Коронавирус: Үхлийн вирус нууц үедээ хүмүүст халдварласаар байна

Хуучирсан мэдээ: 2020.01.27-нд нийтлэгдсэн

Коронавирус: Үхлийн вирус нууц үедээ хүмүүст халдварласаар байна

Коронавирус: Үхлийн вирус нууц үедээ хүмүүст халдварласаар байна

Коронавирусын халдвар нууц үе дээрээ буюу ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байхдаа ч хүмүүст халдварласаар байгааг Хятадын эрх баригчид анхааруулж байна. Өөрөөр хэлбэл, вирусийн халдвар авснаа мэдээгүй хүмүүс маш их байгаа ч үүнийгээ мэдэлгүй бие биедээ халдаасаар байгаа гэсэн үг юм.

Албан ёсны тоо баримтад дурдсанаар өнөөдөр /2020.01.27/-ийн байдлаар халдвар авсан хүний тоо 2500 даваад байгаа бол нас барагсдын тоо 80 болжээ. Харин 49 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан гэсэн тоо баримт байгаа юм. Мөн нас барсан болон халдвар авсан хүмүүсийг насны ангиллаар нь авч үзвэл ихэнх нь ахмад настнууд байгаа бол халдвар авсан хамгийн залуу өвчтөн нь есөн сартай нярай байна. Уг өвчний тархалттай холбоотойгоор Хятадын 15 хотод хэсэгчлэн болон бүрэн хорио цээр тогтоосон байна.  Түүнчлэн тус улсын эрх баригчид өвчний тархалтыг зогсоохыг тулд Цагаан сарын амралтыг нэгдүгээр сарын 30-нд дуусах байсныг хоёрдугаар сарын 2 болгож сунгажээ. Мөн Хонгконгийн эрх баригчид сурагчид болон их дээд сургуулийн оюутнуудын баярын амралтыг хоёрдугаар сарын 17 хүртэл сунгасан байна.

Одоогоор уг өвчний эсрэг вакцин болон тодорхой эмчилгээг эрдэмтэд гарган авч чадаагүй байгаа ба эдгэрсэн гэх хүмүүсийн хувьд харьцангуй дархлаа сайтай хүмүүс байгааг онцолжээ. Мөн зарим эмч нар ХДХВ-ын эмчилгээнд хэрэглэдэг лопинавир, ритонавир гэх хоёр төрлийн эмийг өвчний шинж тэмдгийг бууруулахад зөвлөж байгаа аж. Үүнээс гадна нас барах эрсдлийг бууруулахын тулд хүчилтөрөгчийн эмчилгээг ашиглаж байна.

Халдварын голомт болсон Үхань хотын таван сая иргэн хорио цээрээс өмнө Цагаан сарын баярыг угтан хотоос гарсан бол есөн сая орчим хүн хотдоо үлдсэн байна. Үхань хот нь Хятадын Хэбэй мужийн хот бөгөөд энэ мужид хамгийн халдвар авагсдын тоо хамгийн их буюу 1000 гаран хүн халдвар авсан байгаа юм. Түүнчлэн хилийн чанадад АНУ, Тайланд, Вьетнам, Өмнөд Солонгос, Япон, Непаль, Австрали, Сингапур, Малайз, Франц зэрэг улсуудад халдвар бүртгэгдээд байна.

Хэдий албан ёсны тоо баримтад дээрх байдлаар мэдээлж буй ч бодит амьдрал дээр халдвар авсан ч эмнэлгийн байгууллагад бүртгэгдээгүй, халдвар авснаа мэдээгүй хүний тоо хэдэн арван мянга давсан байх магадлалтай гэж зарим мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Хорио цээрийн бүсүүдэд хүнсний зах, дэлгүүрүүдийн лангуу хоосорч, хүнсээ нөөцлөх гэсэн иргэдийн дунд ширүүхэн тэмцэл өрнөж байна. Мөн хамгийн амны хаалтны эрэлт ихээр нэмэгдэж, эмийн сангуудад нөөц дуусч, хүмүүс амны хаалт авахын тулд урт дараалал үүсгэн зогсож байгаа дүр зурагтай байгаа аж. Уг өвчин анх дэгдсэн Үхань хотын гудамжинд хүний хөл хөдөлгөөн илт багасч, машин тэрэг ч үзэгдэхээ байж, эзэнгүй хот шиг байх болжээ.

Түүнчлэн АНУ тэргүүтэй улс орнууд Хятад улсаас ялангуяа Үхань хотоос ард иргэд, дипломат ажилтнуудаа татаж байгаа юм. АНУ-ын хувьд 1,000 орчим иргэнээ татсан бол Монгол Улс Үхань хотод амьдардаг 31 оюутнаа эх орон руугаа авчрах шийдвэрийг өчигдөр гаргасан билээ.

Үхлийн халдварт өвчнөөс үүдэн Бээжин хот Цагаан сарыг угтсан олон нийтийн томоохон арга хэмжээнүүдийг цуцлах шийдвэр гаргасны улмаас тус улсад зохион байгуулагдахаар төлөвлөсөн олимпийн эрх авах тэмцээнүүд гэх мэт спортын тэмцээн уралдаанууд цуцлагдан, зарим нь өөр улсад зохион байгуулагдахаар болж байна. Мөн үүнийг дагаад тус улсыг зорих жуулчдын тоо ч эрс буурч, Хятадын эдийн засагт томоохон цохилт болоод буй юм. Цагаан сарын баярын үе бол тус улсын аялал жуулчлалын оргил үе бөгөөд гадаад болон дотоодын аялал жуулчлалын урсгал дээд цэгтээ хүрдэг билээ. Энэ үеийг хүн төрөлхтний "хамгийн том нүүдэл" ч гэж нэрлэдэг. Зөвхөн Хятад улс гэлтгүй, өвчний халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс зарим улс орнууд хилээ хаах, нислэгүүдээ зогсоох зэрэг арга хэмжээ авч буйгаас дэлхийн нийтийн тэр дундаа Ази, Европын санхүүгийн байдал хэлбэлзэлд орж эхэлжээ. Энэхүү өвчний улмаас хамгийн их алдагдалд орж буй салбар нь агаарын тээвэр, аялал жуулчлалын салбар юм. Үүнтэй холбоотойгоор Хятадын агаарын тээврийн компаниудын хувьцаа огцом унаж, Азийн хамгийн том зах зээл болох Хонгконгийн хөрөнгийн биржид савлагаа үүссэн байна.   Үүнээс гадна олон улсын худалдааны эргэлтэд ч энэ өвчний тархалт сөргөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.

Үүнээс өмнө 2002-2003 онд мөн л Хятад улсад дэлгэрч, дэлхийн 43 оронд тархсан SARS вирусийн улмаас дэлхийн санхүүгийн зах зээл ихэд хэлбэлзэж, аялал жуулчлалын салбар хамгийн их өртөж байжээ. SARS халдвараар тухайн үед 8,000 орчим хүн халдварлаж, 700 гаруй хүний амь эрсдэж байв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
157
ХарамсалтайХарамсалтай
23
БурууБуруу
22
ГайхмаарГайхмаар
14
ХөөрхөнХөөрхөн
12
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
7
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж