"Цуглуулгад маань 20 тоннын контейнер багадаж байна" | News.MN

"Цуглуулгад маань 20 тоннын контейнер багадаж байна"

"Цуглуулгад маань 20 тоннын контейнер багадаж байна"

"Цуглуулгад маань 20 тоннын контейнер багадаж байна"

Дэлгэцийн урлагийн арын албанд 2005 оноос “гялалзаж” яваа чадварлаг уран бүтээлчдийн нэг бол кино зураач Н.Болор-Эрдэнэ. Тэрбээр “Ану хатан”, “Долоон бурхан харвадаггүй”, “Содура” зэрэг киноны ерөнхий зураачаар ажилласан нэгэн. Урт үс, бүрх малгай, чамин хүзүүний ороолтоор байнга гангарах нь түүний имиж. 

Н.Болор-Эрдэнийг хүмүүс кино зураачаас илүүтэй хуучны эд зүйлс цуглуулагч гэдгээр нь андахгүй. Өдгөө 20 тоннын контейнер дүүрэн цуглуулгад 1970, 80 оныхон андахгүй чемодан, пяктрул, магнитофоноос авахуулаад  одоогоос 100 жилийн өмнөх үнэтэй эд ч бий. Хоббийгоо мэргэжил, ажлаа хобби болгосон кино зураач, хуучны эд зүйлс цуглуулагч Н.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.


-Үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй “Фантастик” продакшны уран бүтээл  37-р Точка киноны зураачаар та ажилласан уу. Тус киноны үзэгдэлд халуун савнаас эхлээд пянз хөгжим гэх мэт тухайн үед хэрэглэж байсан зүйлс их гардаг. Та цуглуулгаасаа кинонд ашигласан уу?

-Би кинонд ажиллах үедээ жижиг эд зүйлс хэрэглэлүүдээ машиндаа байнга авч явдаг. "Фантастик” продакшны уран бүтээл  37-р Точка кинонд цуглуулгаасаа ашиглалгүй яах вэ. Тус киноны зураачаар ажилласан. Бид хамтарч олон кинонд ажилласан. Ер нь их гар нийлдэг.

-Яагаад социализмын үед хэрэглэж байсан эд зүйлсийг  хоббигоо болгосон бэ?

-Бид түүхэн сэдэвтэй буюу Хүннүгийн үе, Их эзэн Чингис хааны үед өмсч байсан хувцас хэрэглэж байсан эдлэл хэрэгслийг өөрсдөө хийж, орлуулж болж байгаа юм. Харин социализмын үеийн эдлэл хэрэгслийг цуглуулах болсон нь тухайн үед хэрэглэж байсан телевизор, хивс, аравч радио, пянз тоглуулаг, мебель тавилга, төмөр орыг хэзээ ч дахин бүтээж бас орлуулах боломжгүй. Тиймээс цуглуулахаас өөр аргагүй.

-Монголд тантай адил хуучны эд зүйлс цуглуулдаг хэр олон хүн байна?

Миний хувьд 10 гаруй жил хуучны эд зүйлс цуглуулж байна. Монголд надтай адилхан цуглуулгатай хүн Батжаа /Батжаргал/ ах маань байна. Энэ хүн миний багш, анх кино урлагт хөл тавихад их хувь нэмрээ оруулсан. Багш бид хоёр л кинондоо зориулж хуучны эд зүйлс цуглуулж хоббигоо болгосон. Тэр хүнд 20 тонны контейнероос илүү их зүйл бий. Миний хувьд 10 гаруй жил гэхээр их богино хугацаа.

Надад социализмын үед 1970-1990 онд айл болгонд байсан цаг, зурагт, сэтгүүл, сонин гээд олон зүйлс бий. Эдгээрийг цуглуулах болсон нь миний ажил мэргэжилтэй холбоотой.

Кино зураачид өөрт нь тодорхой хэмжээний материаллаг бааз байснаар ажиллахад илүү хялбар байдаг.Миний хувьд ажил мэргэжлийн шугамаар цуглуулж эхэлсэн түүхтэй. Нөгөө талаас  хуучин кино нэгдэлд хуучны эдлэл хэрэгсэл, хувцас байдаг мөртөө түрээслэхэд киноны уран бүтээлчдэд их явдал чирэгдэлтэй байдаг л даа. Зөвшөөрөл авахаас эхлээд хариуцсан даргаар нь гарын үсэг цуглуулах, түрээслэхэд шаардлага өндөр гэх зэрэг асуудал их. Энэ зовлонг би мэддэг болохоор хуучны эд зүйлс цуглуулах шалтгаан нь болсон. Жишээ татахад би Кино нэгтгэлээс хуучны хувцас, эдлэл хэрэгсэл гуйхаас илүү өөртөө байгаа зүйлсээ ашигласан нь илүү дээр шүү дээ.

-Таны цуглуулгад бас лада, 24 маркийн машин байдаг. Одоог хүртэл даатгал, татварыг нь төлдөг гэсэн үү. Машин цуглуулж эхэлсэн  түүхээсээ хуваалцахгүй юу?

-Зөвхөн жижиг эдлэл хэрэгслээс гадна би машин цуглуулдаг. Одоогоор тийм олон биш ч лада 2106, москвич 412 маркийн машин, мотоцикльтой. Машинууд маань бүрэн ажиллагаатай, багаж хэрэгслүүд нь тухайн үеийнх. Моторыг нь сольж, солонгос машины эд анги хийгээгүй. Машины дотор болон гаднах нь винтаж хэлбэрээр нь байлгахыг хичээдэг. Машинуудаа дулаан гараашт хадгалж байна. Жил бүр  татвар, даатгал, оношилгоог нь жил бүр хийлгэдэг. Намайг хуучны эд зүйлс машин цуглуулдгийг мэддэг болохоор гэрчилгээгээ өгөөд л оношилгоо, даатгалд хамруулна. Энэ тал дээр их баярладаг. Яагаад гэвэл одооны их замын түгжрэлд лада, 24 маркийн машинаа оношилгоонд  хамруулахын тулд жолоодно гэдэг бэрх. Киноны зураг авалтад оруулахдаа л өөрөө жолоодож  хүргэж өгдөг. Харин түүхээс нь сонирхуулахад, Баянхошуунд улаан москвич Данзан гэдэг өвөө бий. Энэ хүн манай аавын буурал найз нь. Биднийг хүүхэд байхад Данзан ах цэмбэгэр улаан москвичтайгаа гэрт ирээд л бүгдээрээ хөдөө явдаг байсан сайхан дурсамжтай. 30 жилийн дараа тэр улаан москвич цэмбэгэр  хэвээрээ л байсан. Харин нийгэм цаг үеэ дагаад машинаа солих шаардлагатай болсон учраас би машиныг нь авахаар болсон юм.

Данзан өвөө хайртай машин нь кинонд мөнхөрснийг хараад их баярлана. Одоо ч гэсэн  “Миний улаан москвич” яаж байна гээд л асуудаг юм. Энэ бол хамгийн сайхан түүхтэй цуглуулгын нэг л дээ. Бусдыг нь би машинаар солих, худалдаж авах байдлаар цуглуулгадаа нэмэрлэсэн.

-Таны хувьд пянз, сэтгүүл, цаг, бугуйн цаг , тавилга гэх мэт олон төрлийн цуглуулгатай. Тус бүрээр нь үзэсгэлэн гаргах бодол бий юу?

-Сүүлийн үед үзэсгэлэн гаргах талаар бодож, төлөвлөж эхлээд байна. Цаг агаар дулаарахаар цуглуулгуудаа гаргаж өнгөлж, тордоно. Дараа нь хүмүүс дурсамжиндаа очих үзэсгэлэн гаргана. Монголд хуучны машин цуглуулдаг маш олон хүн байдаг. Тэдэнтэй хамтран үзэсгэлэн гаргахад ч би татгалзахгүй. Жишээ нь, гадаад орчинд машинууд байхад танхим дотор хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан тухайн цаг үеийн зүйлс дэлгээстэй, орчин цагийн үеийн хүүхдүүдийн хэзээ ч харж байгаагүй, бид хараад л дурсамжиндаа очих өнгөрснийг сануулах үзэсгэлэн байж болно.

Бугуйн цагийг тань бас онцлохгүй байж болохгүй.  Их “эртний” түүхтэй гэж сонссон. Барагцаалбал 1970 оных гэсэн үү?

-Миний зүүж буй механик  бугуйн цаг ЗХУ-ын “Слава”-гийнх. Ахмадууд он цагийг нь хэлж мэддэггүй. Тэд ярихдаа 1968, 1970 оных гэдэг. Би худалдаж авч байсан юм. Үүнийгээ би цагчин эмээгээр араа шүдийг нь солиулж, угааж цэвэрлүүлж байсан.

Эмээ цагийг маань засч өгөхдөө “Одоо чи насан туршдаа зүүхэд ч асуудалгүй” гэж өгч байсан. Винтаж юм өөрөө их амьтай сайхан л даа. Миний барагцаалж буйгаар наанадаж л 1970 оных.

Хүмүүс хараад “хүүе манай өвөөгийн үед зүүж байсан цаг” гэдэг л дээ. Ийм төрлийн цаг надад хэд хэдэн төрлөөрөө бий. Бас ханын цаг гэхэд сэрүүлэгтэй, хөхөөтэй, ширээний  гээд цөөнгүй байна.

-Хамгийн эртнийх нь 1920 оных. Бичгийн машин, пянзнууд одоог хүртэл ажилладаг уу?

-Найруулагч Гансэрээ ах надад бичгийн машин өгч байсан. Крилл үсэгтэй нэ бичгийн машин 1920-иод оных. Пяктрул гэхэд 1930 оных. Бас ажилладаг. Пянз нь хүртэл надад бий. Мөн тухайн үеийн үлгэрийн холбоо 1,2 шанз, ардын дуунууд байна. Цуглуулгад маань хүмүүс их тус болдог. Энэ бол Болороод өгч байгаа зүйл биш, киноны түүхэнд оруулж буй хувь нэмэр. Хэрэв хүмүүс өгсөн эд зүйлээ буцааж авахаар бол нээлттэй шүү гэдэг. Хүмүүсийн бэлэглэсэн, өгсөн зүйлийг би найдвартай тоос шороогүй орчинд хадгалж байна.

Цуглуулгыг маань найз нөхөд, хамт олон маань их дэмжинэ, өөрөө бас эрэл хайгуул хийж хуучны эд зүйлс худалдаж авна. Олж авсан зүйлсээ гэртээ хадгалж, дараа нь амбаарт гэх зэргээр цуглуулга маань одоо 20 тонны контейнер дүүрсэн.

Сүүлийн үед социализмын үеийн хувцасны цуглуулгатай болж байна. Энэ бол манай эхнэрийн мэргэжилтэй салшгүй холбоотой. Хуучны эд зүйлс цуглуулах нь манай гэр бүлийн хобби.  Эхнэр маань киноны зураач, стилистээр ажилладаг. Харин киноны зураачаар ажилладаг хүн бүр ийм цуглуулгатай гэж хэлэхэд хэцүү. Монголд над шиг цуглуулгатай хүн манай багш бид хоёр л байна.

-Хоббиндоо үнэнч байхын тулд мөнгө шаардлагатай. Энэ тал дээр та мөнгө хайрладаг уу. Нууц биш бол хэчнээн төгрөг зарцуулсан бэ?

Хоббитой байна гэдэг нэг үгээр би мөнгө үрж байна. Үнэ цэнтэй гэж бодсон үнэлсэн зүйлдээ би мөнгө хайрлахгүй. Одоог хүртэл цуглуулсан бүхнээ мөнгөөр үнэлэхийн аргагүй үнэ цэнтэй. Яах вэ машин бол илүү үнэтэй. Хоббитой байхад хүн ядардаггүй, өлсдөггүй, цуцдаггүй. Хүний сэтгэлээс гардаг зүйл. Давхар мэргэжлийн онцлог. Саяхнаас 40 тонны контейнер авсан. Эндээ би тавилгуудаа ангилж хийхээр төлөвлөөд байна. Хувцасыг ч бас ангилах шаардлагатай. Ер нь бол 1980-1990 оны классик загвартай хувцасууд бий.

Хуучны эд зүйлсийг олж авахад хэр их эрэл хайгуул болж байна. Эсвэл санамсаргүй байдлаар олж авдаг уу. Айлууд бас хуучин эд зүйлсээ хэрэглэхгүй гаргаж хаядаг шүү дээ?

Манай найз Төөнөө цуглуулгад маань бас их тус болдог. Над руу утасдаад л “Манай байрны гадаа шкаф байна, буйдан хаячхаж” гэнэ. Тэр бүрт портероор аваарай, жижүүрт нь түр харж байгаа ч гээд л гуйна, хоолны мөнгө өгнө.  Хүний хаясан зүйлийг би хэрэглэхгүй.  Дараа нь харахад их  сайхан. Нэг удаа орцонд пункрийн дэргэд гаднах хайрцаг нь ялзарсан ч шинэ гацуур олж байсан. Тэр гацуур ЗХУ-ын үеийнх. Хайрцгийг задалж үзтэл огт угсарч байгаагүй шинэ гацуур байсан. Бодвол нэг айл шинэ гацуураар сольсон. Санамсаргүй байдлаар хуучны эд зүйлс их олдог л доо. Эсвэл надад тэгж их таардаг юм уу мэдэхгүй. Заримдаа орцонд пянз тоглуулагч хаячихсан байдаг. Бас зах их хөшүүрэг болдог л доо. Нарантуул захын “Мангасын ам”-ын наймаачид бол намайг андахгүй. Хүмүүсийн явахаас цэрвэдэг энэ хэсэг миний явах хамгийн дуртай газруудын нэг.

-Хүмүүс бас танд эд зүйлсээ өгье хадгалуулъя гэж холбогддог уу?

-Миний цуглуулга дотор хүмүүсийн надад өгч байсан зүйлсийг би он сар овог нэр, утасны дугаартай нь ангилж хадгалдаг. Хэзээ нэгэн өдөр тухайн хүн өгч байсан зүйлсээ авч болно. Өөрт нь хэрэг болохыг үгүйсгэхгүй. Над руу хүмүүс холбогдохдоо хэдэн төгрөгөөр авах вэ гэдэг. Тухайн хүнд үнэ цэнтэй, түүх өгүүлсэн зүйлийг би мөнгөөр үнэлэх хэцүү. Тиймээс зүгээр л хадгалаад өгье, эргүүлээд авахад нээлттэй шүү гэдэг. Нэг талаараа хэзээ нэгэн өдөр хаягдах байсан зүйл кинонд давхар мөнхөрдөг. Хүмүүс ч хэлдэг. Нөгөө талаар би “найдвартай хадгалагч”  болж хувирч байна.

-Хуучны эд зүйлсийг хадгалж цуглуулахад арчлалт хадгалалт чухал. Таны хувьд 20 тонны контейнер дүүрэн цуглуулгаа ангилж ялгах, тоосыг нь арчихад хэр их хугацааг зарцуулдаг вэ?

-Энэ бол манай гэр бүлийн хамгийн аз жаргалтай өдрүүд. Дүү нар маань туслалцана.  Би жилд хоёр удаа цуглуулгуудаа гаргаж цэвэрлэдэг. Заримдаа авчирсан эд зүйлсээ мартчихсан байх нь ч бий. Эргээд харахад их гоё. Нэг талаараа стресс ядаргааг тайлдаг. Цэвэрлэгээний ажилд дор хаяж гурван өдөр болно шүү. хайрцгийг нь солино. Контейнер бол маш сайн агуулах болдог. Ус бороо дуслахгүй, салхи нэвтрэхгүй. Хамгийн найдвартай агуулах болдог.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.БҮЖИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-27 103.26.193.139

deer yeiin oros tsergiin remin bys baigaa yuu.

Avatar

Зочин 2020-01-27 49.0.212.169

huurhun um

Avatar

ИРА 2020-01-27 66.181.189.97

Тийм л дээ. ХОЛЛИВУУДАД ЁСТОЙ ЕСӨН ЗҮЙЛИЙН ЮМ БАЙДАГ БИЗ. МАНАЙД КИНО ҮЙЛДВЭР НЬ ХАДГАЛДАГГҮЙ ЮМ БОЛ ӨӨРӨӨ Л ҮЗЭХЭЭС н**ш ЦУГЛУУЛЛАА ГЭЖ АВГАЙ НЬ ЗАГНАДАГ БАЙХ ДАА:

Avatar

ирад 2020-01-27 59.153.87.46

эхнэр нь уурлах нь бүү хэл хамт цуглуулдаг. эхнэр нь киноны хувцасны зураач болхоор тусдаа хувцасны цуглуулгатай.

Avatar

Зочин 2020-01-27 103.206.194.6

75-ын дугуй байгаа юу?

Avatar

sain bna 2020-01-27 202.21.117.194

мундаг залуу юмаа. Амжилт хүсье

Avatar

Зочин 2020-01-27 182.160.33.162

funny collector

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж