Улаанбаатарыг агаарын бохирдлыг бууруулах үүднээс түүхий нүүрсний хэрэглээг хориглож, сайжруулсан түлш түлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Сайжруулсан түлш түлснээр нийслэлийн утаа буурсан ч, угаартаж нас барсан тохиолдол цөөнгүй гарсан. Тодруулбал, сайжруулсан түлшнээс болж 12 хүн алтан амиа алдаж, 3000 орчим хүн угаартаж, эрүүл мэндээрээ хохирчээ. Тиймээс угаарын хийн хордлогоос иргэдээ хамгаалахаар Засгийн газраас гэр хорооллынхонд утаа мэдрэгч үнэгүй тараах шийдвэр гаргасан. Нийт 3.2 тэрбумын үнээр БНХАУ-аас захиалан авчирч буй утаа мэдрэгчийг айлуудад суурилуулахдаа хамгийн их хүн амтай хороодыг сонгож, эхний ээлжинд 70 мянган ширхгийг тарааж байна.
Хан-Уулын 1285, Баянзүрхийн 5000, Чингэлтэйн 3450, Баянголын 1422, Сонгинохайрханы 6933, Сүхбаатар дүүргийн 1902 өрхөд угаар мэдрэгчийг өнгөрсөн долоо хоногоос эхлэн суурилуулах болсон байна. Гэхдээ угаарын хий мэдрэгчийг гэртээ суурилуулснаар угаартах аюулаас холдлоо гэсэн үг биш. Энэхүү төхөөрөмжийг зөв ашиглаж, дохиолол дуугарсан даруйд агаар сэлгэлт хийх, гэр бүлийн гишүүдийг гэрээс гаргах зэрэг арга хэмжээ авахыг холбогдох албаныхан зөвлөж буй. Ийм арга хэмжээ аваагүйн улмаас долоон сартай жирэмсэн эмэгтэй угаарын хийнд хордсон харамсалтай явдал өнгөрсөн долоо хоногт /2020.01.23/ гарсан юм.
Шинэ төхөөрөмж гэртээ суурилуулсан айлууд угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой болсон уу үгүй юу гэдгийг сурвалжиллаа.
Сайжруулсан түлш илч сайтай ч чимээгүй “үхэл” гэр бүлийг нь нөмрөх вий, бяцхан үрсийг нь авч одох вий гэсэн айдас хүн бүрт өмнө нь байсныг иргэд хэлж байв. Өдөр бүр угаарын хийн хордлогод эрүүл мэндээрээ хохирсон гэх мэдээлэл тэдний айдас түгшүүрийг улам нэмж, зуухныхаа амыг нээхээс өөр болгоомжлол үнэндээ байгаагүй тул утаа мэдрэгчтэй болохыг нь хүлээж байсан гэнэ. Угаарын хий мэдрэгч суурилуулсан айлууд айх айдасгүй бүтэн нойртой хонодог болжээ. Гэвч тайвширч болохгүй юм.
Чингэлтэй дүүргийн XII хорооны 776 тоотод оршин суух хаягтай иргэн Б.Оюунцэцэгийнх нам даралттай зуухтай, байшинд амьдардаг. Энэхүү байшинд дөрвөн өрх амьдардаг ба коридорт угаарын хий мэдрэгчээ байрлуулжээ. Үүдний ойролцоо нам даралттай зуух нь байрладаг тул эрсдэлээ тооцсон ч тэр угаарын хий алдаж болзошгүй тул ийнхүү утаа мэдрэгчийг коридорт байрлуулсан нь энэ аж. Бас зарим айл нь өрөөнийхөө хананд тогтоосон байв.
УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧТЭЙ БОЛСНООС ХОЙШ ТАЙВАН ХОНОДОГ БОЛСОН
Иргэн Б.ОЮУНЦЭЦЭГ:
– Угаарын хий мэдрэгчийг суурилуулаад долоо хонож байна. Үүнээс өмнө өмнө угаартчих вий гэсэн байнгын айдастай байсан. Одоогоор улаан гэрэл анивчиж аюулын дохио өгөөгүй байна. Хөршүүдийн яриснаар улаан дохио анивчвал их чанга дуутай юм шиг байна билээ. Тэгэхээр угаартна гэсэн айдасгүй л юм шиг байгаа юм. Манайд ногоон гэрэл нь 30 секунд анивчдаг. Угаарын хий мэдрэгчийг суурилуулснаас хойш тайван хонодог болсон. Өвлөөс хойш угаарын хий мэдрэгчийг тараана гэх сургаар л их хүлээлттэй байлаа.
Дараа нь бид монгол гэрт орлоо. Иргэн А.Батжаргалынх хоёр нас болон дөрвөн сартай бага насны хоёр хүүхэдтэй. Тиймээс угаартах вий гэсэн байнгын айдас болгоомжлол саяхныг хүртэл байсан гэнэ. Энэ сарын 13-наас эхлэн хорооноос нь угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд тарааж, зөвлөгөө өгсөн аж.
А.Батжаргалынх угаарын хий мэдрэгчийг гэрийнхээ хойморт ханандаа өлгөсөн байв. Гэхдээ бас л буруу байрлуулсан болохыг хорооны ажилтан унинаас доош ханандаа дундыг баримжаалан тогтоохыг зөвлөгөөг өгч байсан юм.
УЛААН ГЭРЭЛ АНИВЧИЖ, ДОХИОЛОЛ ДУУГАРВАЛ ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХАА
МЭДЭХГҮЙ БАЙНА
Иргэн А.БАТЖАРГАЛ:
Угаарын хий мэдрэгчийг гэртээ суурилуулаагүй байхад угаартчихвий гэсэн айдастай байсан. Галаа түлэхдээ угаартах вий гэхээс зуухаа шалгана, амыг нь нээлттэй орхино. Угаарын хий мэдрэгчийг суурилуулснаас хойш миний толгой өвдөж, бага хүүхэд маань уйлагнахаа больсон. Өмнө нь ийм зовиуртай өглөө бүр сэрдэг байсан. Манай гэр бүл угаарын хий мэдрэгчтэй болсноос хойш айх айдасгүй тайван хонож байна. Гэхдээ улаан гэрэл анивчиж дохиолол дуугарсан үед ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй. Аюултай л гэж сонссон. Угаарын хий мэдрэгчийн талаарх мэдээллийг авч чаддаггүй гэлээ.
Чингэлтэй дүүргийн XII хороо нь олны нэрлэж заншиснаар Дэнжийн мянга буюу Нарантуул II захын хажууд байрладаг аж. Тус хороонд нийт 3000 орчим өрх харьяалагддаг, хамгийн олон хүн амтай хороо тул угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулсан нь энэ юм байна.
УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧ ИРГЭДИЙН ДУНД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭСЭН
ЧД-ийн XII наймдугаар хэсгийн ахлагч Ц.ХУРГАНХҮҮ:
“Угаарын хий мэдрэгчийг өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн тарааж эхэлнэ гэх мэдээллийг хотын удирдлагууд өгсөн болохоор хүмүүсийн дунд их хүлээлт байсан. Хэзээ суурилуулах вэ гэж асууна. Манай хороонд энэ сарын 13-ны өдрөөс эхлэн угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулах ажлыг эхлүүлж, дууслаа.
Бид Онцгой байдлын хэлтэстэй хамтран айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг суурилуулж, дагалдах зөвлөгөөг өгч ажилласан. Шинэ төхөөрөмж суурилуулснаас хойш айл өрхүүдэд ямар нэгэн асуудал үүсч, гомдол ирээгүй. Нэг айлын угаарын хий мэдрэгч нь эвдрэлтэй ирсэн байсныг солиулсан. Угаар үүсээгүй байхад улаан гэрэл нь анивчиж, дохиолол дуугараад байсан гэх гомдлыг шалгаж үзэхэд мэдрэгч нь эвдэрсэн байсныг солиулж өгсөн гэлээ.
Хэдийгээр албаны хүмүүс угаарын хий мэдрэгчийн талаарх мэдээллийг өгч байгаа ч төхөөрөмж суурилуулсан айл өрхүүд улаан гэрэл анивчсан үед ямар арга хэмжээ авах талаар төдийлөн мэдээлэлгүй байлаа. Дээр нь иргэд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг байршуулсан ч тайвширч болохгүй, үргэлж хянуур байх хэрэгтэйг холбогдох албаны хүмүүс зөвлөж байгаа юм.
Айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг суурилуулснаас хойш угаартсан хүний тоо буураагүй гэх мэдээллийг НОБГ-аас өгч байв. Тодруулбал, онцгой байдлын байгууллагад иргэдээс ирүүлж буй дуудлага мэдээлэлд хоногт 8-16 хүн угаарын хийд хүнд болон хөнгөн хордсон гэх дуудлага ирүүлдэг байна. Угаарын хий мэдрэгчийг гэр хорооллынхонд суурилуулсан ч хоногт угаартсан иргэдийн дуудлага мэдээлэл буураагүй дээрх тоон үзүүлэл хэвээр байгаа гэнэ.
УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧИЙГ АЙЛ ӨРХҮҮДЭД СУУРИЛУУЛСНААС ХОЙШ УГААРТСАН ХҮНИЙ ТОО БУУРААГҮЙ
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.НЭРГҮЙ:
-Нийт 70 мянган ширхэг угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулаад байна. Цаашид гэр хорооллын 220 мянга айл өрхөд уг төхөөрөмжийг байршуулна. Угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулснаас хойш угаартсан хүний тоо буурсан гэж одоогоор хэлэхэд бэрх. Учир нь угаарын хий хордлогод өртсөн гэх дуудлага мэдээллийн тоо буураагүй байна. Бидний зүгээс угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд байршуулахдаа тодорхой заавар зөвлөмжийг өгч, бас суурилуулж өгч байгаа гэлээ. Угаарын хий мэдрэгчийг цахилгаан болон уурнаас хол газарт байршуулах хэрэгтэй. Төхөөрөмжийг унтлагын өрөө, коридор, зочны өрөө, шатны төгсгөлд байрлуулж болно. Гэр сууцанд суурилуулах бол тоононоос дээш 30 см зайд доош багана эсвэл унинд суурилуулах хэрэгтэй гэх зөвлөмжийг Агаарын бохирдолтой тэмцэх газраас өгч байгаа юм. Тус газраас угаарын хий мэдрэгчийг цагаан сарын баяраас өмнө гэр хорооллынхонд тараах ажил дуусна гэх мэдээллийг өглөө.
УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧ ТӨХӨӨРӨМЖИЙГ БОГИНО ХУГАЦААНД ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛСЭН
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргалаас дараах зүйлийг тодрууллаа.
-Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг өнгөрсөн оны аравдугаар сараас гэр хорооллынхонд тараах шийдвэрыг гаргасан. Гэвч галлагааны улирал дуусах үед хавартай золгож энэ ажил эхэлж байна. Ямар учраас угаарын хий мэдрэгч төхөөрөмж тараах ажил удсан бэ?
– Угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах ажил өнгөрсөн оны аравдугаар сард гарсан. Арваннэгдүгээр сараас хойш уг ажлыг эхлүүлж, нэгдүгээр сарын дунд үеэс айл өрхүүдэд тарааж эхэллээ.Ерөнхийдөө угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг шалгах тохируулах холбогдох дүрэм, стандарт байдаггүй. Иймд стандарт нэвтрүүлсний дараа Монгол Улсад угаарын хий мэдрэгч төхөөрөмж нэвтрүүлэх шаардлагатай болсон. Тиймээс стандарт боловсруулж яаралтай батлуулах гэж байна. Гэхдээ угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг айл өрхүүдэд тараах ажлыг маш богино хугацаанд зохион байгуулсан. Шууд үйлдвэрлэгчээс худалдан авах байдлаар цаг алдалгүй хэрэглээнд нэвтрүүллээ. Эхний ээлжинд нийслэлийн зургаан дүүргийн хамгийн их хүн амтай хороог сонгож 70 мянган ширхэгийг айл өрхүүдэд тарааж дууслаа.
-Үлдсэн төхөөрөмжийг хэзээ тараах вэ. Иргэдийн дунд их хүлээлттэй байгаа?
– Эхний ээлжинд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг айл өрхүүдэд олгохдоо гэрт нь суурилуулж зөвлөмж өгч ажиллаж байна. Цаашид үлдсэн айл өрхүүдэд цагаан сарын баяраас өмнө суурилуулахаар төлөвлөсөн.
– Уг нь шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхтэй зэрэгцэн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг айл өрхүүдэд суурилуулж хэрэглээнд нэвтрүүлсэн бол олон хүн угаартаж амь нас эрүүл мэндээрээ хохирохгүй байсан болов уу. Галлагааны улирал дуусах үед угаартаж амь нас, эрүүл мэндээрээ хохирох хүмүүсийн тоо ч буурах байх.?
– Бид өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн холбогдох байгууллагуудтай хамтран галлагааны зөвлөмж, угаарын хийгээс урьдчилан сэргийлэх талаар гарын авлага тараахаас илүүтэй айл өрх бүрт зөвлөмж өгч, зуух, янданг шалгах арга хэмжээ авч байгаа ч иргэд анхаарал болгоомжгүй байна. Угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд зүгээр тараах биш зөвлөмж өгч, гэрт нь суурилуулахдаа зуух, янданг нь шалгах, эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцлийг нь хянадаг. НОБГ-аас даваа, пүрэв гаригт иргэдэд угаарын хий хордлогоос урьдчилан сэргийлэх, тоног төхөөрөмжийн талаар мэдээллийг өгч байгаа.
Угаарын хийн хордлогын давтамж хавар намар ихсэх хандлагатай байдаг. Хаврын улиралд дотоод агаарын температурын зөрүү бага байх тусам түлшний шаталт муудснаар угаарын хий үүсэх өндөр магадлалтай.
Шороон шуургатай үед яндангаар салхи цохиж, гэрт утаа үүсэх магадлал их. Тиймээс угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг хаврын эрсдэл өндөр үеэс өмнө тарааж дуусгана гэсэн үг. Ерөнхийдөө орон сууцанд стандартын дагуу утаа мэдрэгч, галын аюулаас сэргийлэх багаж төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг бол гэр хорооллын хувийн болон гэр сууцуудад галын дохиолол, угаарын хий мэдрэгч зэрэг нэмэлт тоноглол төхөөрөмж байдаггүй. Тиймээс угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд үнэ төлбөргүй тарааж байршуулж буй гол зорилго нь иргэдийг угаартах, эрүүл мэнд амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлж буй арга хэмжээ юм. Хоёрдугаарт, угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь галын аюулаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.
-Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг суурилуулсан ч долоон сартай жирэмсэн эмэгтэй угаарын хийд хордсон. Энэ нь ямар учиртай вэ?
– Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн дохиолол дуугарсан ч иргэд агаар сэлгэлт хийгээгүй, арга хэмжээ аваагүйн улмаас угаартсан тохиолдол гарсан. Хэдийгээр НМХГ болон НОБГ иргэдэд тухай бүрт зөвлөмж өгч байгаа боловч хэрэглэгчдийн анхаарал болгоомжгүй, мэдээлэлгүйн улмаас угаарын хийд хордох эрсдэл үүсч байна. Угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь улаан, ногоон, шар гэсэн гурван өнгийн гэрэлтэй. Ердийн нөхцөлд 30 секунд тутамд ногоон өнгийн гэрэл асна. Энэ нь тухайн төхөөрөмж хэвийн ажиллаж байна гэсэн үг.
Шар гэрэл анивчвал төхөөрөмж алдаа заасан, улаан гэрэл анивчиж дохиолол дуугарвал тухайн орчинд угаар байна гэсэн үг. Хэрэв угаарын хий мэдрэгч 30 PPM угаарын хийг хэмжвэл 120 минутад дуугарч эхэлнэ. Угаарын хийн агууламж 35 PPM байгаа орчинд тухайн хүн 6-8 цаг байвал толгой өвдөх, толгой эргэх шинж тэмдэг илэрнэ.
Төхөөрөмжинд улаан гэрэл асч, дуут дохио өгсөн тохиолдолд иргэд гэрийнхээ агаар сэлгэлт хийх, угаарын хийн агууламжийн найрлагыг дэлгэцэн дээр гарч буй тоон үзүүлэлтээс харах боломжтой.Мөн хэрэглэгчийн гарын авлагад буй заавар зөвлөгөөг харах хэрэгтэй. Тиймээс иргэд угаарын хий мэдрэгчийн хэвийн үйл ажиллагааг хянаж, шалгахыг зөвлөе гэлээ.
Иргэдэд тарааж буй угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг ашиглах гарын авлагад ч бас төхөөрөмж суурилуулснаар тайвширч болохгүй тул галын аюулгүй байдлаа хянах тухай анхааруулжээ. Үүнд,
Нүүрс төрөгчийн дутуу исэл /CO/-ийн мэдрэгч төхөөрөмжийг суурилуулснаар иргэн таны аюулгүй байдал хангагдахгүй бөгөөд иргэн та өөрийн орон сууц, гэрийн зуухны бүрэн бүтэн байдлыг хангасан, гал түлэх аюулгүй ажиллагааг бүрэн эзэмшсэн, галлагааны үед зөв галлах зааварчилгааг баримтлалснаар таны аюулгүй байдадл хангагдах учиртайг сайтар анхаарна уу хэмээжээ. Тиймээс гэр хорооллын айл өрхүүд угаарын хий мэдрэгч төхөөрөмжтэй болсноор угаартахгүй гэж ойлгож, тайвширч болохгүй нь.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.БҮЖИН
Холбоотой мэдээ