багтаж байна. Өндөр, дээд албан тушаал гэдэгт Ерөнхий сайд, яамдын сайд, засаг захиргааны нэгжийн Амбан захирагчид багтаж байгаа юм. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдох хүнд тавих шаардлагыг өндөрсгөж байна. Тухайлбал, ОХУ-ын нутаг дэвсгэрт 25 жилээс дээш оршин суусан, хэзээ ч гадаад орны иргэншил авч байгаагүй байх, Ерөнхийлөгчөөр дараалан сонгогдох эрхгүй зэрэг зарчмын өөрчлөлтийг багтааж байна.
Төрийн Дум, Холбооны зөвлөлд мөн зарчмын өөрчлөлт оруулахаар байна. Тухайлбал, доод таним буюу Төрийн Дум нь Ерөнхий сайд, төрийн сайд, сайдын орлогч нарын томилгоог шийддэг эрхтэй болно. Ингэхдээ Гадаад хэргийн сайд, Дотоод явдлын сайд, Онцгой байдлын сайд, Хууль зүйн сайдын томилгоог Холбооны зөвлөлтэй зөвшилцөнө. Мөн Ерөнхий прокурор, түүний орлогчдын томилгоо, Дээд шүүхийн дарга, орлогчид, шүүгчдийн томилгоог хийх эрхтэй болно. Дээд шүүхийн бүрэлдэхүүн 19 байгааг 11 болгон бууруулах санал төсөлд багтжээ.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ