ҮЛГЭРТ МӨНГӨ ТӨЛДӨГ БОЛСОН

Хуучирсан мэдээ: 2020.01.27-нд нийтлэгдсэн

ҮЛГЭРТ МӨНГӨ ТӨЛДӨГ БОЛСОН

Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй гэж үг бий. Орчин цагт мөрөөдөхөд ч мөнгө төлдөг болсон. Ялангуяа монгол дарга мөрөөдөхөд төсвийн мөнгө хэдэн зуун саяар урсана. Энэ бол Монголын нийгмийн хэвийн үзэгдэл болжээ. Хамгийн сүүлд гэхэд "агаарын нийтийн тээвэр" гэх гоё үйлчилгээг хотын удирдлагууд нэвтрүүлж, тэдний мөрөөдлийг биелүүлэхийн тулд нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөнөөс чамгүй хөрөнгө урсчээ.

МЕТРО ХААЧИВ?

2011 онд  Улаанбаатар хотыг метротой болгох төслийг хэрэгжүүлэхээ монгол дарга нар амалж байлаа. Албан ёсоор танилцуулсан нь 2013 он.  

Толгойтоос Амгалан хүртэлх 17.7 км замыг 15-20 минут явах метроны тухай үлгэр олон жил үргэлжилсэн ч, үнэндээ энэ үлгэрт хүүхдүүд хүртэл итгэлээ больсон. 

Дарга нарын зохиосон гайхамшигтай үлгэрт нь нийслэлчүүд 2017 оноос метрогоор зорчих тухай гардаг. Гэвч, үлгэр тэгсхийгээд амарсайхандаа жаргасан юм. 

2020 он. “Улаанбаатар метро” төслийг иргэдэд албан ёсоор танилцуулсны долоон жилийн  ой энэ онд тохиож байна. Төслийн ажил хугацаандаа, төлөвлөсөн ёсоор үргэлжилсэн бол Улаанбаатар метрополист хот болох байх. Нийтдээ 1.5 тэрбум ам.долларын өртөгтэй уг төслийг 60 хувийг япончууд хөнгөлөлттэй зээлээр олгохоор болж, үлдсэнийг нь олон улсын донор байгууллагууд болон хувийн хэвшил, дуудлага худалдаанаас олно гээд тооцсон.  Гэвч энэ төсөл 2013 ондоо “царцаж”, бүрмөсөн сураг алдарчээ. Өөрөөр хэлбэл, энэ бүх ажил 2016 оны сонгуулийн дараагаас таг мартагдсан гэсэн үг. “Метроны зам байгуулах зардал өндөр. Тооцоо, судалгаа үндэслэлгүй” гэсэн шалтгаанаар МАН-ынхан засгийн эрхийг авсны дараа  “Улаанбаатар метро” төслийг унагасан байна. 

Нийслэлийн тээврийн газрынхан Улаанбаатарыг метротой болгох судалгааг дахин эхлүүлж байгаагаа 2018 онд  албан ёсоор зарласан. Метроны чиглэлийг Офицеруудын ордноос төв зам болох Энхтайваны өргөн чөлөө дагуу Сонсголон хүртэл хотыг зүүнээс баруун тийш холбосон 17.7 км газар доогуур барих бололцоотой гэж тодорхойлсон байна.

Тэд “2030 он гэхэд нийслэлийг метротой болгоно. Санхүүжилтийг нийслэл, эсвэл Засгийн газар дангаараа шийдэх боломжгүй учир гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, түншлэл, концессын гэрээгээр шийднэ” гэсэн юм. Гэвч иргэд үүнийг 2020 оны сонгуулийн шоу гэж хардаж буй.

АРСЛАНТАЙ ГҮҮРНИЙ УСАН ХӨШИГ  МӨНГӨ УГААХ АРГА БАЙСАН УУ?

Нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор  Арслантай гүүрэнд усан хөшиг татахаар болсо.  “Усан хөшиг”-ийг нээж, тууж хайчилсан нь ердөө таван  жилийн өмнөх үйл явдал. Улаанбаатарт анхны усан хөшигний нийт өртөг  70 сая төгрөг.  Харамсалтай нь, нийслэлчүүдэд энэхүү усан хөшиг огт таалагдаагүй. Өнгө үзэмж, чанар муутай энэ хөшгийг далан сая биш  долоон саяар барьсан гэхэд итгэх хүн олон байлаа. 

Гэвч, мөрөөдөл биелэхгүй ч мөнгө угааж болно. 2019 оны зургадугаар сард “Усан хөшиг”-ийн ус цацруулагч зарим цоргыг сольж, төмөр урт хоолой бүхий цорго гагнахад дахин 40 сая төгрөгийг зарцуулсан тухай албаны хүмүүс мэдээлж байсан юм.  Энэхүү “усан хөшиг”-ний эргэн тойронд бичил цэцэрлэгт хүрээлэн барина гэсэн ч өнөөдөр бодит байдлыг нь бичих шаардлагагүй биз. Энэ мэт татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн  "шүдний чигчлүүр" олон. Бүтэлгүй мужаан тэрэг хийх гээд шүдний чигчлүүртэй үлдсэн шиг. 

 

ЧУЛУУТЫН ХАВЦАЛ ДЭЭГҮҮР БАРИХ ШИЛЭН ГҮҮР САНХҮҮЖИЛТГҮЙН УЛМААС ЗОГСОВ

2017 онд Архангай аймгийн Чулуутын хавцал дээгүүр 150 метр урттай шилэн гүүрийг барьж, 2018 оны Үндэсний баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар манай дарга мөн л мөрөөдлөө дэлгэж байв. Гэвч, мөн л мөрөөдөхөд мөнгө төлсөн.  Өнөөдөр ч шилэн гүүр ашиглалтад ороогүй, бүтээн байгуулалтын ажил эхлээгүй байгаа.

Учир нь, шилэн гүүрний бүтээн байгуулалтын ажил санхүүжилт байхгүйн улмаас таг зогсжээ. 2017  онд   хятадуудаасс Чулуутын хавцлын шилэн гүүрийг бариад өгөх саналыг аймгийн удирдлагуудад тавьсан байна. Гэтэл Засаг дарга нь зөвшөөрөөгүй аж. Монголчууд өөрсдөө 150 метр урттай шилэн гүүр барьж, дэлхийд гайхагдана гэж мөрөөдсөн монгол даргаас болж хятадуудын хүсэлт талаар болжээ. 

Тус гүүрийг барих  “Шилмэл шил” ХХК-ийн захирал М.Даш өнгөрсөн 2019 онд “Шарк Танк” нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын дугаарт  дээрх шилэн гүүр төслөө  танилцуулж 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн ч шаркуудаас  авч чадаагүй юм.  

Энэхүү  шилэн гүүр баригдсанаар  жуулчдыг татна гэж тооцсон. Тодруулбал, гүүрэн  дээгүүр жуулчид хоёр цаг орчим алхахдаа хажуугийн шатаар доош бууж, байгалийн өвөрмөц тогтоц бүхий хавцалтай илүү ойроос танилцахын зэрэгцээ төөрдөг толин байшингаар зочлон, агаарын гулсуур, агаарын дугуй, мотоциклын шоу үзүүлбэрийг сонирхох боломжтой гэж сурталчилж байв. Мөн хавцлын хоёр талаар энгийн болон дээд зэрэглэлийн хоёр төрлийн жуулчны бааз байгуулж, өөр өөр өнгө, загвар бүхий шилээр бүтээсэн 20 гэр, 10 монгол гэрт жуулчид хүлээн авахаас гадна ресторан, буфет ажиллуулах төлөвлөгөө бий. Гүүрийн өртөг нь 2.2 тэрбум төгрөг аж.

ДҮҮЖИН ТЭЭВЭР АГААРТ БИТГИЙ ЗАМХРААСАЙ!

2016 оны сонгуулийн өмнө метротой болно гэсэн шиг 2020 оны сонгуулийн өмнө дүүжин, соронзон тээвэр, тусгай замын автобустай болох шийдлийг эрх баригчид гаргалаа. Тодруулбал, 2020-2021 онд Францын хөгжлийн Засгийн Газрын санхүүжилтээр  “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл”-ийн ажил хийгдэж байгаа юм. 

Зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд Баянхошуу орчмоос III, IV хороолол хүртэл болон Энхтайвны гүүр, Чингисийн өргөн чөлөөний замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр шугам нээхээр төлөвлөжээ. Дүүжин тээврээр цагт 2500-3000 хүн үйлчлүүлэх бөгөөд Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут, Зайсангаас хотын төв рүү найман минутад зорчино гэж тооцоолоод байгаа юм.

Нийслэлчүүдийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг авто замын түгжрэлийг бууруулахаар ийм шийдэл гаргасныг буруутгахгүй.  Гэхдээ төслийг хэрэгжүүлэх цаг хугацаа болоод эрх баригчид солигдох эгзэгтэй үед ийм том шийдлүүд гаргаж байгаа нь эргэлзээ төрүүлнэ. Авто замын түгжрэл бол агаарын бохирдолтой дүйцэхүйц тулгамдсан асуудал. Маш том бүтээн байгуулалт, зоригтой шийдвэр, нарийн төлөвлөлтийн үндсэн дээр шийдвэрлэгдэх ажил. Гэхдээ энэ төслүүдийг агаарт замхруулахгүй, ажил хэрэг болгох нь хамгийн чухал.

Цаг хугацаа болоод нөхцөл боломжийн хувьд ч тохируулах шаардлагатай. Түүнээс биш том төслүүд сонгуулийн саналын дэнчин биш. 2016 оных шиг сонгуулийн өмнө иргэдэд нөлөөлөх нь гэж хардах эрт ч гэлээ өмнө нь ийм жишээнүүд олон байгааг бодох л хэрэгтэй.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж