Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусгалаа

Хуучирсан мэдээ: 2015.10.20-нд нийтлэгдсэн

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусгалаа

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусгалаа

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2015.10.20/ үдээс хойш дахин хуралдаж Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Хуралдааны үеэр дээрх хуулийн зүйл заалт Төрийн албаны тухай хуультай зөрчилдөж байгаа эсэх асуудлаар Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга Э.Хангай тайлбар хийсэн. Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-д, Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Үүний 7 дугаар хэсэгт, төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах онцгой бүрэн эрхтэй хэмээн заасан. Түүнчлэн Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Засгийн газар нь улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж, УИХ-д өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Өөрөөр хэлбэл төсөв боловсруулж батлах нь Засгийн газар, УИХ-д Үндсэн хуулиар олгосон онцгой бүрэн эрх бөгөөд энэхүү бүрэн эрхийг ердийн болон органик хуулиар хязгаарлах боломжгүй гэж үзсэн. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэж хуульчилсан тул Үндсэн хуульд нийцээгүй буюу Үндсэн хуулиар төрийн эрх бүхий байгууллагад олгосон бүрэн эрхийг хязгаарласан хуулийг хэрэглэх боломжгүй гэж үзсэн. Түүнчлэн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3-т, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасан байдаг. Төсвийн тухай хууль 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан. Төрийн албаны тухай хууль 2002 оны зургадугаар сарын 28-ны өдөр батлагдсан. Төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн, ангиллыг тогтоож, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг Төрийн албаны тухай хуулиар бус Төсвийн тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулж байгаа юм. Иймд Төрийн албаны тухай болон Төсвийн тухай хуулийн заалт хоорондоо зөрчилдсөн тохиолдолд тухайн асуудлыг буюу төсвийн харилцааг илүү нарийвчлан зохицуулж байгаа Төсвийн тухай хуулийг хэрэглэх нь илүү зүйтэй байна” гэж тайлбарласан.

Үүний дараа гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан, хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж