Өнгөрөгч Баасан гаригт улсын аварга, заан, арслан цолтой бөхчүүд "Их эе" хурлаа зохион байгуулахыг шаардаж, Үндэсний бөхийн холбоо хүлээж авахгүй тохиолдолд сар шинийн барилдаанд зодоглохгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Бөхчүүд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж, "ажил хаялт" зарлах болсон нь допингийн асуудалтай холбоотой юм. Допинг тойрсон сэдэв өнөөдөр үндэсний бөхийн эмзэг цэг нь болсон. Ялангуяа өнгөрсөн жилийн наадмаас хойш дуулиан тарьж байгаа допингийн асуудлыг эцэслэхгүй бол шалдаа унасан Үндэсний бөхийн нэр хүндэд улам сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй.
Бөхийн өргөөг булаацалдсан бөхийн томчуудын утгаа алдсан алдсан хэрүүл, залуу үеэ ч хөлдөө чирж байна. Тэр тусмаа үндэсний бөхийн холбооны үйл ажиллагаанд улстөрчид ил болон далдуур оролцох болсон нь үндэсний бөхийн гол эмгэнэл болсон. Өнгөрсөн зуны допингийн асуудлаа өнөөдөр шийдэж чадахгүй, бөхчүүд нь "ажил хаях"-аа зарлах болсон нь допингийн асуудал Ерөнхийлөгчийн Тамгын газарт очоод гацсантай холбоотой юм.
Хэдийгээр бөхийн холбоо талцалаа зогсоож, Б.Бат-Эрдэнэ аваргад тамга тэмдгээ шилжүүлсэн гэх ч Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртүүлсэн албан ёсны холбоо нь Л.Чинбатын нэр дээр хэвээрээ байна. Тиймээс энэ бүгдийг эцэслэж, допингтой бөхчүүдтэйгээ хариуцлага тооцох бөхчүүдийн санаачилга зөв.
"Их эе" хурлыг зөвхөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны бүртгэл дээрх тэргүүн зарлан хуралдуулах ёстой. Эс бөгөөс тухайн хурлаас гарсан ямар ч шийдвэр хүчингүйд тооцогдох хуультай гэж Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Ц.Магалжав мэдэгдсэн. Тэгэхээр Монголын бөхийн холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнэ үү, Л.Чинбат уу гэдгийг хамгийн эхэнд цэгцлэх шаардлагатай
Түүнчлэн бөхчүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлыг ч ярьж, "өвгөрсөн" дүрмээ өөрчлөх цаг нь болсон. Өөрөөр хэлбэл, үндэсний бөх мэргэжлийн спорт мөн үү эсвэл наадам уу гэдгийг шийдэх ёстой гэсэн үг. Хэрэвзээ мэргэжлийн спорт мөн бол мэргэжлийн спортод тавигддаг шаарлага бөхчүүдэд тавигдах ёстой. Харин наадам бол үзэгчдийг хөгжөөх, баясгахад л зориулагдсан, тэгэхээр допингтой бөхчүүдээ барилдуулна уу байна уу, үндэсний бөхийн холбооны асуудал болно.
Бөхчүүдийн тухай таагүй мэдээлэл үе үе хөвөрдөг. Хаана л болж бүтэхгүй асуудалд бөхчүүд нэр холбогддог болоод удаж байна. Харамсалтай нь, холбоо нь ч төр нь хариуцлага тооцож чадахгүй бөхчүүдийнхээ барьцаанд оржээ.
Баяр наадам дөхөөд ирэхээр нутгийн зөвлөл, ивээн тэтгэгч байгууллагууд бөхчүүдийн хэдэн арван саяар нь тэтгэнэ. Бүр ч болоогүй хор, найрааг нь хийнэ, санхүүжүүлнэ. Хэрэвзээ, үндэсний бөхийг мэргэжлийн спорт гэж үзвэл хор, найрааг нь ч зогсоох ёстой. Төрөөс тэдэнд цол, шагналыг нь олгодог гэвэл шүү дээ.
Улсын баяр наадамд ганц түрүүлээд хурандаа цол, хоёр гурван өрөө байр, том том жийп машинаар байлах бөхчүүдийн ёс зүй, хариуцлагыг нь ярихгүйгээр үндэсний спортыг хөгжүүлэх тухай ярих нь утгагүй.
Хэт мөнгө, нэр алдар хөөсөн өнөө цагийн бөхчүүд өөрсдөө үндэсний бөхийн "гамшиг" болсон. Барилдахаасаа илүү зодолдож, ноцолдоно. Хориотой мэх хэрэглэнэ, хоорондоо хор найраа хийнэ, танхимаа ч шударгаар өгчихөж чаддаггүй. Үнэндээ, Үндэсний бөхийг мөхөөж байгаа нь бөхчүүд. Бөх бол төр биш, бөх бол спорт байх ёстой.
Холбоотой мэдээ