Асгатын мөнгөний ордоос технологийн дээж авч байна

Хуучирсан мэдээ: 2020.01.27-нд нийтлэгдсэн

Асгатын мөнгөний ордоос технологийн дээж авч байна

Асгатын мөнгөний ордоос технологийн дээж авч байна

Жилийн өмнө Засгийн газраас Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Асгатын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор 16 ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу “Эрдэнэс Монгол” ХХК стратегийн ач холбогдол бүхий ордод багтсан Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олборлолтын шатны үйл ажиллагааг эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, хөрөнгө оруулагч талтай хамтран ордыг олборлох боломжийг судлах үүргийг хүлээж буй юм.

Далд уурхайн нөхцөл байдлыг үнэлэх хамтарсан ажлын хэсэг энэ оны долдугаар сарын сүүлчээр ажиллаж эхэлсэн бөгөөд далд уурхайн 1 болон 1А амуудыг нээх, далд малталтын бэхэлгээг сэргээх, технологийн дээж бэлтгэх ажил үргэлжилж байгаа ажээ.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэн оршдог уг ордоос технологийн дээж авахаар “Асгаткент” ХХК-ийн 16 ажилтан зургаан техниктэй ажиллаж байгаа бол тус компанийн туслан гүйцэтгэгчээр Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах албаныхан ажиллаж буй юм байна.

Бэлтгэл ажил эхэлснээс хойш сар гаруйн хугацаанд эхний 1А хэвтээ амыг бүрэн нээж, 1-р хэвтээ ам руу 40 метр орчим нэвтрэлт хийж, далд уурхайн уг амыг нээх нэвтрэлтийн ажил үргэлжилж байгаа аж.

Уурхайн амуудыг нээж технологийн дээж авах, малталтуудыг сэргээх ажлыг "Эрдэнэс Монгол" ХХК зохион байгуулж буй бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас элемент тодорхойлогч багажны техникийн туслалцаа авч, УУХҮЯ, АМГТГ, Хил хамгаалах ерөнхий газар, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах анги, Баян-Өлгий аймгийн аврах ангитай хамтран ажиллаж буй юм байна.

Асгатын мөнгө, холимог металлын орд нь ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэн оршдог. Далайн төвшнөөс дээш 2500-3200 м хүртэл өргөгдсөн. Тус бүс нутаг нь цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, хур тунадас их унадаг. Агаарын дундаж температур 0 граудус орчим байдаг ажээ.

1986 оноос Асгатын мөнгөний ордын хэмжээнд явуулсан төрөл бүрийн геологийн судалгааны ажлын үр дүнд 25 метр квадрат талбайд тархсан дунджаар 3 км урт, 80 метрийн өргөнтэй 15 хүдрийн бүс илэрчээ. Тухайн үед нөөцийг нь 26.9 сая тонн хүдэр, 7369 тонн мөнгөтэй гэж тогтоосноос үйлдвэрлэлийн аргаар ашиглах 2566 тонн мөнгө агуулсан 8.2 сая тонн хүдрийн нөөц бэлэн гэж тооцсон байна.

Асгатын ордыг өнөөдрийг хүртэл эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй нь технологийн ашигтай шийдэл олоогүй, байршил түвэгтэй хүнд нөхцөлтэй, нөөц нь мөнгөний том ордод тооцохуйц хэмжээний биш, олон элемент агуулсан бүтэцтэй гэх мэт олон шалтгаанаас үүдэлтэйг геологичид онцолж буй юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж