Иван Ярыгины нэрэмжит 31 дэх удаагийн “Алтан Гранпри”-гийн хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг алтан медаль хүртэж, Монгол Улсын Төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр “Бага дэлхийн аварга”-аас манайхны 15 дахь алтан медалийг хүртсэн юм.
Энэ жинд 18 бөх барилдсан бөгөөд Ц.Намуунцэцэг 1/8 шигшээд Казахстаны Светлана Анкичева, шөвгийн наймд Узбекистаны Даулетбик Яхшимуратова, хагас шигшээд эзэн орны Анжелика Ветошкинаг тус бүр оноогоор цэвэр ялсан билээ.
Тэмцээний шигшээ барилдаанд 23 хүртэлх насны ДАШТ-ий хошой хүрэл медальт ОХУ-ын Надежда Соколоватай хүч үзсэн юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гурван удаа барилдахад бүгдэд нь ялагдсан ч Ц.Намуунцэцэг энэ удаа Красноярскийн дэвжээнд түүнийг 7:2-оор ялснаар аваргын тавцанд зогсов.
Б.ЖАРГАЛ