Коронавирусын халдвар дэлхий нийтийг түгшээж байна. Вирусын халдвар тахлын хурдтайгаар тархаж байгаагаас гадна эмчилгээ арга барилыг эмч нар олоогүй байна. Тэр байтугай халдвар авсны дараах нууц үе нь хэд хоног үргэлжилж байгаа тал дээр ч эмч нар нэгдсэн хариу өгөхгүй байгаа юм. Хэдийгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нотлоогүй ч энэ чиглэлийн эрдэмтэн, судлаачид вирус гурав дахь хувьсалдаа орсон гэсэн таамгыг дэвшүүлж эхэллээ. Уушгийг ноцтой үрэвсүүлж, цаашлаад бөөрийг ажиллагаагүй болгож байгаа гэсэн ерөнхий мэдээлэл байгаа юм. Уушгинд цочир нөлөөлж байгаа учраас тарваган тахлын үеийн шинжтэй байгааг зарим эрдэмтэн анхааруулжээ.
Тархалт цаг, минутаар тэлж байна. Өнгөрсөн Баасан гаригаас Монголын Засгийн газар хариу арга хэмжээг шуурхай авч, ерөнхий боловсролын, их дээд сургуулийн хичээлийг түр зогсоож, олон нийтийг хамарсан эвентүүдийг цуцлахыг үүрэгдсэн нь цагаа оллоо.
Халдвар тархаж байгаа хурдыг харахад Монголын гурван сая хүн хэдхэн хоногийн дотор эрсдэлтэй нөхцөлд ороход бэлэн байна. Вирусын тархалтын талаар Хятадын албаны мэдээллүүдэд шууд итгэхгүй байхыг сануулж байна. Халдварын эхний тохиолдолд өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сарын эхээр илэрсэн гэж үзэж байгаа бөгөөд үүнээс бараг сарын дараа Хятадын албан ёсоор хүлээн зөвшөөрч, мэдээллүүдээ цацаж байна. Гэсэн Бээжингийн цацаж байгаа халдварын тархалтын тоо нь ихээхэн дарсан тоо байж болохыг барууны хэвлэлүүд бичиж байна. Хятадын Цагаан сар дөхөж, хэдэн сая хүн хөдөлгөөнд орж эхэлсэн нь үүнд нөлөөлсөн. Вирусын голомт болсон Ухань хот бол Хятадын тээврийн зангилаа хотын нэг. Ухань бол Хятадын баруунаас зүүн тийш, хойноос урагш чиглэсэн агаарын, төмөр замын, усан замын зангилаа цэг.
Хэрвээ Оросын Алс Дорнодод сурдаг таван хятад оюутан шинжилгээ эерэг гарвал Монгол урд, хойноосоо вирусын халдварын бүслэлтэд орох болно. Монголчуудын олноор зорчдог Өмнөд Солонгост гурав дахь халдварыг өчигдөр баталгаажуулснаа зарлалаа. Хятадад халдвар тархаагүй муж үлдсэнгүй.
Гуравхан сая хүнээ халдварлуулчихгүй байх том үүрэг энэ өдрүүдэд Засгийн газар, тэр дундаа Эрүүл мэндийн яаманд ирж байна. Вирусын талаарх мэдээлэл, халдварласан тохиолдолд илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх мэдээлл эмх цэгцтэй, давтамжтай, айдас хүйдэст автуулахааргүй өгөх нь чухал байна. Сүүлийн хоёр хоногт амны хаалт ховрын бараа болсныг бүгд мэдэж байгаа. Амны хаалтыг олдоцтой байлгах, болж өгвөл үнэгүй тараах хэрэгтэй. Мөн бие засах газруудад гар угаах саван тавих, олон хүн зорчдог газруудад гар ариутгах уусмал, бактер устгах уусмалуудыг хүртээмжтэй газар байрлуулах зэрэг ажлыг нэн тэргүүнд хийх хэрэгтэй. Нийслэл хот болон аймгийн төв зэрэг хүн амын нягтаршилтай газруудын гудамж талбай, зах, худалдааны төвүүдийг ариутган цэвэрлэх, хилийн боомт, нисэх онгоцны буудлуудад ариун цэврийн дэглэмийг чанд мөрдөх шаардлагатай болжээ.
Коронавирус нь 2002-2003 онд мөн Хятадад дэгдэж байсан САРС, Ойрхи Дорнодод гарсан МЕРС вирустэй нэг төрөлд багтах, байгаль дээр амьтдад байдаг вирус. САРС дэгдэх үед Хятадын Засгийн газар мөн эхэн үедээ нууцалж байгаад бараг хоёр сарын дараа Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагад мэдээлж байсан. САРС-ын дэгдэлтийн үеэр 800 гаруй хүн халдварлаж, үхлийн тохиолдол 26 байсантай харьцуулахад энэ удаагийн коронавирусын дэгдэлт богино хугацаанд өргөн цар хүрээг хамарч байна. Нэгдүгээр сарын 26-ны байдлаар нас барагсдын тоо 56 хүрч, халдвар авсан хүний тоо 2000 гарлаа. Хятадын 20 гаруй хотын 50 гаруй сая хүн хөл хорионд байна.
Уханийн амьд амьтан наймаалдаг захаас анх халдварласан гэдгийг тогтоосон ч яг ямар амьтнаас халдварласныг тогтоогоогүй. Тус захад тахиа, гахай, нохой, могой, матар, мэлхий, нугас, илжиг, хилэнцэт хорхой, шавьж гээд олон төрлийн амьтныг наймаалдаг байсан. Хятадын Засгийн газар амьд амьтны наймааг вирусын дэгдэлт бууртал бүрэн зогсоож байгаагаа зарлалаа. Үүнээс үүдэн амьтны махыг хүнсэндээ сайтар боловсруулж идэхийг эмч нар зөвлөж байна.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага сүүлийн дөрөв хоногт хоёр удаа коронавирусын асуудлаар шуурхай хуралдсан бөгөөд одоогоор дэлхийн нийтийн хэмжээнд онц байдал зарлах хэмжээнд хүрээгүй байна гэж үзлээ. Мэдээж урьдчилан сэргийлэх бэлэн вакцин байхгүй. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь 50-иас дээш насны хүмүүс байгаа учраас биеийн дархлаа сайн байх нь вирусын халдварыг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж байх магадлалтай гэсэн таамгыг хийж байгаа юм.
Өмнө дурдсанчлан энэ бол байгаль дээр байдаг вирус. Дэлхий даяаршиж, өнөөдөр энд байсан хүн хэдхэн цагийн дараа хэдэн мянган км-ийн цаана очдог болсон нь халдвар хажууд хүрээд ирсэн мэт айдас төрүүлж байна. Халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг дор бүрнээ сахиад, авсан мэдээлэлдээ шүүлтүүртэй хандаж, айвуу тайван байхад болно.
Холбоотой мэдээ