“Төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр сонгууль хийнэ” гэсэнтэй агаар нэг

Хуучирсан мэдээ: 2020.01.25-нд нийтлэгдсэн

“Төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр сонгууль хийнэ” гэсэнтэй агаар нэг

“Ньюс” агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.

С.ЖАВХЛАН: БИ ЧИН ҮНЭНИЙГ ХЭЛДЭГ ШУДАРГА ТҮШЭЭ

УИХ-ын гишүүн С.Жавхлантай ярилцлаа.

-2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Та бүхэнд удахгүй сонгогчид дүнгээ тавина. УИХ-ын гишүүний үүрэг бол хууль батлуулах. Та өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ямар хууль батлуулав. Хэр сайн төрийн түшээ байсан гэж бодож байна?

-Би чин үнэнийг шуудхан хэлдэг шударга түшээ байлаа. Үг бүтээнэ гэдэг том урлаг. Хүмүүсийн арьсыг арзайтал, нүүрийг улайтал, сэтгэлийг сэртхийтэл үнэнийг хэлэх бол хатуу урлаг, хатуу зүйл. Нүд рүү нь харж байгаад нүд цавчихгүй үнэнийг нь хэлэх асар том зориг юм. Яах вэ, заримдаа хүмүүс надад "Чи аймаар, чи аймаар" гэдэг, надаас үргэлж зугтдаг, дөлдөг болчихдог юм билээ. Дөллөө гээд яах вэ, үнэн тийм хатуу хойно. Үнэнийг хэлээд суух бол маш том хариуцлага. Үүнийг хэн ч яагаад хэлж чадаагүй байна вэ гэхээр "Намаа өмөөрөх үү, бүлэглэлээ бодох уу, өөрийгөө бодох уу, ирэх дөрвөн жилээ бодох уу, дарга юу гэх бол" гээд олон зүйлд тархи нь эргэлзэж байдаг учраас бусад гишүүдийн хувьд зовлон байдаг юм байна лээ. Энэ нь надад маш тод мэдрэгдэг. "Чи л ёстой нэг сайхан хэлэх юм даа, энэ үнэн дуу хоолойг төрд битгий таслаарай даа, С.Жавхлан минь" гэж хэлж миний чихэнд шивнэсэн олон гишүүн ч байдаг. Эсвэл “Жавхлан чамаас сонсох юм даа, бусад нь хэлэхгүй шүү дээ чи л тулдаа хэллээ дээ" гээд мөр алгадаад гардаг ах нар ч байдаг. Тэр болгоны нэрийг зарлаад яах вэ. Тэр хүмүүс ч гэсэн хэлэхийг хүсдэг байх. Гэхдээ маш олон зүйлийн өнцөг, эв дүй, шалтаг шалтгаануудаас болоод тэдний хэлж чадаагүй зүйлсийг, үнэнг нь хэлээд сууж байдаг тэр дуу хоолой 2016-2020 онд Монголын төрд асар олон жилийн дараа сая нэг орж ирж байгаа юм.

-Та бол үе, үеийн УИХ-ын гишүүдээс цорын ганц үнэнийг хэлдэг хүн гэж өөрийгөө дүгнэж байгаа юм байна. Гэхдээ олон нийт тантай санал нийлэхгүй байж болно шүү дээ?

-Надаас өмнө алдарт найрагч О.Дашбалбар гэж хүн байсан. Монголын тэр үеийн Их хурлыг загнаад, тэр үед үнэний дуу хоолойг тэр хүн л хүргэж байсан шүү дээ. Тэр хүнийг монголчууд мартаагүй, мартахгүй ээ. Тэр агуу хүнийг бид үргэлж тод дурсан, санаж байх ёстой. Тэрнээс хойш тэр үнэний дуу хоолой тасарсан. Үүнийг та нар гадаа гудманд гараад ч асуугаарай. Үнэний голыг олоод, яг үнэнийх нь цэг дээр хатгаж байдаг бас ийм дуу хоолой хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Үүнийг би нөхсөн гэж харж байгаа. Олон хүнээс ийм урмын үг, захиа, иргэдээс, гишүүдээс улс төрөөс, намуудаас ирж байгаа учраас  би ам бардам, сэтгэл шулуун, ухаан тэнүүн хэлж чадна. Түүнээс би нэг, хоёр хүнээс сонссон юмаа өөрийн бодолтойгоо сүлэлдүүлээд хэлж байгаа зүйл байхгүй ээ. Ийм ч учраас би хурал дээр хэлсэн үгнүүдээ он он, жил жилээр нь нэгтгээд өөрийн цахим хаяг дээрээ цувралаар тавьж байгаа.

Үргэлжлэлийг ЭНД-ээс уншина уу.

 


С.ЭРДЭНЭ: "АН-ААС НЭР ДЭВШИНЭ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ЗАРЛАХ НЬ ДҮРМИЙН БУС"

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын 2020 оны сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг ирэх хоёрдугаар сарын 1-нээс өмнө тогтоох хуулийн заалттай. Ардчилсан намын зүгээс нийслэлийн мандатыг багасгахгүй байх талаар УИХ-ын даргад санал хүргүүлсэн. Эрх баригчдын хувьд зарим аймагт мандатын тоог нэмэх чиглэлтэй байх шиг байна?

-Сонгуулийн тойрог, мандатын тоог хуваарилах асуудалд хот, хөдөө гэж ялгаварлахгүйгээр сонгогчдын төлөөллийг тэгш, тэнцвэртэй байлгах нь туйлын чухал. Энэ зарчмаар АН асуудалд хандаж байгаа. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиудын жишиг болон парламент бүрдсэн нөхцөл байдлыг харахад дийлэнхдээ орон нутагт мандатын тоо нь илүү байж ирсэн. Хүн амын тоон үзүүлэлтээр авч үзвэл нийт хүн амын 43 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаагаас харвал Улаанбаатар хотод 38-аас доошгүй мандат ногдохоор байна. Хот, хөдөөгийн мандат 38:38 гэсэн тэнцүү байх боломжтой. Гэтэл эрх баригчид хөдөөд тойрог, мандатын тоог нэмэгдүүлэх гэсэн сонирхлоо илт илэрхийлж байна. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл нийслэлийн сонгогчдоос эрх баригчид дайжиж, айж байна гэсэн үг. Нийслэлийн иргэд илүү мэдээлэлд ойр, аливаа мэдээлэлд бодитой хандаж чаддаг зэрэг олон давуу талтай учраас тэд болгоомжилж  байгаа бололтой.

-УИХ-ын сонгууль болоход таван сарын хугацаа үлдлээ. АН-ын хувьд сонгууль угтсан ямар ажил хийж байна. Сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулж эхэлсэн үү?

-Улс төрийн намуудын гаргадаг нийтлэг алдаа бол сонгууль дөхөөд ирэхээр ажлын хэсэг байгуулаад тухайн сонгуульд зориулсан мөрийн хөтөлбөр барьж ордог. Ингээд сонгууль дууссаны дараа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэггүй. Ардчилсан нам Бодлогын ерөнхий зөвлөлөө 2018 онд байгуулсан. Ингэхдээ нийгэм, эдийн засгийг хамарсан нийт 16 бодлогын зөвлөл нь тухайн чиглэлийн салбарынхаа хүрээнд судалгаа шинжилгээ хийж, мөн эрх баригчдын явуулж буй үйл ажиллагаанд дүгнэлт хийх байдлаар ажиллаж ирсэн. Ялангуяа сүүлийн нэг жилд нийгэм, улс төрийн нөхцөл байдалд дүгнэлт хийж улмаар цаашдаа улс оронд хийж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай асуудлуудыг шийдэхэд бодлого боловсруулах тал дээр түлхүүтэй ажиллалаа. Саяхан бүх бодлогын зөвлөлийн саналуудыг нэгтгэж, 2020-2024 онд АН-ын хийж, хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн төслийг бэлдэх ажлын хэсэг байгуулагдсан. Мөрийн хөтөлбөрийн төслийн талаарх хэлэлцүүлгийг улс орон даяар буюу нийслэлийн дүүргүүд, хороод, 21 аймаг, сумдын гишүүдийнхээ хүрээнд удахгүй зохион байгуулна. Манай намын үндсэн гол зарчим бол гишүүдийн оролцоотой, тэдний үзэл санааг чухалчилсан аливаа шийдвэр гаргадаг нам болж шинэчлэгдэхийн төлөө явж ирсэн. Тухайн намын мөрийн хөтөлбөр бол хэн нэгэн дарга, удирдлагын дангаар шийдэх асуудал биш, намын нийт гишүүдийн хүсэл сонирхол, оролцооноос бий болох ёстой. Намын гишүүд анхан, дунд шатандаа мэдээлэл дунд, нөгөө талдаа иргэд, олон нийтийнхээ дунд нь байгаа учраас амьдралын илүү үнэн, бодит байдлыг мэдэрч байдаг. Тийм учраас гишүүдийнхээ оролцоо, тэдний санал бодлыг мөрийн хөтөлбөртөө тусгана. Удахгүй мөрийн хөтөлбөрийн төслөө танилцуулах ажлууд Үндэсний дөрөвдүгээр аяны хүрээнд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

-Нэр дэвшигчдийн хувьд ямар цензур тавих вэ. Цензур тавиагүйгээс чамбай улстөрчийг гаргаж ирж чадахгүй байна гэсэн шүүмжлэл бий?

-Хуулиар тогтоосон үндсэн хэм хэмжээний шаардлагуудыг тавина.

-Тухайлбал?

-Тухайн нэр дэвшигч өмнө нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдоогүй байх, хөрөнгө орлогын мэдүүлэг бусад мэдээллээ үнэн зөв мэдээлсэн байх зэрэг хуулиар тавигддаг үндсэн шаардлагуудыг хангасан байх шаардлага тавигдана. Хоёрдугаарт, намын үйл ажиллагааны оролцоо, манлайллыг харгалзахаас гадна олон нийтийн дэмжлэг, нийгэм дэх рейтинг, нэр хүнд нь ямар байна зэрэг олон талын шалгуур тавьж судалгаагаар шийднэ.

Үргэлжлэлийг ЭНД-ээс уншина уу13:18:47


"ТӨРИЙН АЛБАНД ШАХААНЫ ХҮН БИШ ШАЛГУУРААР НЬ ХҮНИЙГ АЖИЛД АВДАГ БОЛСОН"

Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга Б.Пүрэвдагватай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ 2017 онд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан. Өнөөдөр энэ хууль хэрэгжээд нэг жил болж байна. Юуны өмнө хуулийн хэрэгжилтийн тухай асуумаар байна.

-Өнгөрсөн 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай шинэ хуулийн гол үзэл баримтлал нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой, чадахуйн зарчимд үндэслэхээс гадна тухайн албан тушаалд тавигдах шаардлага, шалгуурт нийцсэн боловсон хүчнийг сонгон шалгаруулж, зохих албан тушаалд нь томилох явдал. Мөн үр бүтээлтэй ажиллаж байгаа төрийн албан хаагч нарыг шатлан дэвшүүлэх зарчмын дагуу сонгон шалгаруулж, томилох зэрэг хууль хэрэгжиж эхлээд дөнгөж нэг жил болж байна. Тиймээс хуулийн сайн, мууг дүгнэж ярих цаг хугацаа нь болоогүй байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Төрийн албаны хуулийг өөрчлөхгүй хэвээр нь байлгах мөн төрийн албыг бужигнуулахгүй байх тэр үед энэ хуулийн бодит хэрэгжилт харагдана гэж бодож байна.

-Сонгууль бүрийн дараа төрийн албаараа тоглодог. Бараг сонгуулийг төрийн албанд өөрийнхөө хүнийг шургалуулах гэж хийдэг юм шиг болж байна. Энэ байдлыг хуулиар нь хааж чадсан уу?

-Хэрэв төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлөх, ямар нэгэн байдлаар нөлөөлөх оролдлого хийвэл тухайн нөлөөлөл үзүүлсэн улс төрийн албан тушаалтанд мөн адил хариуцлага тооцох хуулийн зохицуулалт тусгагдсан. Өмнөх хуулиудад төрийн албан хаагчийг олноор нь чөлөөлөх, халах улмаар шүүх дээр ялсан тохиолдолд тухайн төрийн албан хаагчид төрд учирсан хохирлыг нь тухайн байгууллагаас буюу төрөөс төлдөг байсан. Тэгвэл шинэ хуулиар шүүхэд нэхэмжлэх гаргаж буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ. Ингэснээр улс төрийн шалтгаанаар төрийн албан хаагчийг халж, солих асуудал гарахгүй гэж бодож байна. Төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа ч энэ хуулиар хангагдсан.

-Хууль бусаар халагдсан төрийн албан хаагчдын гомдол шүүх дээр хэр олон очдог вэ?

-Энэ чиглэлийг хариуцан ажилладаг Маргаан хянан шалгах алба манайд бий. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргыг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулаад төрд учирсан хохирлыг тухайн албан тушаалтнаар төлүүлэх шүүхийн шийдвэр гарсан. Иймэрхүү байдлаар манайхаас шүүхэд нэхэмжлэх гаргаад төрд учирсан хохирлыг тухайн буруутай этгээдээр төлүүлэх ажил хийгдэж байгаа.

-УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж буй төрийн албан хаагчид сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаасаа чөлөөлөгдөх хуультай. Энэ дагуу хэчнээн хүн ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа вэ?

-Нэгтгэгдсэн тоон мэдээлэл одоогоор манайд ирээгүй байна. Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн, хөдөлгөөний жилийн тайлан хоёрдугаар сард гардаг.

-Дээрх шалтгаанаар ажлаа өгсөн хоёр яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоо хэзээ хийгдэх вэ?

-Өнгөрсөн долоо хоногт яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын албан тушаалын тодорхойлолтууд Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар танилцуулагдаж, зөвшөөрлөө авсан. Албан тушаалын тодорхойлолт нь батлагдсаны дараа ЗГХЭГ-аас манайд захиалга ирүүлж, энэ захиалгынх нь дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

Үргэлжлэлийг ЭНД-ээс уншина уу

Ш.АДЪЯАМАА


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж