МАН: Н.Номтойбаярыг авч үлдэх ч намаасаа "хөөнө"

Хуучирсан мэдээ: 2020.01.27-нд нийтлэгдсэн

МАН: Н.Номтойбаярыг авч үлдэх ч намаасаа "хөөнө"

МАН: Н.Номтойбаярыг авч үлдэх ч намаасаа "хөөнө"

УИХ өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал улс төрийн хүрээний гол үйл явдал байлаа. Энэ асуудлаар намын бүлэг хуралдсан ч, нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй юм. Харин бүтэн долоо хоног ирцээр шалтагласан Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх нь зөв гэсэн шийдвэрийг Г.Занданшатарын парламентын хамгийн ахмад таван гишүүн гаргасан юм.

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар багтдаг бөгөөд тус дэд хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ахалдаг юм.

УИХ дахь олонхийн бүлэг тодорхой шийдэлд хүрээгүй учраас Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг л дагахаар тохиролцсон байна. Бүлгийн хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож  “Намын нэр хүнд унаж байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулчих” гэсэн саналыг Н.Номтойбаярт хэлсэн.  Харин энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Зарим гишүүд өөрийн хүсэлтээр түдгэлзэх хувилбар байна гэсэн.  Миний хувьд  УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хэрэг бүртгэлийн ажиллагаанаас зугтаагүй.  Харин ч арваннэгдүгээр сарын 25-ноос хойш өөрөө  очоод хөөцөлдөөд яваад байгаа. Мэдүүлэг аваагүй. Би бүрэн эрхийн байдлаа давуу тал болгож, зугтаасан зүйл байхгүй байгаа биз. Тэгэхээр энэ бол өөрөө түдгэлзэх үндэслэл биш. Мэдээлэл задалсан гэсэн, задлаагүй. Хэн задалсан талаар би мэдээлсэн. Нэг, хоёр дахь үндэслэл нь угаас үндэслэлгүй учир УИХ-ын гишүүнээс өөрөө түдгэлзэх бичиг яаж хийх юм бэ гэдэг үндэслэл гарч байгаа. Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа хэргийн тухайд хууль зөрчөөгүй, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрийг л биелүүлсэн. Одоо яах вэ дээ, УИХ-ын  асуудал. Ямар шийдвэр гаргахыг нь харъя” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Халдашгүй байдлын дэд хорооны хурлын шийдвэрийг танилцуулахдаа Ц.Нямдорж гишүүн “Дэд хорооны гишүүд нэг зүйл дээр санаа зовж байгаа. Гол асуудлаа шалгахгүйгээр тойроод явах, өөр зүйл хөөцөлдөх вий гэдэг дээр санаа зовж байна. Гэхдээ Ерөнхий прокурор асуудлаа оруулж ирсэн учраас хариуцлагаа цаашид хүлээх байх гэсэн зүйл яригдсан” гэдгийг онцолж хэлсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор оруулж ирсэн, хариуцлаа өөрөө үүрээрэй гэх утга бүхий үгийг Ерөнхий прокурорт хаягласан нь анхаарал татаж байгаа юм. Оруулж ирснээсээ өөр асуудлаар Н.Номтойбаярыг шалгачих вий гэдэгт Хууль зүйн сайд нь ихэд санаа зовж байгаа нь эндээс харагдаж буй юм.

Ямартай ч Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг маргааш Хууль зүйн байнгын хороо хэлэлцэнэ. Улсын ерөнхий прокурор нууцын зэргэлэлтэй оруулж ирсэн учраас мөн л хаалттай хэлэлцэнэ. Чуулганы хуралдаанаар ч хаалттай хэлэлцэх юм.

Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг одоо Хууль зүйн байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанаар авч хэлэлцэнэ.  Тэгвэл МАН-ын гишүүд УИХ-ын чуулганы хуралдаанаар Н.Номтойбаярыг авч үлдэхээр “тохиролцжээ”. Гэхдээ намын даргын хувьд түүнийг бүрэн эрхээсээ түдгэлзэх санал гаргасан байр суурин дээрээ хатуу байгаа учраас гишүүд авч үлдвэл, МАН-аас Н.Номтойбаярыг “хөөх” шийдвэр гаргана гэсэн яриа МАН дотор жиг жуг гэлцэж эхэлжээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
16
ХахаХаха
6
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж