Э.Оюунмаа: Хүмүүжлийн эерэг арга нь хүүхдээ дэмжиж туслах урт хугацааны шийдэл юм

Хуучирсан мэдээ: 2020.01.25-нд нийтлэгдсэн

Э.Оюунмаа: Хүмүүжлийн эерэг арга нь хүүхдээ дэмжиж туслах урт хугацааны шийдэл юм

Э.Оюунмаа: Хүмүүжлийн эерэг арга нь хүүхдээ дэмжиж туслах урт хугацааны шийдэл юм

Хүүхдийг Ивээх Сангийн үйл ажиллагааны нэг чиглэл болох хүүхдийн эсрэг бие махбодын болон гутаан доромжлох шийтгэлийг таслан зогсоохын төлөө хийсэн зарим ажил, бодлогын талаар Хүүхдийг Ивээх Сангийн мэргэжилтэн Э.Оюунмаатай ярилцлаа.

-Та бүхэн хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг нөлөөллийн ажлуудаа эхлүүлснээс хойш хууль, эрх зүйн чиглэлээр ямар ахиц дэвшил гарсан бэ?

-Хүүхдийг Ивээх Сан хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн нөлөөллийн ажлуудыг 2006 оноос зохион байгуулж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүхий л орчинд хуулиар хориглохыг эрх баригчдад болон олон нийтэд ухуулан таниулж ирсэн. 2006 онд Боловсролын тухай хуульд “Багш нь сурагчийн бие махбодод халдах, тэдэнд сэтгэл санааны дарамт үзүүлэхийг хориглоно” зэрэг хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр нэмэлт өөрчлөлтүүд оруулж, хүүхдийн шийтгэлийг хуульчлан хориглож нийгмийн том дэвшил хийсэн.

2016 онд батлагдсан Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулиудад хүүхдийг нийгмийн бүхий л орчинд зодож шийтгэхийг хориглосон.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.1-д."Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй.", Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2.6-д "Хүүхэд, өсвөр насны хүнийг халамжлах, эмчлэх, удирдан чиглүүлэх, тэдэнд боловсрол олгох үүрэг хүлээсэн эцэг, эх, асран хамгаалагч, бусад хүн тэднийг хүмүүжүүлэх, алдаатай зан авирыг нь засахдаа бие махбодын болон доромжлон гутаасан бүх төрлийн шийтгэлийн арга хэрэглэхийг хориглоно.", мөн хуулийн 5.4-д "Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ" гэсэн заалтуудыг оруулснаараа хүүхдийн эсрэг бүх төрлийн шийтгэлийг Монгол улс нийгмийн бүхий л орчинд хориглож чадсан юм.

-Хүүхдийг зодож шийтгэх нь ямар нөлөөтэй болохыг баталгаажуулсан судалгааны үр дүнгээс сонирхуулахгүй юу?

-Хүүхдийг зодож шийтгэсэнээр хүүхдийн бие бялдарын хөгжил, оюун ухаан, танин мэдэхүй болон нийгэмшихүйд ямар нөлөө үзүүлдэг талаар дэлхийн олон оронд судалгааг хийсэн байдаг. Жишээлбэл, нэг долоо хоногт хоёр болон түүнээс дээш удаа цохих нь хүүхдийн сэтгэц, биеийн эрүүл мэнд, суралцах явцад асуудал авчирдаг. Хүүхдийн сөрөг авирыг түргэн хугацаанд болиулж байгаа болохоор энэ нь хэрэгтэй гэж томчууд боддог. Гэхдээ дараагийн өдөр, долоо хоног, сард хүүхдийн тэр авир өөрчлөгдөөгүй байдаг. Цохиулсан хүүхэд дунджаар 10 минутын дараа л гэхэд нөгөө зан авираа гаргаж байжээ. Энэ нь хүүхдийг алгадах болон бусад шийтгэлийн давтамж, хүчийг нэмэгдүүлдэг гэдгийг баталж байгаа юм.

Эрдэмтдийн судалгаанаас харахад хүүхдийг алгадах нь түүний түрэмгий авирыг анх байсан түвшнээс нь нэмэгдүүлж, илүү түрэмгий болгодог гэж үзсэн байна. Мөн цохиулдаг хүүхдүүд сэтгэл гутрах, уурлаж бухимдах, хар тамхи хэрэглэх зэрэг сөрөг зан үйл гаргах хандлагатай болохыг тогтоосон. Бие махбодын шийтгэл нь тун их стресс үүсгэх бөгөөд улмаар долоо хоногт 3 болон түүнээс дээш удаа бие махбодын шийтгэл хүлээдэг бага насны хүүхдүүдэд ноцтой стрессор болдог. Бие махбодын шийтгэл хүүхдийн урт хугацааны хөгжилд хүндрэл  учруулж, танин мэдэхүйн чадварыг бууруулдгийг ч эрдэмтэд тогтоосон. Түүнчлэн бие махбодын шийтгэл нь эцэг эх, хүүхэд хоорондын итгэлийг бууруулах бөгөөд томчуудын эсрэг дайсагнах үзэл хүүхдэд суудаг аж. Улмаар хүүхэд  бусдыг өрөвдөн нигүүлсэх сэтгэлгүй болж, алив зүйлийн мөн чанарыг ухах чадварыг хазаарладаг. Цохиж зодсоноор асуудлыг шийдэж болдог юм байна гэсэн ойлголтыг хүүхдэд төрүүлдэг.

-Хүүхдээ зодож шийтгэж байсан эцэг эхчүүд багадаа иймэрхүү зам туулсан байх нь нийтлэг үү?

-Тийм хандлага ажиглагддаг. Тэд ихэвчлэн энэхүү циклийг ухамсаргүйгээр эргүүлж, үр удмаа хорлосоор л байдаг. Хөдөө орон нутаг болон хотын нийт 1198 хүүхдээс авсан судалгаанаас харахад 48% нь гэртээ бие махбодын шийтгэл амсаж байжээ. Манай улсад хүүхдийг зодож шийтгэдэг, зодож шийтгэж байгаагаа хүмүүжүүлж байна гэж зөвтгөдөг буруу хандлага эцэг эхчүүдийн дунд байсаар байна. Залуу эцэг эхчүүдэд хүүхдээ яаж хүмүүжүүлэх талаар мэдээлэл хомс өгдөг, өөрөө багадаа зодуулж өссөн болохоор хүүхдээ зодохдоо огт эмзэглэдэггүй, ажлын стресс, уур уцаараа жаахан хүүхдэдээ гаргадаг зэрэг шалтгаануудын улмаас хүүхэд хамгийн ойр  дотны, хайрлаж хүндэлж явдаг эцэг эх, ах эгчийнхээ зодуурын бай нь болсоор байна.

-Тэд үүнийгээ сахилга баттай болгох сүүлийн арга гэж боддог байх даа?    – Сахилга баттай болгоно гэдэг нь шийтгэх гэсэн үг биш. Жинхэнэ сахилга батыг хүчээр суулгадаггүй, харин нэгнээ ойлгох, харилцан хүндэтгэх, тэвчин хүлцэхээс үүддэг. Хүндлэлийг айдастай андуурч болохгүй. Айснаасаа болоод “сайн хүүхэд” мэт аашилж байгаа хүүхдүүд шийтгүүлэхээс эмээж байгаа болохоос таныг хүндэлж байгаа гэсэн үг биш. Хүүхэд өөрийгөө үнэ хүндтэй хүн гэдгээ мэдэрсэн цагтаа бусдыг хүндэлж сурдаг.

-Тэгвэл хүүхдийг хэрхэн яаж хүмүүжүүлэх ёстой юм бэ? Зарим сайн арга замаас санал болговол?

-Эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид, хүүхэдтэй ажилладаг, тэдэнтэй харилцдаг хэн бүхний хүүхдээ хүмүүжүүлэн сургахдаа алддаг буюу анхаардаггүй нэг зүйл бол хүүхэд л бол хүүхэд гэж амарчлан ойлгож, нэг л арга барилаар харилцдагт оршино. Угтаа тухайн хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, биеийн өсөлт бойжилт, зан чанар, сэтгэлзүйд гардаг эерэг ба сөрөг өөрчлөлт, хэрэгцээ, сонирхол, үзэл хандлага зэргийг нарийн ялган мэдэж, түүндээ түшиглэн хүмүүжүүлэх ёстой юм. “Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй” гэж ярьдагчлан хүүхэд бүр, хувь хүн бүр ялгаатай гэдгийг мартаж болохгүй.

Бид хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэхийн тулд дараах таван зарчмыг ойлгох хэрэгтэй.

Нэг. Холын  зорилгоо тодорхойлох: Хүүхдээ ирээдүйд ямар хүн болоосой гэж хүсэж байгаагаа эхлээд тунгаан бодоорой. Хүүхдээ хүмүүжүүлэхэд өдөр тутам тулгардаг янз бүрийн асуудлыг хүчээр, яарч шийдвэрлэх нь хүүхдээ өөртөө итгэлтэй, сайн хүн болгож хүмүүжүүлэх холын зорилгод тань саад болдог юм биш биз? Яг одоо тулгарсан асуудлаа шийдвэрлэхдээ уур бухимдлаас зайлсхийн, сэтгэлийн хямралаа даван туулж, хүүхэдтэйгээ найрсаг сайхан харилцсааар та тэдэнд сайн үлгэр жишээ үзүүлэх болно.

Хоёр. Хүүхэдтэйгээ элэгсэг дотно сэтгэлээр харилцах: Хүүхдийг нялх багаас нь эхлээд насанд хүрэх хүртэл өсгөн хүмүүжүүлэх бүхий л хугацаандаа түүнд элэгсэг дотно сэтгэлээр хандан, аливаа зүлийн утга учрыг таниулан тайлбарлахыг хослуулах нь хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх арга юм. Хэрвээ хүүхэд эцэг эхээсээ эсвэл асран халамжилдаг хэн нэгнээс айж эмээдэг бол аливаад урам зориггүй, халирамтгай, өөртөө итгэх итгэлгүй хүн болж төлөвшинө. Үүний оронд хүүхдийнхээ байр сууринаас аливаа асуудалд хандан харилцан бодол санаагаа хуваалцдаг, хэлж ярихыг нь анхааран сонсдог, ямарваа нэгэн буруу хэрэг хийсэн ч эцэг эх нь загнаж зодох биш харин юу нь буруу байгааг тайлбарлан ойлгуулж харилцдаг бол хүүхэд өөртөө итгэлтэй болдог.

Гурав. Удирдан чиглүүлж, аливааг ойлгуулах: Аливаа зүйлийн утга учрыг хүүхдэд ойлгуулах нь хүмүүжил төлөвшлийн чухал бүрэлдэхүүн хэсэг. Эцэг, эхчүүд томчууд бид хүүхдээ хорвоо ертөнцтэй танилцуулах, амьдрах арга ухааныг зааж өгөх анхны багш нь. Сайн багш бол хүүхдийг ойлгож, тодорхой заавар, зөвлөмж өгч, хүүхдээс юу хүсч байгаа тодорхой ойлгуулдаг. Бас амьдралд таарах шинэ зүйлийн учир шалтгааныг тайлбарлан таниулж, хүүхдийг амжилт гаргахад дэмжиж, санал бодлыг нь сонсдог.Сайн багш хүүхдийг зодож шийтгэдэггүй, харин зааж зөвлөн, дэмжин тусладаг. Хүүхэд аливааг ойлгодог болсноор дараагийн удаад алдаа гаргахгүйгээр амжилтад хүрэхэд хэрэгтэй мэдлэг мэдээллийг олж авдаг. Тэрээр таныг хажууд нь байхгүй байсан ч тохиолдсон бэрхшээлийг даван туулах, асуудлыг шийдвэрлэх, арга замыг мэддэг болно.

Дөрөв. Хүүхэд хэрхэн бодож сэтгэдэг, юу мэдэрдгийг ойлгох: Та ертөнцийг 1 настай, 5 настай эсвэл 16 настай хүүхдийн нүдээр харвал тэдний зан байдал, биеэ ямар үед хэрхэн авч явдгийг мэдэх болно. Хүүхэд бүр ялгаатай, өөрийн гэсэн онцлогтой. Хүүхэд хүмүүжүүлэхэд өдөр тутам тулгардаг олон сорилтуудын цаана байдаг хүүхдийн хөгжлийн явцтай холбоотой шалтгаануудын талаар бид мэдэж байх хэрэгтэй. Жишээ нь хүүхдийн насны онцлог, зан байдал, бие махбодын болон танин мэдэхүйн хувьд хэрхэн хөгжиж байдаг гэх мэт.

Тав. Асуудлыг шийдвэрлэх: энэ чадвар нь хүүхэд насан туршдаа хэрэглэх, сурах ёстой маш чухал чадвар юм. Хүүхдүүдээ бага байхад асуудлыг томчууд илүүтэй шийддэг, харин тэднийг өсч томрохын хэрээр асуудлыг хамтдаа шийдвэрлэх хэрэгтэй. Энэ чадварыг эзэмшүүлэхдээ тэднийг бага байхад нь өөрсдөө үлгэрлэн сургаснаар хүүхдүүд том болоод бие даан хэрэглэж сурдаг. Хүүхэдтэйгээ хамт асуудлыг шийднэ гэдэг нь бие биенээ сонсох, хэрэгцээ нь хэрхэн зөрчилдөж байгааг ойлгох, аль алиныхаа хэрэгцээнд нийцсэн шийдэлд хүрнэ гэсэн үг. Хүүхдүүдэд энэ чадварыг эзэмшихэд хугацаа хэрэгтэй байдаг гэдгийг санаарай.

Хүмүүжлийн эерэг аргыг амьдралдаа хэрэгжүүлж чадвал  та хүүхдийнхээ хүмүүжилд сөргөөр нөлөөлөх бүх хүчин зүйлсийг  төвөггүйгээр даван туулж чадна. Хүүхэдтэйгээ элэгсэг дотно сэтгэлээр хандах , аливааг тайлбарлан таниулах, хүүхэд тухайн насандаа хэрхэн бодож сэтгэдэг, юу мэдэрдгийг ойлгож харилцсанаар та хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлэх холын зорилгоо биелүүлж чадах юм шүү.

Б.ТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж