Цагдаа нь рекетчинтэй, Тагнуул нь дээрэмчинтэй

Хуучирсан мэдээ: 2020.01.26-нд нийтлэгдсэн

Цагдаа нь рекетчинтэй, Тагнуул нь дээрэмчинтэй

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногт Монголын улс төр, нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Цагдаагийн хурандаа бизнес эрхлэгчээс 2 пентхаус, 30 байр нэхжээ

“Бавгар” ХХК-ийн ерөнхий захирал Х.Оюун Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын хурандаа нар 2 пентхаус, 30 байр үнэгүй өгөхийг шаардаж, дарамталсан талаар нэгдүгээр сарын 21-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрбээр “Хууль бидний эрхийг хамгаалах гэж байдаг болохоос хуулийн этгээд өндөр албан тушаалтан биднийг дарамтлах гэж ашиглах зүйл биш. “Бавгар" ХХК 2015 оны есдүгээр сарын 4-ний өдөр ЦЕГ-ын алба хаагчид, хууль сахиулагчдын нэг хотхоныг барьж байгуулах ажлын гэрээг зурсан. Тус барилгад нийгмийн эмзэг бүлэг буюу төрийн албанд ажилладаг өрх толгойлсон эмэгтэй, ажил албаа гүйцэтгэж яваад амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт туслах зорилгоор квот тарааж өгсөн юм. Тус байр нь А, Б, В, Г дөрвөн блок 376 айлын хотхон. 2015-2017 онд миний ээж анх энэ ажлыг гүйцэтгэж яваад 2017 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр авто ослын улмаас амиа алдсан учраас ээжийнхээ ажлыг би үргэлжлүүлж байгаа нь энэ. ЦЕГ-аас ээжийг минь өнгөрөөд долоо ч хоноогүй байхад “Ажлаа хурдан хий. Хэн энэ ажлыг үргэлжлүүлж хийх юм бэ” гэж дарамталж эхэлсэн учраас "Бавгар" ХХК-ийн захирлын албан тушаалыг 2018 оноос гүйцэтгэж эхэлсэн.

2015-2017 онд ЦЕГ-ын ажлын хэсэг нэртэй хурандаа нар барилгын мөнгөнөөс 927 сая төгрөгийг арматур буулгасан нэрээр хувьдаа завшсан нь санхүүгийн баримт нотолгоотойгоо байгаа.

ЦЕГ гэрээний мөнгөө өгөөгүйгээс болж хамтарч ажиллаж байгаа гүйцэтгэгч компанийг хохироож эхэлсэн. Манай компани гэрээний үүргээ биелүүлэхийн тулд 2018 онд ББСБ-аас зээл авч, ажлаа үргэлжлүүлж хийсэн. ЦЕГ-ын ажлын хэсгийн дарга Б.Цогтбаяр гэх хүн барилгын ажилд хяналт тавьж, надтай хамтарч ажиллаж байсан ч яваандаа өөр зүйл ярьж эхэлсэн. Энэ төслийг авахад “Ээжтэй чинь хийсэн яриа байгаа. Ашиглалтад орчихоод байгаа пентхаусаас хоёр ширхгийг зүгээр өгчих. Ашиглалтад ороогүй байгаа В блокоос 30 ширхэг байр үнэгүй өг" гэж намайг дарамталсан. Пентхаус тус бүрдээ нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй.

Дараа нь “Миний хүссэнийг өгөхгүй бол танай компанийг солино. Чи өрөө төлж чадахгүй шоронд орно” гэж хэлсэн. Би Хууль зүйн яаманд хандаж энэ асуудлыг шалгуулмаар байна. Хурандаа нар яагаад тэрбум төгрөгөөр үнэлэгдэх байрыг надаас нэхээд дарамтлаад байгаа юм бэ. Барилга барихаар төрийн бүх албатай холбогддог. Төрийн байгууллагатай хамтран ажиллах маш хэцүү. Хоолонд оруулдаг, дайлж цайлдаг, эсвэл нэг даргаар яриулдаг. Үүнийг бүх хүн мэдэж байгаа. Бид ажил хийж байгаа юм чинь бүрдүүлж байгаа материалаа өгөөд, шударгаар ажлаа хиймээр байна. Би худлаа мэдээлэл өгч байгаа бол хариуцлагаа 100 хувь хүлээнэ. Намайг шалгаад үз. Би энэ хотхоныг авсан цагаасаа хойш ганц төгрөг ч өөртөө наагаагүй” хэмээн мэдэгдсэн юм.

Энэхүү мэдээллийн мөрөөр ЦЕГ хурандаа Б.Цогтбаярыг ажлаас нь чөлөөлж, дотооддоо шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Эрүүгийн шинжтэй гэмт үйлдэл тогтоогдвол Авлигатай тэмцэх газар /АТГ/-аар шалгуулах болно гэж ЦЕГ-ын дэд дарга мэдэгдэв.

Тагнуулынхан дээрэм хийгээд саатуулагдав

Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын тусгай албаныхан ОХУ-ын иргэнийг дээрэмдсэн хэрэг гарч, цагдаагийнхан тэднийг дайчлан баривчилсан тухай дуулиан нэгдүгээр сарын 24-нд дэгдэв.

ЦЕГ-аас энэ хэргийг тодруулахад  “ОХУ-ын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр үл таних 4 хүн хүч хэрэглэн 50,000 ам. доллар, 2.500 еврог дээрэмдсэн гэсэн мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэсэн юм.

Тодруулбал, Монгол Улсын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Цагдаагийн ерөнхий газрын харъяа Эрүүгийн Цагдаагийн газар, ТЕГ-тай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж,  2020 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө дээрх этгээдүүдийг дайчлан, баривчлан саатуулжээ. Уг дээрмийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд гэмт хэрэг үйлдэх үедээ галт зэвсэг хэрэглэсэн гэсэн нь харин ташаа мэдээлэл байв.

"Би харсан, 13 секундийн бичлэг байгаа" гэсэн мессеж ирүүлсэн

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд зуурдаар амиа алдсан хэрэгтэй холбогдуулан түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчийнхөө хамтаар нэгдүгээр сарын 22-нд  хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд  охин  Б.Цэлмэг, хүү Б.Ганхөлөг, өмгөөлөгч Ж.Батхуяг нар оролцсон юм.

Өмгөөлөгч Ж.Батхуяг “Төрийн ордонд 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Батхүү  зуурдаар нас барсан. Цагдаагийн байгууллагаас  энэ хэргийг шалгаад найман сар өнгөрсөн ч хэрэг шийдэгдээгүй байна.

Сүүлийн үед хэргийг улс төртэй хутгах, улс төрийн зорилгоор ашиглах явдал илт болоод ирлээ.

Нэгдүгээрт, энэ хэрэг дээр шүүх эмнэлгийн багийн дүгнэлт эцэлж гарсан. Дүгнэлтийг дэлгэрэнгүй унших боломжгүй. Эмнэлзүйн үг хэллэг ихтэй. Анхаарал татсан хэдэн зүйлийг хүргэе.

Баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр зовхинд цус хуралдаж, ухархайн дээд ханын хугарал үүссэн. Баруун нүдэнд нь хөхрөлт, хавдалт үүссэн. Хүзүүний зүүн хажууд 7х0.5 см улайлт үүссэн. Энэ нь  боолтын улмаас үүсэж болдог.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өвчний улмаас ухаан алдсан цус харвасан гэх зэрэг мэдээлэл гарсан. Тэгвэл уг дүгнэлтээр өвчний улмаас бус, гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэдэг дүгнэлт гарсан.

УИХ-ын нэр бүхий гишүүнээс полиграфын тест авсан. Энэ нь үнэн, худлыг шалгах багаж. "Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр" гэсэн полиграфын тестийн дүгнэлт гарсан.

Хэргийн газар үзлэг хийх явцад ашиглаж байсан гар утсыг хураан авсан. Утсыг хурааж аваад үзлэг шинжилгээ хийгээд хохирогчдын гэр бүлд эргүүлэн өгсөн. Гэвч гар утсан дээр ямар нэг мэдээлэл байгаагүй. Фактори ресет хийгээд өгсөн байсан. Утсанд байсан бүх мэдээлэл байхгүй, сэргээе гэвч боломжгүй гэсэн дүгнэлт гарсан.

Хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээд мессеж бичсэн. "Би үзсэн, харсан. 13 секундын бичлэг байгаа" гэсэн. Энэ мэдээллийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Тэр хүн одоо "мэдэхгүй, хараагүй" гээд өөр хэрэгт шалгагдаж байгаа юм билээ. Энэ бас л эргэлзэх асуудал.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр бусад асуудал байсан. Ялангуяа, шүүх эмнэлэгтэй холбоотой. Задлангийн өмнө рентген зураг авхуулах гэр бүлийнхний саналыг хүлээж аваагүй, яаралтай шинжилгээнд оруулсан. Онош дутуу, шинжилгээ дутуу хийсэн зүйлс тогтоогдсон. Дүгнэлттэй танилцахад л тийм байгаа.

Гар утасны хувьд цагдаагийн байгууллага гар утсан дээр шинжээч томилохдоо утасны гадаргуу дээр хурууны хээ, биологийн ул мөр байгаа эсэхийг шинжилгээнд өгч, тогтоох ёстой. Гэтэл түүнээс нь өмнө дотор нь юу байна вэ гэдгийг тогтоох шинжээч томилсон. Иймэрхүү зөрчил, эргэлзээ бүхий байдлууд байна” гэсэн юм.

Мөн Г.Батхүү агсны гэр бүл энэ өдөр УИХ дахь МАН-ын бүлэгт ил захидал илгээсэн бөгөөд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах боломжоор хангаж өгөхийг хүссэн байсан юм.

Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргав

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нэгдүгээр сарын 16-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх болсон үндэслэлд гурван асуудлыг багтаасны нэг нь УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү амиа алдсан хэрэгтэй холбогдуулж, Н.Номтойбаяр гишүүнээс гэрчийн мэдүүлэг авахад худал мэдээлэл өгсөн гэж буруутгаад буй.

Хуульд зааснаар эл асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрээ гаргаж, чуулганаар хэлэлцүүлэх ёстой байсан ч хоёр гишүүн нь гадаадад томилолтоор ажиллаж байсан тул ирц бүрдсэний дараа хэлэлцэх ёстой хэмээн үзэж, хойшлуулсан.

УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан Германаас ирсэн даруйд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо нэгдүгээр сарын 24-нд хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргав.

Уг дэд хороо хуралдахын өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан ч нэгдсэн шийдвэр гаргаагүй. Гэхдээ тус бүлэг хуралдах үеэр зарим УИХ-ын гишүүн нь Н.Номтойбаяр гишүүнийг бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулаад буруугүй гэдгээ нотлуулсан нь хамгийн зөв шийдэл юм биш үү гэх саналыг гаргасан гэдгийг Н.Номтойбаяр гишүүн хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Гэхдээ түүнд бусадтай зодоон хийсэн буруутай үйлдэл байгаа болохоос биш бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулах үндэслэл байхгүй гэдгээ тодотгосон.

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах эсэх эцсийн шийдвэрийг УИХ-аас гаргана. Энэ асуудлыг УИХ шинэ долоо хоногт хэлэлцэн хайнаагаа хагалахын өмнө УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо тус бүр хуралдаж, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан шийдвэрийг хэлэлцэх юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж