Эрх баригчид УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан ч тойрог байгуулах, тойргийн мандатын тоог тогтоох асуудлыг шийдвэрлэж чадаагүй, "түүхий"-гээрээ байгаа.
Хуульд зааснаар энэ асуудлыг хоёрдугаар сарын 1-нд багтаан баталсан байх шаардлагатай тул УИХ-ын хувьд шинэ долоо хоногт багтаан тойргийн “зодоон”-оо нэг тийш болгох шаардлага тулгараад буй.
Хэзээнээсээ МАН нийслэлд санал бага авч, ихэнх тохиолдолд ялагдаж ирсэн тул Улаанбаатар хотын мандатын тоог багасгах бодлого барьж байна. Ингэхдээ Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн мандатыг тус бүр нэгээр бууруулж, Булган, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар зэрэг дөрвөн аймагт нэмж шилжүүлэхээр болсон тухай мэдээлэл бий.
Нийслэлд нэр дэвшихээр бэлтгэл хангаж байсан хүмүүсийн хувьд дээрх хуваарилалт “шог” сонсогдож байгаа.
Мөн Ардчилсан нам нийслэлийн мандатыг цөөрүүлэхийг эсэргүүцэж байгаа бөгөөд зөвхөн газар нутгийн хэмжээ гэдгээр түрий барьж, мандатын тоог өөрчлөх нь учир дутагдалтай. Хүн рүүгээ чиглэсэн хөгжлийн бодлого хэрэгтэй учраас УИХ-д нийслэлийн иргэдийг төлөөлөх төлөөллийг цөөрүүлж болохгүй” гэдэг байр суурь барьж буй.
Ажлын хэсгээс нийслэлийн мандатын тоог бууруулж, нэг мандаттай аймаг руу шилжүүлсэн байлаа гэхэд Байнгын хороо болон чуулганаар эл асуудлыг хэлэлцэх шатанд өөрчилж, шилжүүлэлт хийх бүрэн боломжтой. Эцсийн шийдвэрийг УИХ-аас гаргаж, батална.
УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаас шинэ долоо хоногт Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоогоод байна. Үүгээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо мягмар гариг буюу нэгдүгээр сарын 28-нд хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх бол пүрэв, баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, батлахаар төлөвлөжээ.
Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн санал хураалтыг 2020 оны зургадугаар сарын 24-нд зохион байгуулах хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн. Эл асуудлыг ч УИХ ирэх баасан гаригт эцэслэн, тогтооно. Зургадугаар сарын 24-н лхагва гаригт таарч байгаа тул бүх нийтийн амралтын өдөр болгох шаардлага тулгарч буй.
Г.ХОРОЛ