Үхлийн аюулт коронавирусийн халдвар дэгдсэн Хятадын Үхань хотоос 1000 орчим иргэнээ яаралтай эргүүлэн татахаар АНУ-ын засгийн газраас ажиллаж байна. Үхань хот дахь АНУ-ын Консулын газраас тэнд амьдарч буй бүх америкчуудтай холбогдож, Ням гаригт нисэх онгоцоор тээвэрлэн авчрахыг мэдэгджээ. “CNN” агентлагт мэдээлснээр Үхань хотод байгаа АНУ-ын 1000 орчим иргэн замын зардлаа хувиараа даах ёстой аж.
Хятадад гарсан вирусийн халдвараар 2000 орчим хүн өвчилж, 56 хүн нас барснаар АНУ-ын засгийн газар элчин сайдын яамны ажилчид болон иргэдээ эргүүлэн авчрахаар болжээ.
Үүний зэрэгцээ “Wall Street Journal” сонинд мэдээлснээр АНУ-ын элчин сайдын яам, консулын газрын ажилчид болон гэр бүлийнхнийг нь 230 орчим хүний суудалтай “Boeing 767” нисэх онгоцоор тээвэрлэн авчрах гэнэ.
АНУ-ын эрүүл мэндийн албаныхан 22 мужид ханиад, томууны шинж тэмдэг илэрсэн нийт 63 хүнээс шинжилгээ авсны гуравт нь коронавирус илэрчээ.
Эх сурвалж: Dailymail.co.uk