“Explorer” нь “Mustang”-ын дараа орох олонд танигдсан машин тул энэ автомашины амжилт маш чухал гэж “Ford” ярьж байна. “Explorer” бол манай брендийн ноён нуруу гэж “Ford”-ын маркетингийн дарга Жим Фарлей уг тэргийг хэвлэл мэдээллийнхэнд танилцуулахдаа ярьж байв.
Шинэ “Explorer” огт өөр дизайнтай болсон байна. Хамгийн нүдэнд ил харагдах зүйл бол үүнийг ачааны тэрэгний арал дээр биш харин хөнгөн тэрэгний арал дээр угсарсан тул газарт илүү ойрхон, явдал нь илүү хөнгөн, түлшинд хэмнэлттэй болсон байна. Шинэ “Explorer” нь “Taurus X” сидантай адилхан аралтай юм. Ингэснээр ачааны тэрэгнийх шиг аралтай SUV-нд дуртай хэрэглэгчдэд энэ нь таалагдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Шинэ “Explorer” загвар нь 5,000 паунд жинтэй байх ба энэ нь өмнөх 7,115 паунд жинтэй загваруудтай харьцуулашгүй хөнгөн бөгөөд мотор нь “V-8” биш. “Энэ загвараараа Ford Explorer-ийг сорихийг хүссэн. Энэ бол орчин үеийн SUV-үүдэд тавигдаж байгаа шаардлагыг илэрхийлж, тэднийг тодорхойлох сайн сорилт болсон” гэж “IHS”-ийн шинжээч Аарон Брагман ярьж байна.
Зах зээл дээр байгаа хандлагаас үзвэл хэрэглэгчид уламжлалт хүчтэй SUV-уудын оронд илүү түлшинд хэмнэлттэй загваруудыг сонирхож байна. “Ford” компанийн АНУ дахь борлуулалтын топ шинжээч Жорж Пипас: “өдгөөгөөс арав гаруй жилийн өмнө борлуулагдаж байсан нийт SUV-уудын 85 хувь нь ачааны тэрэгний арал дээр угсрагдсан байсан бол өнгөрсөн жил борлуулагдсан хэрэглээний спорт ангилалын машинуудын ердөө 23 хувь нь л тийм аралтай байсан. Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна, хүмүүс юу хэрэглэхээ илүү их бодож тооцдог болсон байна” гэж ярьжээ.
Шинэ “Explorer” 2.0 литрийн багтаамжтай, дөрвөн цилиндртэй “EcoBoost” хөдөлгүүртэй бөгөөд энэ нь түлшинд илүү хэмнэлттэй болсон ч 237 морины чадалтай. АНУ-ын засгийн газар одоогоор уг автомашины түлш зарцуулалтанд ангилал оноогоогүй байгаа хэдий ч энэ машин түлш зарцуулалтаараа V-6 хөдөлгүүртэй 2010 оны “Toyota Camry” автомашинтай адилхан түлш зарцуулалттай гэж “Ford” ярьж байна. “Camry” хотын замд нэг галлоноор 19 миль, хурдны замд 28 миль явдаг юм.
“Explorer” аюулгүй байдлын шинэ тоноглолуудтай болсон бөгөөд арын суудалд хийлдэг суудалтай болсон нь ослын үед сууж яваа хүний цээж, толгойг хамгаалах юм байна. Муруйн хяналтын систем нь тахиралдсан тойрог зам дээр жолооч хэтэрхий хурдтай явж байгаа эсэхийг хянах болно. Түүнчлэн “MyFordTouch” хяналтын самбар нь жолоочид температураа тааруулж, дуудлага хийж, хоолойгоор комманд өгөх горимыг ашиглан ирсэн мессежийг сонсох боломжтой.
Шинэ “Explorer” нь замгүй-газраар явах хүчин чадалтай бөгөөд автомашины систем нь жолооч элс, цас, хайрга, уруу замын хаана явж байна гэдгээс шалтгаалж янз бүрийн спорт-хэрэглээний горимд шилжих болно. 2011 оны “Jeep Grand Cherokee” загвар үүнтэй төстэй системтэй.
Гэхдээ шинэ “Explorer” өмнөх загварууд шиг олон тоогоороо зарагдахгүй байх гэж ноён Пипас үзэж байна. 2000 оны оргил үедээ “Ford” компани жилийн дотор 445,157 ширхэг “Explorer” загварын автомашин зарж байсан байна. Харин өнгөрсөн жил ердөө 52,190 ширхгийг заржээ. Энэ нь зах зээл дээр сонголт их болсонтой зарим талаараа холбоотой бололтой гэж “The Washington Times” мэдээллээ.
Т.Бадрах