Төрөөс коронавирусийн эсрэг гаргасан шийдвэрүүд

Хуучирсан мэдээ: 2020.01.27-нд нийтлэгдсэн

Төрөөс коронавирусийн эсрэг гаргасан шийдвэрүүд

Төрөөс коронавирусийн эсрэг гаргасан шийдвэрүүд

БНХАУ-ын Үхань хотод анх бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусийн тархалт хүрээгээ тэлсээр байна. Өчигдрийн байдлаар /2020.01.26/ АНУ, Франц, Балба, Тайланд, Вьетнам, Малайз, Сингапур, Австрали, Макао, Хонгконг, Тайвань, Өмнөд Солонгос, Япон, Хятад зэрэг дэлхийн 14 улсад сэжигтэй  тохиолдол бүртгэгджээ.

Өнгөрсөн Баасан гаригт /2020.01.24/ Монгол Улсад  24 настай орчуулагч эмэгтэйтэй хамт явсан хоёр хүний нэг нь сэжигтэй гарсан учраас шинжилгээ авч нэгдүгээр зэргийн хавьтал гэдэг утгаар тусгаарлаад байсан юм. Түүний шинжилгээний хариу мөн өдрийн 17.00 цагт гарч, шинэ коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсон. Тэгвэл манай улстай хөрш залгаа БНХАУ-ын Эрээн, Шинжаан уйгур, Хөх хотод халдвар бүртгэгдсэн байна.  Нэгэнт эрсдэлтэй орны тоонд орсон  Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахаас эхлээд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргасан билээ. Монголд өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын сэжигтэй  тохиолдол бүртгэгдээгүй  ч   иргэдийн дунд, ялангуяа сошиал сүлжээнд хяналтгүй буруу ташаа, мэдээлэл мэдээлэл маш их хөвөрч байгааг мэргэжилтнүүд онцолж буй.

“ДЭРЭН U11” БАГ КОРОНАВИРУСИЙН ГОЛОМТ ХОТОД ТЭМЦЭЭНД ОРОЛЦЖЭЭ

Энэ сарын 15-наас 20-ны өдрүүдэд БНХАУ-ын Үхань хотод Олон улсын хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулагдсан. Тус тэмцээнд залуу дасгалжуулагч Э.Өнөр-Эрдэнээр удирдуулсан Б.Төгөлдөр ахлагчтай U11 баг оролцоод, нийт 4 хожил, 1 тэнцээ, 2 хожигдолтой тоглосон амжилттай тэмцээнээ өндөрлүүлжээ. “Дэрэн U11” багийн цахим хуудаст мэдээлснээр, хүүхдүүд сүүлийн тоглолтоо Хятадын багтай хийж, 3-2 харьцаагаар хожиж, мөнгөн медаль хүртсэн байна.

Үхань хот нь шинэ коронавирусийн голомт хот билээ. Багийн тамирчин хүүхдүүд нэгдүгээр сарын 23-нд эх орондоо иржээ. Эрүүл мэндийн яамнаас  " Монголд ирсэн даруйд нь хүүхдүүдийг шинжилгээнд хамруулсан бөгөөд коронавирусээр өвчилсөн шинж тэмдэг илрээгүй" гэх мэдээллийг өгсөн юм. 

УОК: ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙГ ГУРАВДУГААР САРЫН 2-Н ХҮРТЭЛ ХААНА

Улсын онцгой комисс /УОК/ өнгөрсөн баасан гаригт /2020.01.24/  хуралдаж  сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2-н хүртэл хаах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг өнөөдрөөс улс даяар мөрдөнө. Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдлийг бууруулах үүднээс УОК дээрх шийдвэрийг гаргасан билээ. Сурагчдын хичээлийг онлайнаар заах саналыг гаргажээ. Өөрөөр хэлбэл, сурагчдын хичээлийг телевиз болон цахим хэлбэрээр заах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдвэрлүүлэхээр болсон. Мөн хил хаах эсэх асуудал яригдаж байгаа ч энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх аж.

Д.САРАНГЭРЭЛ:  МЯГМАР ГАРИГТ КОРОНАВИРУСИЙН ОНОШЛУУРТАЙ БОЛНО

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнгөрсөн бямба гаригт /2020.01.25/  Халдварт Өвчин судлалын үндэсний төвд ажилласан. Тэрбээр энэ үеэр “Одоогоор халдвартай тохиолдол бүртгэгдээгүй ч бид халдвар хаалга тогшиж байгаа гэж үзэж байна. Учир нь ийм үед бид хамгийн муу байдлаар дүгнэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайн авах ёстой.

Манай лаборатори томуугийн 21 вирусийг оношлох боломжтой. Шинээр үүссэн коронавирусийг оношлоход лабораторийн чадамжгүй байгааг нуухгүй. 21 вирусийн аль нэг нь илрэхгүй бол коронавирусийн сэжигтэй тохиолдол байна гэж үзнэ. Энэ бол бидний хамгийн сэтгэл зовоож байгаа асуудал. Цоо шинэ вирус учраас дэлхий бэлэн биш байна. Гэхдээ Япон улсаас ойрын хугацаанд оношлуур нийлүүлэхээ мэдэгдсэн. Ирэх долоо хоногийн мягмар гаригт манай улс оношлууртай болно” гэдгийг мэдэгдсэн юм.

ҮХАНЬД БАЙГАА ОЮУТНУУДАА МОНГОЛД АВЧИРНА

Засгийн газар өчигдөр /2020.01.26/  ээлжит бусаар хуралдаж коронавирусийн үед авах арга хэмжээний талаар хэлэлцсэн. Уг хурлаар шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа машинд шаардагдах 9.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц санаас гаргахаар болсон байна. 

  • Үүнээс гадна Үхань хотод Монгол Улсын 31 оюутан байгаа бөгөөд өнөөдрийн /2020.01.27/  дотор ямар арга,  замаар оюутнуудаа авч ирэх боломжийг судалж, БНХАУ-ын талтай холбогдох юм байна.
  • Мөн хилийн боомтуудаар орж гарч байгаа зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг  өнөөдрөөс хязгаарлахаар болжээ. Үүнд төмөр зам болон агаарын тээврийн салбар хамаарахгүй аж.
  • Их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн үйл ажиллагааг 2020 оны гурадугаар сарын 2-ны өдрийг  хүртэл зогсоох шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр нэгдүгээр сарын 27-ноос эхлэн өмчийн хэлбэр харгалзахгүй бүх их, дээд сургууль, коллежи, МСҮТ-д үйлчилнэ.

 0-5 НАСТАЙ ХҮҮХДЭЭ ГЭРТЭЭ ХАРАХ ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО

Вирусийн халдвараас сэргийлэх зорилгоор ЭМЯ-аас ханиад хүрсэн, халуурсан 0-5 настай хүүхдээ гэртээ харж байгаа эцэг эхчүүдэд  тав хоногийн цалинтай чѳлѳѳ олгохоор болов. Засгийн газрын хуралдаанаар амьсгалын замын цочмог халдвар, томуу томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсвэл гэрээр асарсан ажил хөдөлмөр эрхэлж байгаа эцэг эх, асран хамгаалагчдад тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох ажлыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч нарт зөвлөжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
БурууБуруу
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж